Бүгд Найрамдах Турк Улс тунхагласны 96 жилийн ойн баярын хүлээн авалтыг тус улсын Элчин сайдын яамнаас өчигдөр буюу энэ сарын 29-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Баярын хүлээн авалтад УИХ-ын гишүүд, гадаад улсаас Монгол Улсад сугаа Элчин сайдууд, Монголд амьдарч буй турк иргэд оролцов. Дэлхийн I дайны улмаас задарсан Османы эзэнт гүрний суурин дээр Мустафа Кемал Ататурк 1923 онд БНТУ-ыг байгуулснг тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язал хүлээн авалтын нээлтийн үеэр онцлов.
Тэрбээр, “Өнөөгийн дэлхий дахинаа өрнөж буй үйл явдлуудаас үүдэн усл орнууд харилцан хүндлэл, эв нэгдлээ илэрхийлэх нь чухал болжээ. Учир нь, хүн төрөлхтөний бүтээн бий болгож, хадгалан хамгаалж буй бүхий л үнэт зүйлсэд терроризмыг ашиглан зорилгодоо хүрэх гэсэн хүмүүс заналхийлж байна. Туркийн Зэвсэгт хүчин Турк- Сирийн хилийг аюулгүй болгож, терроризмын заналхийлэл учруулахааргүй болгож чадлаа. АНУ-ын зэвсэгт хүчин “Исламын Улс” бүлэглэлийн тэргүүнийг устгасан тухай мэдээг бид саяхан хүлээн авлаа. “Исламын улс” бүлэглэлийн заналхийлэл, Сири дэх байлдаанаас үүдэн гэр орноосоо дайжихад хүрсэн 4 сая Сири болон Ирак дүрвэгчийг манай улс хүлээн авсан. Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлууд Сири дэх байлдааныг эцэслэх арга замыг олох чухал алхам болж, дайны хөлд үрэгдсэн олон сая гэмгүй иргэдийн зовлон шаналал дуусч, гэртээ харих боломж бүрдэнэ гэдэгт итгэж байна. Бид эх дэлхийн энх тайванд хувь нэмрээ оруулдаг орчин цагийн, ардчилсан, шашнаас ангид, хөгжингүй Бүгд найрамдах улсын төлөө юуг ч үл ажран зүтгэх болно” хэмээв.
Мөн тэрбээр Монгол, БНТУ дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг энд онд тэмдэглэж буйг онцлов. Ойн хүрээнд өрнүүлсэн ажлуудаас “Турк Эйрлайнс” компани Улаанбаатар-Истанбул хооронд ирэх оны нэгдүгээр сараас эхлэн долоо хоногт гурван удаа шууд нислэг үйлдэхээр тохирсон нь хоёр орны эдийн засгийн харилцааг хөгжүүлэх бодит алхам болсныг дурдав. Энэ талаар Элчин сайд, “Шууд нислэгтэй болсноор монголчууд Истанбулаар дамжин дэлхийн 120 гаруй орон руу нисэх боломжтой болж буй юм. Түүнчлэн шууд нислэг хоёр орны худалдааны эргэлтэд томоохон нөлөө үзүүлнэ гэж тооцож байгаа. Улаанбаатар-Истанбулын хооронд өдөр бүр шууд нислэгтэй болсон тохиолдолд “Турк Эйрлайнс” компани Монгол Улсад жилд 100 сая ам.долларын орлого оруулах боломжтой гэсэн тооцоолол бий. Эхний удаад долоо хоногт гурван удаа нислэг үйлдэх боловч Монголын тал дээрх боломжийг олж харж, давтамжийг нэмэх асуудлыг хөндөнө гэсэн хүлээлт бидэнд бий. Түүнчлэн БНТУ руу Монголын агаарын тээврийн компани нислэг үйлдэж эхлээсэй гэж хүсэж байна” гэлээ.
Монгол, БНТУ-ын хамтын ажиллагаа дипломат харилцаа тогтоосон 50 жилээр тогтохгүй бөгөөд олон зууны баялаг түүхтэй гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцолсон. Тэрбээр, “Сүүлийн 20 жилд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхжин, Иж бүрэн түнглэлийн хэмжээнд хүрлээ. Монгол Улс БНТУ-тай улс төр, эдийн засаг, боловсрол зэрэг бүхий салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьдог. БНТУ-д дээд боловсрол эзэмшсэн 2000 гаруй залуус улсынхаа бүхий л салбарт амжилттай ажиллаж, хоёр орны харилцааны гүүр болж байна” хэмээсэн юм.