Categories
мэдээ улс-төр

“Богд хаан” төмөр зам, ложистикийн төв төслийн талаар хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү өнөөдөр буюу есдүгээр сарын 5-нд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Лондонд суурьшсан зам тээвэр хариуцсан ахлах банкир болон дэд захирал Виталий Кузнецовтой уулзлаа.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь Монгол Улстай 20 гаруй жил хамтран ажиллаж, үйл ажиллагаа явуулж байгааг ноён Виталий Кузнецов онцлоод хоёр долоо хоногийн өмнө тус банкны хотын дэд бүтэц хариуцсан банкир Улаанбаатар хотод ирж, Монголын төлөөллүүдтэй уулзсныг хэллээ. Харин энэ удаад тээвэр хариуцсан банкирын хувьд ирсэн гэлээ.

Уулзалтын үеэр Улаанбаатар хотын урдуур тавихаар төлөвлөсөн “”Богд хаан” төмөр зам, Улаанбаатар ложистикийн төв болон хатуу хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх төслийн талаар ярилцлаа.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Лондонд суурьшсан зам тээвэр хариуцсан ахлах банкир болон дэд захирал Виталий Кузнецов “Бидний хувьд Монгол Улсын Засгийн газар болон Улаанбаатар хотын зүгээс тэргүүлэх чиглэл болгож ирсэн “Богд хаан” төмөр зам, ложистикийн төв гэсэн хоёр төслийг хөгжлийн хувьд ч эдийн засгийн хувьд ч үр өгөөжтэй, хэрэгцээтэй төсөл гэж үзэж байгаа. Харин хэрэгжүүлэх том баг хэрэгтэй гэж харж байна. Танай хотын хувьд энэ төслүүдийг цааш нь хэрэгжүүлэх тал дээр ямар байр суурьтай байгааг сонсмоор байна” гэсэн юм.

Нийслэлийн Засаг даргын дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү хэлэхдээ “”Богд хаан төмөр зам” төсөл эдийн засаг, стратегийн хувьд чухал учраас бид цааш үргэлжүүлэхийн төлөө ажиллана. Ложистикийн төвийн ажлыг ч ургашлуулна. Иргэдийн сайн сайхны төлөөх төсөл хөтөлбөрүүдийг бид үргэлжлүүлэх болно гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Энэ сарын сүүлээр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд Ерөнхийлөгч Улаанбаатар хотод айлчлах болсныг ноён Виталий Кузнецов дуулгаад энэхүү уулзалт маш үр дүнтэй болсныг онцоллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *