Categories
мэдээ улс-төр

БОХХААБХ дөрвөн асуудал хэлэлцлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 40 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хорооны дарга Ц.Гарамжав хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулахдаа ажлын хэсэг нь хуралдаж амжаагүй учир Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулсныг мэдэгдэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалуудыг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн горимын санал оруулсан юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 нь уг горимын саналыг дэмжив.

ТОГТООЛЫН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙВ

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун гэж өөрчлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол холбогдох ажлын хэсгийн хамт оролцов.

Хэлэлцэж байгаа тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ асуулт асуусан юм. Үүний дараа Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун гэж өөрчлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм.

Тухайлбал, Хэнтий Хаан уулын нэрийг Бурхан Халдун гэж өөрчлөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэрийг, Монгол Улсын газар зүйн нэрийн жагсаалтыг батлах тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжсэнгүй. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Я.Санжмятав нарын хувьд уулынхаа нэрийг өөрчилсний дараа Монгол Улсын газар зүйн нэрийн жагсаалтыг батлах тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн юм.

Харин Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт”-ын Хэнтий Хаан уул, Hetii Haan uul, Хэнтий, Өмнөдэлгэр гэснийг Бурхан Халдун уул, Burkhan Khaldun uul, Хэнтий, Өмнөдэлгэр гэж өөрчилсүгэй гэсэн саналын томьёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ.

Иймд Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН АНХНЫХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ

Үргэлжлүүлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж байгаа тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Байнгын хорооны дарга Ц.Гарамжав зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалгасан юм. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 3 дугаар зүйлд заасан “Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй” гэснийг хуулийн хэрэгжих хугацааг ердийн журмаар гэж өөрчилснийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжив. Түүнчлэн хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчныг хамгаалах тухай, Ойн тухай, Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн 2 дугаар зүйлд заасан “Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй” гэснийг хуулийн хэрэгжүүлэх хугацааг ердийн журмаар гэж өөрчилснийг хуралдаанд оролцсон гишүүд 92.3 хувиар дэмжлээ.

УИХ-ын гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй өөр саналын томьёолол ирүүлээгүй тул хуулийн төслийн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар болов.

Дараа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн үйл ажиллагааг зохицуулах журам батлах эрхийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд олгохоор хуулийн төслийг боловсруулсан билээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Я.Содбаатар энэ жил Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хэдэн төгрөг орж ирэхийг тодруулахын зэрэгцээ хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах журам, төсөлд бүрдүүлэх материалыг тодорхой болгох хэрэгтэйг анхааруулж байлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, “Одоогоор жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс 1590 орчим санал, 150 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирээд байгаа. 2017 онд 20 орчим тэрбум төгрөг орж ирэх хэдий ч зээлийн эх үүсвэр хүндрэлтэй байгаа. Бидний хувьд хуулийн төсөлд өөрчлөлт оруулсны дараа хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах журам, төсөлд бүрдүүлэх материалыг тодорхой болгох талаархи асуудлыг судлаж шийдвэрлэнэ. Ер нь Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийхээр ажиллаж байгаа гэж хариулсан юм.

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй учир Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны анхны хэлэлцүүлэг хийсэн талаархи санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар болов.

Үүний дараа Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалуудыг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцсэн юм. Ингээд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах ажлын хэсгийн ахлагчаар Г.Тэмүүлэнг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *