Categories
гадаад мэдээ

​Болгар улс ковидтой өвчтөнүүдээ эмчлүүлэхээр гадаад руу илгээж болзошгүй байна


Коронавирусийн цар тахлын дөрөв дэх давлагаа Балканы хойгийн Болгар улсын эрүүл мэндийн системд хүнд цохилт болж байна.

Удахгүй эрүүл мэндийн систем нь ачааллаа даахгүй болох тул өвчтөнүүдээ гадаад улсууд руу эмчлүүлэхээр илгээх талаар ярилцаж байгаагаа Болгарын эрүүл мэндийн сайд бямба гаригт мэдээлжээ.

Одоогийн халдвар тархалтын хурд энэ хэвээр үргэлжилбэл 10-15 хоногийн дараа байдал хүндрэхийг эрүүл мэндийн сайд Стойчо Кацаров орон нутгийн телевизийн сувагт ярьсан байна.

“Манай эмч ажилтнуудын тоо, амьсгалын аппаратын тоо хүрэлцэхгүй болсон тул бид гадаад орнуудаас тусламж гуйхаас өөр аргагүй боллоо. Өвчтөнүүдийг гадаад руу илгээх талаар Европын Холбоотой ярилцаж байна” гэж тэр хэлжээ.

Үүнээс гадна хатуу хөл хорионы дэглэм тогтоохыг Кацаров үгүйсгээгүй байна.

6.9 сая хүн амтай Болгар улсад өдөрт 5,000 орчим халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа ба хоёр долоо хоногийн дараа 9,000 хүрэх магадлалтай гэж тооцоолжээ.

Нийтдээ 23,000 орчим хүн коронавирусийн халдвараар нас барсан нь хүн амтай харьцуулахад дэлхийд дээгүүр орох муу үзүүлэлт юм.

Цар тахлаас гадна улс төрийн хямрал Болгар улсад сүүлийн нэг жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа. Ирэх сард тус улс парламентын сонгуулийн санал хураалтаа зохион байгуулах гэж байгаа нь энэ онд гурав дахь нь болж байна.

Болгар болон түүний хөрш Румын улсууд вакцинжуулалтын явцаар Европын Холбоонд сүүл мушгиж байгаа. Вакцины талаар худал хуурмаг мэдээ иргэдийн дунд их тарж байгаа нь үүнтэй холбоотой.

Одоогоор Болгарын хүн амын 24 хувь, Румыний хүн амын 33 хүрэхгүй хувь вакцинжуулалтад хамрагджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *