Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр /3-р сарын 10/ 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнан Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийлээ. Байнгын хорооны дарга Су.Батболд гишүүний мэдээлснээр бол тус хороо тайлангийн хугацаанд 12 удаа хуралдаж, давхардсан тоогоор 18 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 3 тогтоолын төсөл, сайдын мэдээлэл 5, албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудал 5-ыг тус тус хэлэлцэн, 2 хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулсан байна. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын /дэд/ хэсэг 7 удаа хуралдаж тайлан, танилцуулга бэлтгэн, Байнгын хороогоор хэлэлцүүлж, Байнгын хорооны 3 тогтоол батлан гаргажээ.
Мөн Байнгын хорооноос энэ хугацаанд хуулийн төслийн талаар 1 сургалт-семинар, 4 уулзалт, ярилцлага зохион байгуулсан байна.
Тус хороо хууль, Улсын Их Хурлын тогтоолын хэд хэдэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсний дотор Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг энэ оны 2 дугаар сарын 18-ны өдөр батлуулсан тухайд Байнгын хорооны дарга Су.Батболд онцлон ярьсан юм. “Урт нэртэй хууль” хуулийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардлагатай байсан тул Байнгын хорооны 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 20/20 тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Д.Арвинаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд тус хэсэг хоёр жил ажиллахдаа уг хуулийг бүхэлд нь өөрчлөх бус харин түүнийг хэрэгжүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, маргаан дагуулсан асуудлуудыг цэгцлэн журамлах, гол усаа хамгаалах чиглэлээр тодорхой хязгаарлалт, болзол тавихад анхаарч ажилласан байна.
Хууль тогтоолын төслийн хэлэлцүүлэгтэй холбоотой өөр нэг чухал ажил бол Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажил юм. Уг төсөлд Монгол орны ойн экологийн тэнцвэрийг хадгалах, нөөцийн хомсдолыг зогсоох, байгаль экологийн онцгой ач холбогдолтой болон доройтсон газар нутгийг ойжуулах, ойн санг арвижуулах, ойн нөөцийг иж бүрэн ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг бий болгох зохицуулалтуудыг тусгасан байна. Энэ чиглэлээр Байнгын хорооны 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01 тоот тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн С.Оюунаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа аж.
Дээрх хуулиудаас гадна Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлэг, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Зөвшөөрлийн тухай, Хөрөнгийн албан татварын тухай, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Тогтоолын заалт хүчингүй болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороонд хүргүүлжээ.
Байнгын хорооны дарга Су.Батболд мөн 2015 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагаатай танилцаж, тус яамны сайд, газар, хэлтсийн ажилтнуудтай уулзан, салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, эрх зүйн орчныг сайжруулах, цаашид хуулийн хэрэгжилтийг хангах талаар хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон байна.
Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо монгол орны ойн цэвэрлэгээний талаар авах арга хэмжээний тухай Байнгын хорооны 2014 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 04 тоот тогтоолын хэрэгжилтийн талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын мэдээллийг, Намрын ургац хураалт болон мал аж ахуйн 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайдын мэдээллийг, Туул голын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Байгаль орчны сайдын мэдээллийг тус тус сонсож, холбогдох байгууллагуудад хуралдааны тэмдэглэлээр үүрэг, чиглэл өгсөн байна.
Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тогтоол 1, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргыг сонгох тогтоол 1, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах тогтоол 1, -нийт Байнгын хорооны 3 тогтоол баталжээ.
Мөн тус Байнгын хороо нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай хамтран 2015 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Цэнгэг усны төвд “Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, чадавхийг бэхжүүлэх, олон нийтийн оролцоог дэмжих нь” сэдэвт сургалт-семинар зохион байгуулсан байна.
Байнгын хорооны мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуудлаа тодруулан лавлаж, хариулт авсан бөгөөд Улсын Их Хурлын хаврын чуулганаар тус хороо Ойн тухай хууль, хүнс, хөдөө аж ахуй болон газар тариалангийн салбарын талаар төрөөс баримтлах бодлого, мал эмнэлгийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж батлуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж Улсын Их хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.