Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучууд, насанд хүрэгчдийг спорт, сургалтаар дамжуулан хөгжүүлэх, нийгэмшүүлэх, нийгэмд зөв хандлага бий болгох зорилготой “Боломжийг Бүгдэд” төслийн үйл ажиллагаа 3-р сарын 18-20-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод болох гэж байна.
Төслийн хүрээнд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нийгмийн халамжийн мэргэжилтнүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хариуцсан нийгмийн ажилтан, тусгай сургууль, бүлгийн багш нар, оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчид, оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг биеийн тамир, спортын арга хэмжээ, эрүүл мэндийн үзлэг, танин мэдэхүй, хөгжлийн сургалтад хамруулах юм.
“Боломжийг Бүгдэд” төслийг Монголын Тусгай Олимпын хороо, Улаанбаатар Ротари Клуб санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд Мобиком Корпорац ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд гол ивээн тэтгэгчээр оролцож байна.
Монгол улсын хүн амын 2-3 хувь нь оюуны бэрхшээлтэй гэсэн ДЭМБ-ын тооцоолол байдаг бөгөөд тэдгээрийн 70 гаруй хувь нь 0-35 насныхан юм. Харамсалтай нь тэдгээр хүмүүсийн зөвхөн 4% нь буюу 2’000 орчим нь тусгай сургууль, цэцэрлэг, ангид хамрагдаж байгаа бөгөөд үлдсэн 96 хувь нь ямар ч боловсрол, ажил эрхлэлт, эрүүл мэндийн тэгш үйлчилгээ хүртэж чадахгүй, гэрээр, ихэнх нь хүнд хэцүү нөхцөлд амьдарч байна. Энэ байдал алслагдсан дүүрэг, хороо, хөдөө орон нутагт илүү хурцадмал байгаа тул төслийн багийнхан эхний ээлжид Говийн болон Зүүн бүсийн 7 аймгийг сонгон төслөө хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Тэд 3-р сарын 11-13-нд Говийн бүсийн 4 аймаг буюу Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймагт чиглэсэн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан. “Боломжийг Бүгдэд” төсөл нь төрийн бүс байгууллага, төрийн байгууллага болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд энэ загварыг жишиг болгон бусад бүс нутгуудад хэрэгжүүлэхээр хэтийн зорилго тавьжээ.
Бид удахгүй Дорнод аймгаас төслийн талаар сурвалжилга бэлтгэн та бүхэндээ хүргэх болно.