Categories
гадаад мэдээ

Боливийн сонгуулийн эргэн тойронд

Боливийг 14 жил удирдсан Э.Моралес энэ сарын 10-нд огцрохоо мэдэгдсэн. Үүний дараа Ж.Аньес ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэхээр болсон билээ. Саяхан Боливид болсон ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардсан гэж Э.Моралесыг шүүмжлэн иргэд эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Гурван долоо хоног үргэлжилсэн тэмцлийн дүнд Э.Моралес огцрохоо мэдэгдэж, хожим Мексикийг зорьсон. Харин Ж.Аньес албыг нь түр орлох болсон. Тэрээр “Би Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахын тулд л энэ үүргийг гүйцэтгэж байна. Улс орноо тогтвортой байлгахын тулд хүчин чармайх болно. Боливичууд чөлөөт ардчилсан нийгэмд амьдрах эрхтэй” гэж мэдэгдэж байв. Боливийн шинэ тэргүүн 90 хоногт багтан бүх нийтийн санал хураалт явуулахаа амлав.

Тус улсын Үндсэн хуулиар бол төрийн тэргүүн огцорсон тохиолдолд дэд ерөнхийлөгч нь орлох ёстой. Гэвч тус улсын дэд ерөнхийлөгч Альваро Гарсия Линера мөн огцрохоо мэдэгдсэн. Түүний араас Боливийн хэд хэдэн өндөр албан тушаалтан огцорч буйгаа мэдэгдсэн. Тиймээс Э.Моралесыг орлох үүрэг 52 настай Ж.Аньест оногджээ. Тус албанд томилогдохын өмнө тэрээр Боливийн Сенатын танхимын хоёрдугаар орлогч даргын албыг хашиж байжээ.


Ж.АНЬЕС ГЭГЧ ХЭН БЭ?

Улстөрч, хуульч мэргэжилтэй тэрээр Бени мужаас сенатчаар сонгогдож байв. Э.Моралесыг хүчтэй шүүмжлэгч, эсэргүүцэгч гэдгээрээ олонд танигдсан. 1991 онд ажлын гараагаа “Тоталвижн” телевизэд хөтлөгчөөр эхлүүлж байж. 2006-2008 онд Үндсэн хуулийн Харти буюу хуулийн төслийг боловсруулах багт нэгдэн ажиллаж байв. Харин 2010 онд Боливийн парламентын дээд танхимын гишүүнээр сонгогдсон. Тэрээр арваннэгдүгээр сарын 12-нд албан ёсоор үүрэгт ажилдаа оржээ. Түүний нөхөр Эктор Эрнэндо Инкапье нь Колумбын улстөрч юм байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ БА ЖАГСААЛ

Өмнөд Америкийн тус оронд өнгөрсөн аравдугаар сарын 20-нд ерөнхийлөгчийн сонгууль болсон юм. Сонгуульд Э.Моралес ялсан ч түүний гол өрсөлдөгч, ерөнхийлөгч асан Карлос Меса сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байв. Үүний дараа Боливийн сөрөг хүчнийхэн жагсаал зохион байгуулах болсон. Эсэргүүцлийн давлагаа газар авч, ажил хаялт зарласан билээ.

Арми, сөрөг хүчин, үйлдвэрчний эвлэлүүд Э.Моралесыг огцрохыг шаардаж байв. Жагсаалын үеэр жагсагчид болон хэв журам сахиулагчдын хооронд мөргөлдөөн болсон. Үймээний үеэр 23 хүн амиа алдсан, 715 хүн бэртжээ. Боливийн ерөнхийлөгч Э.Моралес аргагүйн эрхэнд огцрохоо мэдэгдсэн. Мексикийн тал түүнд орогнох эрх олгох болсноо зарлаж, түүнийг авахаар тусгай онгоц илгээж байв.

Боливд одоо ч эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна. Энэ удаад Э.Моралесыг дэмжигчид жагсаал зохион байгуулж байгаа гэнэ. Түүнчлэн, Эль-Алто хот болон үйлдвэрийн эргэн тойрны нутаг дэвсгэрт эмх замбараагүй байдал өрнөөд байгаа аж. Тиймээс нийслэл хот руу шатахуун нийлүүлэх боломжгүй болсон тухай мэдээлэл хөвөрч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *