Categories
мэдээ улс-төр

БОХХААБХ:Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2023.11.08/ хуралдаан 09 цаг 58 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй  эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааныг Байнгын хорооны дарга Б.Саранчимэг даргалж, хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсны дараа Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сард Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, ургац хураалтын үеэр 10 гаруй хоног бороо орсны улмаас ургацын чанарт нөлөөлсөнтэй холбогдуулан намрын ургац хураалтын дүн, чанар, борлуулалтад дэмжлэг үзүүлэх чиглэлээр салбарын яамны мэдээлэл сонсох асуудлыг 11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглаварт багтаах нь зүйтэй гэсэн санал хэлсэн.

Байнгын хорооны дарга Б.Саранчимэг, “Ургац хураалтын дүн мэдээлэл, ургацын чанар, борлуулалттай холбоотой Хүнс, хөдөө аж ахуйн мэдээллийг ирэх 7 хоногийн хуралдаанаар сонсох, шаардлагатай гэж үзвэл Ажлын хэсэг гарган ажиллах бүрэн боломжтой” хэмээн хариулсны дараа Байнгын хорооны тогтоолын төслийг батлах эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Уг тогтоолын төсөлд Байнгын хорооноос 11 дүгээр сард Органик бүтээгдэхүүний тухай,  Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх, хяналт, шалгалтын чиглэлээр Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт болон ус ашиглалтын талаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг болон Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг хуралдуулахаар төлөвлөсөн байв.

Дараа нь Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн  Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан юм.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулж Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ хийлээ.

Тэрбээр танилцуулгадаа, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Ц.Идэрбат, Ц.Туваан болон ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнд холбогдох байгууллагын албан тушаалтнууд ажилласныг тодотгоод Ажлын хэсэг 2023 оны 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд тус тус хуралдсан гэж байлаа.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх 12, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх 8, хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн талаар  зарчмын зөрүүтэй 10 санал, найруулгын 8 санал боловсруулсныг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцолсон.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Г.Ганболд, Ж.Батжаргал, Б.Бейсен, Н.Наранбаатар нар хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсан.

Ингээд Ажлын хэсгээс бэлтгэсэн Олон улсын худалдааны чөлөөт байдлыг дэмжих болон улс, бүс, нутагт тархсан өвчнөөс хамгаалах, тэмцэх зорилгоор хамгаалалттай аж ахуйд мөрдөх биохамгааллын нийтлэг зааврыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга өвчин тус бүрээр батлах, хамгаалалттай аж ахуй нь дээрх зааварт нийцүүлэн өөрийн үйл ажиллагаанд мөрдөх биохамгааллын зааврыг баталж мөрдүүлэх, Мал, эмнэлгийн хяналтын байцаагчийн эрхийг төрийн захиргааны төв байгууллага олгохоор заасан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуультай зөрчилдөж байгаа тул тус заалтыг хасах, эрсдэлийн үнэлгээ хийх журмыг Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах, Гаалийн байгууллага улсын хилээр нэвтрүүлсэн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг тогтоосон хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахимаар хүргүүлдэг байх, эрсдэлийн үнэлгээг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон мэргэжлийн баг бус эрх бүхий албан тушаалтан гүйцэтгэдэг байх зэрэг агуулгатай зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг явуулав.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *