БНСУ-аас Монгол Улсад суугаа Бүрэн Эрхт Элчин сайд Ли Ё Хун ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг хүлээн авч уулзан хоёр орны хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтаар БНСУ-аас экспортолж байгаа автомашины мэдээллийг Монгол Улсын импортын мэдээллийн системтэй холбох, БНСУ-ын Хэрэглэгчийн агентлагтай ШӨХТГ хамтран ажиллах санамж бичиг байгуулах тухай хэлэлцсэн байна. Мөн Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын хөрөнгө оруулалттай, аж ахуй эрхлэгчдэд танилцуулж, энэ хуулийн төсөлд тусгах санал болон тулгарч буй асуудлаар ярилцжээ. БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, БНСУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуй эрхлэгчдийн нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлэх чиглэлд хоёр тал санал нэгдсэн байна.
Уулзалтын үеэр БНСУ-аас Монгол Улсад суугаа Бүрэн Эрхт Элчин сайд Ли Ё Хун хэлэхдээ “Монгол Улс, БНСУ-ын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ жил тохиож байна. Бидний хамтын ажиллагаа өргөжин тэлж хоёр улсын хооронд жилд 220 мянган иргэн зорчдог болжээ. Энэ нь бидний нөхөрлөл хэрхэн бэхэжсэнийг илтгэж байна. Иймээс ШӨХТГ-аас тавьсан саналыг талархан хүлээн авч байна” хэмээлээ гэж ШӨХТГ-аас мэдээлэв.