Categories
мэдээ нийгэм

Боловсрол, сургалтын байгууллагын удирдлагууд цахимаар хуралдлаа

Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг угтан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны зүгээс орон нутгийн боловсрол, сургалтын байгууллагын удирдлагуудтай цахим уулзалтыг зохион байгууллаа. Цахим хурлыг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ нар удирдаж, аймаг, нийслэлийн боловсролын газар, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд оролцов.

Ерөнхий боловсролын сургалтын чанар, үр дүнг тодорхойлж, бодлого, төлөвлөлтийг сайжруулах зорилгоор боловсролын чанарын үнэлгээний судалгааг 2014 оноос үндэсний хэмжээнд түүврийн аргаар зохион байгуулж ирсэн бөгөөд өнгөрсөн хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн IX ангид суралцагчдыг 100 хувь хамруулсан юм. Өнөөдрийн цахим хурлаар чанарын үнэлгээний судалгааны үр дүнг танилцуулж, аймаг, дүүргүүд, түүний дотор сургуулиуд манай сургалтын чанар ямар түвшинд байна, бид хүүхдийг агуулгын хоцрогдолгүй сургаж чадаж байна уу, багш нар маань мэргэжлийн шаардлага хангаж байна уу зэрэг асуудлыг эргэцүүлэн бодож, сургалтын чанарыг сайжруулах гарц, шийдлийг ярилцав.

Мөн Боловсролын чанарын үнэлгээний судалгааны үр дүнг сургууль, багш нарт ил тод, нээлттэй болгох, даалгавар бүрт шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор Боловсролын үнэлгээний төвөөс “Чанарын үнэлгээний статистик” програм хангамжийг ашиглахад бэлэн болсныг Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат танилцууллаа.

Өөр нэг онцлог гэвэл, БСШУС-ын яам өнгөрсөн жил, энэ удаа ч улсын тэргүүний сургуулийг шалгаруулаагүй нь ийнхүү сургалтын чанар, үр дүнд суурилсан байгууллагын үнэлгээний системийг хөгжүүлэх бодлого баримталж буйтай холбоотой юм. Цаашид боловсролын сургалтын байгууллагын үнэлгээний үндсэн үзүүлэлт нь чанарын үнэлгээний үр дүн байх бөгөөд шинэ зууны ур чадварыг сурагчдад төлөвшүүлж буй үйл ажиллагааг ч мөн голлох үзүүлэлт болгон авч үзнэ. Ийм учраас 2019-2020 оны хичээлийн жилийн зорилтод ээлжит хичээлийн бэлтгэлийг чанартай ханган, зохион байгуулах чиглэл баримталж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *