ГХЯ-ын Консулын газрын дарга Ш.Сүхбаатар БНСУ-ын визний журамд оруулсан өөрчлөлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. БНСУ-д энэ оны эхээр УИХ-ын дарга З.Энхболд, гуравдугаар сард Гадаад харилцааны сайд Л.Болд нар ажиллаад ирсэн.
Энэхүү хурлаар БНМАУ, БНСУ хооронд иргэд харилцан зорчих нөхцлыг хөнгөвчлөх, энэ чиглэлээр тодорхой ахиц дэвшил гаргах асуудлыг тулж ярьсан гэнэ. Хоёр орны харилцааг харгалзан үзэж, БНСУ-ын визний журамд өөрчлөлт оруулжээ.
Солонгос руу явах хүсэлтэй монгол иргэд барьцаа болгон банкинд их хэмжээний мөнгө байршуулдаг байсан. Иргэдээс ч энэ талын гомдол их байсан аж. Өнгөрсөн хоёрдугаар сард урилгагүй тохиолдолд байршуулдаг байсан 20 сая төгрөгийг 14 сая болгож, урилгатай хүнээс шаарддаг 10 сая төгрөгийг 7 сая болгон бууруулсан байсан юм. Харин энэ удаад тус мөнгийг дахин бууруулсан байна. Тодруулбал, 14 сая төгрөгийг 8 сая болгож, 7 сая төгрөгийг 5 сая хүртэл бууруулжээ. Мөн Солонгос руу виз мэдүүлэхэд олон бичиг баримт бүрдүүлдэг байсныг цөөлсөн байна. Энэ журам энэ сарын 7-ноос эхлэн хэрэгжих юм байна. Мөн 1994 оноос хойш Солонгос улс руу гараад сураггүй болсон 29 иргэн байдаг аж. Эдгээр иргэдийг манай Эрүүгийн цагдаагийн газар, Солонгосын холбогдох байгууллагынхантай хамтран хайх ажиллагаа явуулснаар 10 хүнийг олсон байна. Одоо 19 хүнийг хайж байгаа гэлээ.
Б.Уранчимэг