Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ 2014 оны 8 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.
Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Солонгосын Бизнес Форумд оролцов.
Яриа хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаар баяжуулах, ирэх онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг өндөр дээд хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх, хоёр орны харилцааг шат ахиулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ Евроазийг холбосон стратегийн ач холбогдолтой байршилтай орны хувьд Монгол Улстай БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн дэвшүүлсэн Евроазийн хамтын ажиллагааны санаачилгын хүрээнд төмөр зам, далайн тээврийн салбарт хамтран ажиллах өргөн нөөц боломж байгааг тэмдэглэж, Монгол Улстай явуулж буй харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн, иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх, хэтдээ хоёр орны иргэд визгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар үр ашигтай санал солилцлоо.