БНХАУ болон ОХУ-ын тэнгисийн цэргийн хүчин Номхон далайн баруун бүсэд анх удаа хамтарсан эргүүл хийсэн тухайгаа мэдээлжээ. Тодруулбал, Япон тэнгис, Номхон далайн баруун бүс, Дорнод Хятадын тэнгист 7 хоногийн турш хамтарсан эргүүл хийсэн байна.
Энэхүү тэнгисийн хамтарсан эргүүлд нийт 10 хөлөг онгоц, зургаан нисдэг тэрэг оролцсон тухай Хятад, Оросын батлан хамгаалах яамд мэдээлсэн байна. Мөн энэ үеэр хоёр орны тэнгисийн цэргийн хүчин зэвсгийн практик хэрэглээний сургуулилт хийжээ.
Түүнчлэн Хятад, Оросын тэнгисийн цэргийн хүчин олон улсын далай тэнгисийн хуулийг чанд мөрдөж, бусад улс орны усан хил рүү нэвтрээгүй гэдгийг хоёр тал мэдэгджээ. Энэхүү хамтарсан эргүүл, сургуулилт Ази Номхон далайн энх тайван, тогтвортой байдлыг хадгалах зорилготой байсан гэж Оросын батлан хамгаалах яамны мэдээнд онцолсон байна.
Энэхүү аяллын үеэр хоёр орны хөлөг онгоцнууд Цугару Хоолойгоор дамжин өнгөрчээ. Уг хоолой нь Японы Хоншу, Хоккайдо арлуудыг тусгаарладаг юм байна. Өнгөрсөн даваа гарагт Японы батлан хамгаалах яам Хятад, Оросын тэнгисийн хүчний хөлөг онгоцнууд Цугару хоолойгоор дамжин өнгөрсөн тухай мэдээлж байсан юм.
АНУ Энэтхэг Номхон далайн бүс нутаг дахь Хятадын өсөн нэмэгдэж байгаа өргөжин тэлэлтийг хязгаарлах үүднээс Номхон далайн холбоотнуудтайгаа цэргийн хамтарсан сургуулилт хийж байгаа энэ үед Орос, Хятад хоёр цэрэг армийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг чармайж байна гэж ажиглагчид энэхүү үйл явцаас таамаглаж байна.