“Хятадын аялал” тренд дэлхий даяар эрчимтэй өрнөж буй энэ үед Эрээн хотын боомтын зорчигчид хүлээн авах хэсэг Хятад даяар аялан адал явдлыг мэдрэхийг тэсэн ядан хүлээж буй аялагчдын хөл хөдөлгөөнд дарагдаж байна.
БНХАУ-ын хойд нутгийн Өвөр Монголын ӨЗО-ы Эрээн хот бол Хятад-Монголын хилийн хамгийн том хуурай замын боомт билээ.
Үүргэвч үүрсэн, өлмий дээрээ өндөлзөн, нүд нь догдлолоор дүүрэн буй нь илэрхий нэгэн залуу олны дундаас онцгойрч харагдсан нь Батмөнх юм.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭРЧИМТЭЙ ХӨГЖИЛ
“Манай Монголд “Хятадын аялал” жинхэнэ хит болж байна. Би Хятадын Ханжоу, Сиань гэх мэт олон хотоор аялж байсан” гэж Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын харьяат Батмөнх ярилаа.Аялахад ая тухтай, амарч зугаалах өртөг боломжийн учир Монголын олон жуулчин түүн шиг Хятадаар аялах сонирхолтой буйг тэрбээр хэлэв.
Үүний зэрэгцээ Хятадын иргэд ч олноороо Монголоор аялан хөрш орныхоо байгалийн сайхныг, ардын уламжлал, ёс заншилтай танилцдаг болсон байна. Хятадын төвийн нутгийн Хубэй мужийн төв Ухань хотын харьяат, 34 настай Хао Сяомин галт тэргээр Улаанбаатараар тав хоног аялаад буцаж буйтай бид таарсан юм.
“Монголын тал нутаг, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, гэр сууц нь надад маш их таалагдсан. “Улаанбаатарын үдэш” гэдэг дуу Монголыг сонгон аялахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн” гэж тэрбээр ярилаа. Энэ дуу хятадуудын дунд алдартай бөгөөд үүний үгийг хятад хэлээр орчуулсан байдаг билээ.
Эрээний боомтын хилийн шалган нэвтрүүлэх товчооны статистик мэдээнд дурдсанаар, энэ оны эхэн үеэс есдүгээр сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд Эрээн хотын авто зам болон төмөр замын боомтуудаар 1.75 сая хүн орж, гарсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 95 хувиар, 442 мянган тээврийн хэрэгсэл зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс бараг хоёр дахин өссөн үзүүлэлт аж.Энэ мэт үзүүлэлт нь Хятад-Монголын харилцаа хэрхэн өргөжин тэлж буйн тод илрэл юм.
Соёл, зан заншлын арвин өвтэй, газар нутгийн хувьд ойр хөрш орнуудын хувьд сүүлийн жилүүдэд Хятад болон Монгол хоорондын харилцаа, хамтын ажиллагаа нь аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, худалдаа зэрэг янз бүрийн салбарт өргөжин тэлж, улмаар хоёр орны ард түмний аж амьдрал, сайн сайхан байдлыг хөхиүлэн дэмжиж, харилцан суралцах боломжийг нэмэгдүүлсээр байна.
БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОМЖУУД
Эрээн хотын 1-р дунд сургуулийн нэг ахлах ангид л гэхэд 40 монгол сурагч сурч, хятад хэл үзэж байна.
“Би Хятад хэл, биеийн тамирын хичээлд дуртай. Би хятад найзуудтайгаа голдуу сагсан бөмбөг тоглодог” гэж Монголын Хэнтий аймгаас ирсэн, 17 настай Мягмар-Эрдэнэ хүү ярилаа.
Мягмар-Эрдэнийн эгч мөн Хятадад сурч байжээ. Эгч нь Монголдоо хариад Хятадтай худалдаа хийдэг нэгэн компанид ажилладаг болсон байна. “Би эгч шигээ хятад хэлээ маш сайн сурахыг хүсдэг гэж Мягмар-Эрдэнэ ярьсан юм.
Тус сургуулийн дэд захирал Бао Сюхуагийн хэлснээр, 2006 оноос хойш 2000 гаруй монгол сурагч энэ сургуульд суралцсан бөгөөд тэдний дийлэнх нь Хятадын янз бүрийн их дээд сургуулиудад элсэн суралцсан байна.
Монголчууд боловсрол эзэмшихээс гадна эрүүл мэндийн үйлчилгээ авахаар Хятадыг зорьдог болжээ.
Улаанбаатар хотын харьяат, 65 настай Гэрэлцэцэг үе мөчний хүнд өвчнөө Эрээн хотын Монгол-Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлэгт эмчлүүлжээ. Тэрбээр эмнэлгийн үйлчилгээ авахаар анх удаа Хятадад ирсэн нь энэ. Зүү, бумба тавиулах гэх мэт эмчилгээг 10 орчим өдөрт өдөр тутам хийлгэснээр түүний зовуурь мэдэгдэхүйц намдсан байна.
Хятадад өвчнөө эмчлүүлсэн өөр нэгэн монгол хүн бол БНХАУ-д нүдний болор солих мэс засалд орсон Соёлт юм. Улаанбаатар хотын харьяат Соёлт нүдээ эмчлүүлснээр нутагтаа хариад ажилд орсон байна. Ийнхүү нүдээ эмчлүүлж, ажил хийх боломжтой болсон нь зүүд мэт санагдаж буйгаа тэрбээр илэрхийлсэн юм. Хятадын эмч нар сүүлийн таван жилийн хугацаанд Монголын 1000 гаруй иргэнд нүдний хараа сэргээх мэс заслыг үнэ төлбөргүй хийж өгсөн байна.
МОНГОЛ БАРАА
Эрээн хотын гудамжаар явбал олон тооны дэлгүүрийн хаягийг хятад ханз, ӨМӨЗО-ы уламжлалт монгол бичиг, Монголд түгээмэл хэрэглэгддэг кирилл монгол гэсэн гурван хэлбэрээр бичсэн байхтай таарна.
Эрээн хотын нэгэн томоохон худалдааны төвийн импортын барааны үзэсгэлэн худалдааны танхимын лангуунууд дээр зөгийн бал, улаанбуудайн гурил, үхрийн мах, хуурай сүү, тэмээний ноос, ноолууран хувцас гэх мэт олон төрлийн монгол бараа байна.
Эрээн хотын оршин суугч Гу Сяозин импортын барааны “Яозинь” супермаркетын байнгын үйлчлүүлэгчдийн нэг. Цаг агаар хүйтэрч эхэлж буй учир тэрбээр тус дэлгүүрээс саяхан монгол ноосон өвдгөвч, нэхий бээлий худалдан авсан гэнэ.
Тэрбээр мөн “Би Монголын зөгийн бал, гурил авах дуртай” гэлээ.
Тус супермаркетын менежер Ли Вэй ярихдаа “Манайх монгол бараа бүтээгдэхүүн авчрах дуртай. Манайд мөн Япон, Франц болон Германы импортын бүтээгдэхүүнүүд байдаг” гэсэн юм.
Хятадын иргэд монгол бараа бүтээгдэхүүнийг таашаах болсон нь Монголын аж ахуйн нэгжүүд Хятадад бизнесээ өргөжүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлж байна. Тухайлбал, Монголын алдартай ноолуурын брэнд болох “Говь” компанийн дэлгүүрүүд Өвөр Монголын ӨЗО-ы Эрээн хот болон Шилийн хотод нээгдээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ.
ХОЁР ТАЛЫН ХУДАЛДАА
Улаанбаатар хотын харьяат, 28 настай Түшиг Эрээн хотод ажилладаг бөгөөд тэрбээр хятад хэлээр чөлөөтэй ярьдаг. Түшиг анх 2018 оны зургадугаар сард Эрээн хотод ажиллахаар ирж байсан бөгөөд 2020 оны эхээр нутаг буцан гэр бүл зохиож, гэрлэсэн байна.Тэрбээр өнгөрсөн онд нөхөр, хүүхдүүдийн хамт Эрээн хотод буцаж ирээд худалдааны чиглэлээр ажиллах болсон бөгөөд өдгөө Улаанбаатар хотод хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрт БНХАУ-аас машин, тоног төхөөрөмж, эд анги нийлүүлдэг ажил хийж байна.
Түшиг шиг Эрээн хотод ажиллаж, амьдардаг гадаадын иргэд олон бий. Тэдний дундаас Биндэръяаг онцолъё. Хөргүүртэй ачааны машины жолооч болох 38 настай энэ залуу хятад жимс болон хүнсний ногоог Улаанбаатарт хүргэхээр хилээр байнга орж, гардаг. “Хятадын хүнсний ногоо монголчуудын зоогийн ширээг баяжуулах болсон” хэмээн жолооч залуу яриад, хүнсний ногооны худалдаа эрхлэх болсноор дан “махан хоолтон” шиг болсон хооллох зуршлаа өөрчилж, эрүүл хооллодог болсноо хуучлав.
Монголын Замын-Үүд болон Эрээний Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалт өдгөө ид өрнөж бөгөөд энэ нь Хятад улсын хувьд хөрш орнуудтайгаа хамтран байгуулж буй хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны гурав дахь бүс болох юм.
Нийт 18.03 хав.дөр.км талбай бүхий Хятад-Монголын Эрээн хот, Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нь олон улсын худалдаа, логистик, хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх Хятад улсын зорилтыг хөхиүлэн дэмжээд зогсохгүй Монгол Улсын задгай ашигт малтмалын логистикийг хөгжүүлэх, олон улсын худалдаа болон соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг зорилтуудыг ажил хэрэг болгоход түлхэц үзүүлнэ. Тус бүсийн барилгын талбайгаас холгүйхэнХятад-Монголын бартер худалдааны зах байдаг бөгөөд тэнд монголчууд ноолууран бүтээгдэхүүн худалдаалдаг бол Хятадын нэхмэлийн компаниуд тансаг зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
2020 онд БНХАУ-ын Засгийн газар Эрээн хотыг импортын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилтын 13 бартер худалдааны бүсийн нэг болгосон юм. Энэ оны эхний долоон сарын байдлаар Эрээн хотын бартер худалдааны хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1.34 дахин өсөн 400 сая юань давсан байна.