Categories
мэдээ цаг-үе

“Болор цом-32” наадмын шилдэг таван шүлгийг толилуулж байна

“Болор цом” наадамд нийт 34 яруу найрагч оролцсоноос тэргүүн байрын шагналыг яруу найрагч Б.Мягмаржав хүртсэн билээ. Тус наадмын сүүлийн шатанд тунаж үлдсэн шилдэг шүлгүүдийг уншигчдадаа хүргэж байна.

ТЭНГЭРИЙН ТАТАХ ХҮЧ

Дэнхэл донхолтой амьдралд бүдэрч унахын цаг дор

Дээлийн минь захнаас татаж, тэнгэр намайг босгосон юм

Уйлсан нулимсыг минь тосож аваагүй тэнгэр

Дуулсан дууг минь түрж цуурайлсан юм

Уулга алдахдаа дууддаг хөх тэнгэртээ

Ухаант тархи минь хамгийн ойрхон явдаг

Чоно улихад толгойн үс босч, тэнгэрт улам ойртон

Чонос удмаа тэнгэрийнх гэдэгт итгэдэг би

Эх болсон зургаан зүйлийг энэрэхүйн ухаанаар

Ээтэн гутлын минь хоншоорыг тэнгэр дээш нь татсым

Өвөг балрын олж ирсэн халуун амь гал голомтыг

Өөрийгөө шатаан байж, тэнгэр дээш нь дүрэлзүүлсэн юм

Эх газрын татах хүчтэй булаалдан байж

Эгц өндөр Алтайн уулсыг тэнгэр татаж босгосон юм

Нүүх үүлсэн зузаан хэвнэгийг сүлбэж гарсан

Нүсэр хотын хээнцэр шилтгээнийг ч тэнгэр татаж босгосон юм

Сарныхаа сүүн гэрлээр хөхүүлэн байж

Нарныхаа халуун алгаар өргөж өсгөсөн тэнгэр минь

Сая живаа оддоо хүний нүдэнд харуулаагүйсэн бол

Сансрын хөлгийг бид яах гэж бүтээх юм бэ?

Хүлэг морь, хийморь хоёроо давхил дундаа юүлсэн

Хүннү эцэгтэй Монголын үрс билээ, бид

Хөрст дэлхийн татах хүчинд

Хөлөө майга болтол татуулсан ч

Зовхиноосоо бол тэнгэр өөдөө татуулсан

Зоригт өвгөдийн үр сад билээ, бид

Газрын зоог хүлгийнхээ нуруу шиг хайрлан

Гангар хун шиг гэртэйгээ нисэн буун жаргасан

Энгэр газраа дэрлэн өвгөдийн бие шингэлээ ч

Тэнгэр таны хэвлийд бурхан сүнс залармой

Б.Мягмаржав

ЧОНО ОРД

Огторгуйн жингүйдэлд үүрнээсээ төөрсөн

Өндөгний хувьтай гаригт

Чоно ордноос зарлигдсан дэлхийн жин зорголд

Чоно ордынхон ирээд хэдэн галав өнгөрч байна.

Бэхэн цэнхэр тэнгэрээс ирсэн зам минь эдгээгүй

Сүүн зам нь зурайж байхад

Бичин гаригийн амьтас эсийн чинээ торниогүй,

Сүнс нь бүрэлдэж амжаагүй байхад

Энэхэн замбутивийг эзэгнэж явсан монголчууд

Энд тэнд нийлэлдээд бусдын галд дулаацаж байна

Улангассан шуурганд уруулж

Урд хойноосоо тасдуулсанч

Усан галавын хуртай хөх үүл нүүдэл Монгол

Өндөр дээд өвгөнийхөө гал тулгалсан газар дээр

Өнчин байхынхаа тухай уйлагнаж хэлээд удлаа.

Ундаалж буй марлын нүдэт охид

Ульж буй чоныг санагдуулам эрс

Эвий гоо хатдынхаа залбирч бүтээсэн оронд

Эзэн Чингэс хааныхаа зандарч хураасан гүрэнд

Хасаг тэрэгний мөөр шиг даяар тэнцүү зарлиг дор

Хамаг улсыг төвшитгөөд хэдэн зуун өнгөрч байна.

Туурайн хурцад эсгэгдсэн газрынх нь шарх аниагүй байхад

Тугны минь өмнө сөхөрсөн өвдөгнийх нь бохироо арилаагүй байхад

Ил булхайг дарангуйлсан түрэмгий хөх түмэн минь

Энд тэнд тараад алсын газарт амьдарч байна

Татсан нум уулынхаа зэв төдий овоондоо

Тандаан, маньдаагаан шивнэсэн олохын донгоо орхиж

Бүрий барай зүүднээс ч уйлуулж сэрээдэг Монголоо

Бүтэн болохыг хүлээж арай ч дэндүү удлаа

Мөсөн галав, усан галав, галан галав

Мөддөөн төгсөхгүй орчлон байтал

Элгийг минь эмтэлж, эсийг минь задартал санагдах

Их Монголын минь заяа хэзээ юм бэ, эх орон.

Ц.Эрдэнэбаатар

АДИЛХАН

Мөс хайлах,

Сэтгэл цэлмэхтэй адилхан

Мөргөлчин зовж ирэх

Мөрөн гол урсахтай адилхан

Мөндөр шаагиж орох

Ой шуугихтай адилхан

Мөдхөн ирэх он жилүүд

Зуун зуунд адилхан

Дүнсийсэн уулс хичнээн хуучравч

Дүрстэйгээ адилхан

Дүр төрх бүдгэрэх

Шувууд буцахтай адилхан

Нуурын цэнхэр ахуй

Түмэн тэрэг эрдэнэстэй адилхан

Нулимсны өчүүхэн дусал

Түмэн тэмээ давстай адилхан

Эгэл царилаар даваа гаргах

Эгэлгүй шүлэг бичихтэй адилхан

Эсгий гэрт хүн төрөх

Элсний ширхэгээр бурхан бүтээхтэй адилхан

Үсэг бичигтэй нэгэн насаар нөхөрлөх

Үүрд амьдарсантай адилхан

Үр садөтгөрөх

Үндэс нахиа үргэлжлэн цөлийг хучихтай адилхан

Үүлс тэнгэрт хөлхөх

Үртэй хүн газарт амьдрахтай адилхан

Үүр манхайн цайх

Үүрсэн ачаагаа эмгэн хүн буулгахтай адилхан

Аглагт даяанчлах хуврага

Зөөлөн зөөлөнсалхитай адилхан

Амандаа шивнэх үг

Зүрх сэтгэлтэй адилхан

Өмссөн хувцас гандаж хуучрах нь

Өвөл цас их орохтой адилхан

Өвдөж шаналсны эцэст илаарших

Үзмийн талбай улайхтай адилхан

Өөрийнхөө буруутай учрах

Ачлалт багшаа олсонтой адилхан

Элэнц хуланцын минь онгон үл олдох

Эр хүний хүсэл биелэхтэй адилхан

О.Цэнд-Аюуш

АВДРЫН ЦЭНХЭР УУЛ

Хол оогэвэл тал,

Хорвоо гэдэг хол

Ойр оогэвэл уул

Орчлон гэдэг үүл

Хомоолон чинээ зүрх

Хоргодож үлдээд шатах

Авдрын цэнхэр уулнаас

Аргалын утаа үнэртэх

Айлууд алга.

Аян дайны хөлөөс

Алдуурсанюм шиг алга

Алтны униар татаад,

Ар Шавартын толгод нүүчихсэн юм шиг алга

Чулуугаар мал шидүүлдэггүй

Чулуун бор өвгөд минь чулуу болоод алга

Адуу дааганы туурайгаар эмтэлж

Алтан дээр эрхэлж өссөний бурууг

Өөрөө өөрөөсөө нэхэхээс

Өөр хариуалга

Үйрчихнэ чинээ бодоогүй

Үүцэн цэнхэр уулс

Үхэр тугалын аргал шиг

Үүгэж хийсэхийннаана

Дуусчихна чинээ санаагүй

Дууны мөнгөн түрлэг шиг

Ээвж, Номтын гол

Эргэж урсах нь хаана

Хомоолон чинээ зүрх минь

Хоргодоод л, шатаад л

Авдрын цэнхэр уулнаас

Аргалын утаа үнэртээд л

Малгай нь гандсан, цаг хугацаа

Манан дунд шоволзоно, товолзоно

Аавын минь гэрийн бууриар цагираг хэлхэж

Агаарт орон зай тоглоно

Орон зай тоглоно…

М.Баттөмөр

МЕССЕНЖЕРТ

Ts.B: …Наана чинь тэгээд бороо ороод л байна уу?

L.M:Энд бороо орох нь хувин хувингаар

Дээрээс пал хийтэл асгаж байх шиг

Үлгэрлэвээс ширхэг нь ганцхан том

Үрэл шиг, үүрд дуугүй амьтдын нүд шиг аймшигтай юм аа

Үдшийн саравчиндаа хүмүүс нь

Өнөөх миний харсан бороон дундах амьтны биеийг

Үлэмж тайвнаар зажилж утаа суунаглуулаад

Үнэхээр хачин, буяныг ч бодохгүй сууцгаах юм аа

Хүүхэд харагдах нь ч цөөн

Хүүхнүүд нь том гэдэстэй дайралдах нь ч ховор

Шүхэрт дүүжлэгдсэн нарийн дүрснүүд л

Шөнийн гудамжиндаа авирцгаах юм аа

Энд бороо биш далай дээрээс асгардаг гэж

Би тэгээд бодлоо

Энд далай биш далайн эх болсон амьтдын нүд

Дандаа ирж үрсээ нэхэж уйлдгийг би бас мэдэрлээ

Би шүхрээ дэлгэхчээн болж дээрээ барьсаар

Шөнийн 12 цагт л сая амьдардаг байрандаа ирлээ

Үнэндээ энд далай ирж цутгах бүрий

Үлэмжийн их маани уншиж залбирмаар юм байна шүү дээ.. kkk

Ts.B: Хэ хэ, … далайн амьтан идэж сураа, талын ахуйгаа хааяа март аа. …

Last message received on 7/9/2011 at 1:09 AM

Л.Моломжамц

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *