Categories
гадаад мэдээ

БНХАУ-д үерийн улмаас 4 хүн амь үрэгдэж, 10 хүн сураггүй болжээ DNN.mn

БНХАУ-ын өмнөд бүсэд их хэмжээний бороо орж, томоохон голууд үерлэсэн байна. “Xinhua” агентлагийн мэдээлснээр Гуандун мужид үерийн улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, 10 хүн сураггүй болжээ.

Өмнөд бүсийн ихэнх хэсэгт дөрөвдүгээр сард урьд өмнө нь орж байгаагүй их хэмжээний хур тунадас буусан байна. Орсон борооны хэмжээ сарын дунджаас 2-3 дахин их байсан юм.

Хятадын цаг уур судлаачид тав болон зургаадугаар сард илүү ажиглагддаг аянга цахилгаантай бороо энэ долоо хоногийн турш үргэлжлэн орох төлөвтэй байгааг анхааруулжээ.

Гуандун мужид албаны хүмүүс 110 мянга гаруй хүнийг үерийн улмаас нүүлгэн шилжүүлсэн байна. Мэргэжилтнүүд мужийн хойд бүсэд орших голын түвшин 100 жилд нэг удаа тохиох хэмжээнд хүрч магадгүйг онцолсон юм.

Тус мужийн нийслэл Гуанжоу, Шаогуан, Хэюань зэрэг хотуудад үерийн хохирол хамгийн их байгаа аж. Үргэлжилсэн борооны улмаас Гуанжоу хотын Байюнь олон улсын нисэх онгоцны буудалд нислэгүүд цуцлагдаж, хойшлогдсон бол өөр гурван хотод сургуулиудын үйл ажиллагааг зогсоосон байна.

Албаны хүмүүс Гуандун мужид үерийн улмаас 140.6 сая юанийн (65.3 тэрбум төгрөг) хохирол учирсан гэж тооцоолжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *