Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын гадаад харилцааны яамнаас ковид-19 халдварын түргэвчилсэн оношлуур хүлээлгэн өглөө

Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад харилцааны яамнаас “Зүүн Хойд Азийн Эрүүл мэнд, халдвар хамгааллын салбарын хамтын нийгэмлэг” санаачилгын хүрээнд тус улсын “SD Biosensor” үйлдвэрлэгчийн 300 мянган ам.долларын үнэ бүхий 2,850 ширхэг багц буюу 71,250 ширхэг түргэвчилсэн оношлуурыг хандивлаж байгааг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ли Ё Хун өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээнд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Гадаад харилцааны яам болон ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Оношлуурыг хүлээн авах үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд “КОВИД-19” халдварын цар тахлын эхэн үеэс БНСУ-аас Монгол Улсад “КОВИД-19” халдвартай тэмцэх, сэргийлэхэд зориулж лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур, эмнэлгийн болон хувийн хамгаалах хэрэгслийн тусламжийг удаа дараа үзүүлж ирсэн нь цар тахалтай тэмцэх, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангах, эмч мэргэжилтнийг чадавхжуулах, лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж, Засгийн газрын нэрийн өмнөөс болон салбарынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Элчин сайд Ли Ё Хун хэлэхдээ “КОВИД-19” халдварын цар тахлын хүнд сорилтыг даван туулахад улс орнуудын нягт хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, дэмжлэг туслалцаа нэн чухал болохыг онцоллоо.

Тэрбээр хүн амын дунд коронавирусийн тархалт тууштай буурахгүй байгаа нөхцөлд БНСУ-ын “SD Biosensor” үйлдвэрлэгчийн “КОВИД-19” халдварын эсрэгтөрөгчийг илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг хүлээлгэн өгч байгаа нь цаг үеэ олсон нэн чухал ач холбогдолтой болохыг онцлоод эдгээр оношлуур халдварыг богино хугацаанд илрүүлэхэд нь туслах болно гэдэгт итгэлтэй байна гэлээ. Элчин сайд Ли Ё Хун хэлэхдээ “КОВИД-19” халдварын цар тахлын хүнд сорилтыг даван туулахад улс орнуудын нягт хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, дэмжлэг туслалцаа нэн чухал болохыг онцлоод БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин- ийн санаачилсан “Зүүн Хойд Азийн Эрүүл мэнд, халдвар хамгааллын салбарын хамтын нийгэмлэг”-ийн хүрээнд олгосон тусламж нь дээрх санаачилгын хүрээний цаашдын хамтын ажиллагааны эхлэл болж байгааг тэмдэглэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *