Categories
мэдээ улс-төр

“Бизнесийн дээд хэмжээний уулзалт”-д хөрөнгө оруулалтын 18 төсөл танилцуулжээ

“Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” ажлын хүрээнд Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан эдийн засгийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ.  ЭЗЭН-100 хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан “Бизнесийн дээд хэмжээний уулзалт”-ыг Монгол Улсыг гадаадад сурталчлах, хөрөнгө оруулалт татахад чухал нөлөө үзүүлсэн арга хэмжээ боллоо гэж эдийн засгийн зөвлөлийнхөн дүгнэж байна. “Бизнесийн дээд хэмжээний уулзалт”-ын гол зорилго нь монголын компаниуд бизнесийнхээ боломжуудыг хөрөнгө оруулагчдад танилцуулах явдал байлаа. Монголын компаниуд хөрөнгө оруулалтын бэлэн болсон 18 төсөл танилцуулж, дээд хэмжээний чуулга уулзалт тавьсан зорилгоо биелүүлсэн гэж  Эдийн засгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан хэллээ. Энэ 18 төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 15 орчим тэрбум доллар болж байгаа юм.

Эрчим хүчний салбар эдийн засгийн өсөлтийнхөө түрүүнд явж байх ёстой. Энэ салбарт ойрын үед том өөрчлөлтүүд гарч, хоёр том мега төсөл хэрэгжиж эхэлж байна. Гуравдугаар цахилгаан станц 50 Мвт-аар хүчин чадлаа өргөтгөж, тавдугаар цахилгаан станцын төслийн концесийн гэрээнд талууд гарын үсэг зурсан бол Таван толгойн 450 Мвт-ын цахилгаан станцын яриа хэлцэл удахгүй эхэлнэ гэж Эдийн засгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга  хэллээ  гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *