Categories
гадаад мэдээ

Биньямин Нетаньяху: Иран улс том алдаа хийсэн DNN.mn

Ливанд хуурай газраар довтлох шийдвэр гаргасан Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ираны ард түмэнд хандан “Ираны удирдагчид секунд тутам таныг, Персийн ард түмнийг ангалын ирмэг рүү улам ойртуулж байна. Иймээс өөрсдийг чинь өнөөдөр дарангуйлж буй багахан бүлэглэл та бүхний мөрөөдөл, итгэл найдварыг няцааж буйг бүү зөвшөөрөгтүн. Та бүхэн эрх чөлөөтэй болох тэр мөч зарим хүмүүсийн бодож байгаагаас хамаагүй хурдан ирэх болно. Тэр цагт Иран, Израилийн ард түмэн энх тайвнаар зэрэгцэн амьдарч Иран урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр цэцэглэн хөгжинө. Та бүхэн сайн сайхан амьдрах эрхтэй. Израиль та нартай хамт байгаа гэдгийг Ираны ард түмэн мэдэж байх ёстой. Бид хамтдаа амар амгалан, цэцэглэн хөгжих болтугай” гэж хэлсний дараа аргагүй байдалд орсон Исламын хувьсгалт цэрэг Израильд 200 орчим баллистак пуужингаар цохилт өгч нэг хүн нас барж, гурван хүн шархдав.

Учир нь эдгээр пуужингуудыг Израилийн “төмөр бамбай” болон Газар дундын тэнгист байрладаг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хоёр эсминец онгоц замд нь буудаж сөнөөсөн юм. Исламын хувьсгалт цэрэг “Энэ цохилт нь ХАМАС бүлэглэлийн удирдагч Исмаил Ханиегийн амь насанд халдсан, мөн өнгөрсөн бямба гаригт Бейрутэд Хезболлагийн удирдагч асан Хассан Насраллагийн үхлийн хариу арга хэмжээ” гэж мэдэгдэв. Харин Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан “Х” олон нийтийн сүлжээнд “Энэхүү цохилтын зорилго нь Иран өөрийн эрх ашиг, иргэдээ хамгаалахад бэлэн байгааг Израильд харуулах зорилготой байсан. Энэ нь Иран өөрийн хүчин чадлынхаа багахан хэсгийг харуулсан явдал. Иймээс Израилийн эрх баригчид байдлыг хурцатгах шаардлагагүй юм” гэж бичжээ. Мөн Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи олон нийтийн цахим сүлжээнд “Ираны ажиллагаа дууслаа” гэж бичээд “Израиль хариу арга хэмжээ авсан тохиолдолд Тегераны хариу үйлдэл илүү хүчтэй байх болно” гэж мэдэгджээ. Харин Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху Израиль руу асар олон баллистик пуужин харвасан Иран улс том алдаа хийсэн бөгөөд үүнийхээ хариуг төлөх болно.

Өөрсдийгөө хамгаалж, дайснуудаасаа өшөө авах гэсэн бидний шийдэмгий байдлыг Ираны дэглэм ойлгохгүй байна” гэж мэдэгджээ. Мөн Израилийн армийн хэвлэлийн төлөөлөгч Даниел Хагари “Бид өөрсдийн тогтоосон дүрмийг баримтална. Хэн бидэн рүү довтолно, бид түүн рүү дайрах болно. Тегеран өөрийн хийсэн үйлдлийн ноцтой үр дагаврыг амсах болно. Израиль болон Америкийн агаарын довтолгооноос хамгаалах систем Иранаас хөөргөсөн пуужингийн эсрэг үр дүнтэй ажилласан. Иран Ойрхи Дорнодыг хурцадмал байдал руу улам түлхэж байна” гэж мэдэгдэв.

АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан “Өнөөдрийн үйл явдал ноцтой үр дагаварт хүргэнэ. Ираны пуужингийн цохилт улам их хурцадмал байдал бий болгож байна. Тегеран нийтдээ 200 орчим баллистик пуужин харвасан” гэж мэдэгдэв. Салливан Израиль, эсвэл АНУ ямар хариу арга хэмжээ авах талаар тайлбар өгөхөөс татгалзсан ч АНУ-ын хөлөг онгоцууд Ираны пуужингуудыг устгахад Израильд тусалсан гэдгийг батлав. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Пэт Райдер “Ираны довтолгоог няцаахад Газар дундын тэнгист байрладаг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хоёр эсминец онгоц оролцсон” гээд “Энэ халдлага нь энэ оны дөрөвдүгээр сард Иранаас Израильд хийсэн анхны цохилтоос хоёр дахин олон пуужин ашигласан” гэж хэлжээ. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Вашингтон Израилийг бүрэн дэмжиж байна” гээд “Миний шууд зааварчилгааны дагуу АНУ-ын арми Ираны цохилтын үеэр Израилийн хамгаалалтыг идэвхтэй дэмжиж Ираны довтолгоог няцааж чадсан учир энэ довтолгоон үр дүнгүй болсон” гэж хэлсэн. Харин АНУ-ын дэд ерөнхийлөгч, Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Камала Харрис “Би Байдентай хамт Цагаан ордноос халдлагыг бодит цаг хугацаанд нь харсан” гээд тэрээр ерөнхийлөгч Байдены Америкийн хөлөг онгоцуудад Израиль руу чиглэсэн Ираны пуужингуудыг сөнөөх тушаал өгснийг бүрэн дэмжиж байсан гэжээ.

Израилийн цэргийнхэн Ливаны хилд таван км цөмөрч тэдний Метула, Мисгав Ам, Кфар Гилади зэрэг суурин газруудад хаалттай цэргийн бүс байгуулснаа албан ёсоор зарласны маргааш нь Хезболла амьд гэдгээ мэдэгдэн 100 орчим пуужин харваж, Израилийн цэргүүдтэй зарим газарт тулалдаж эхлэв. Израилийн арми хариуд нь Голани бригад, 188 дугаар хуягт бригад, 6 дугаар явган цэргийн бригад зэрэг өөрийн 36 дугаар дивизийг Ливанд нэмж оруулав. Ливаны өмнөд хэсэгт мөргөлдөөн болж байгаа тухай мэдээ гарсны дараа Израилийн цэргийн хүчний төлөөлөгч Авишай Адраэй араб хэлээр эдгээр нутгийн 25 орчим суурингийн оршин суугчдыг байлдааны галаас зайлж, яаралтай нүүхийг сануулж, анхааруулсан сэрэмжлүүлгийг олон нийтийн сүлжээнд тавив. Энэхүү сэрэмжлүүлэгт “Израилийн цэргийнхэн Ливаны оршин суугчдад хохирол учруулах бодолгүй байгаа тул Израильтай хиллэдэг хилээс 50 км-ийн зайд орших Авали голын хойд хэсгийн иргэд нэн даруй нүүх ёстой байна” гэж мэдэгджээ.

BBC-ийн Ойрхи Дорнодын тоймч Себастьян Ашер “Израилийн нэмэлт цэрэг Ливанд орж эхэлсэн нь Хезболлагийн эсрэг хийж буй цэргийн хязгаарлагдмал ажиллагаа өргөжиж магадгүйг нотолж байна“ гэж мэдээлэв. Ийнхүү Иран иргэддээ зориулан өөрийн хүчийг харуулж Израиль руу 180 баллистик пуужин харваж нэг хүнийг нь алж, гурван

хүн шархдуулав. Харин Израилийн арми Ираны нийслэл рүү ганц пуужин харваад л тэнд байсан ХАМАС-ын удирдагчийг тойрон хүрээлэгчидтэй нь хамт устгаж орхисон билээ. Мөн энэ үеэр Израилийн нийслэл Тель-Авив хотын төвд террорист халдлага үйлдэж долоон хүний аминд хүрч, хэд хэдэн хүнийг нь шархдуулсан ХАМАС-ын хоёр амиа золиологчийг тэнд байсан энгийн иргэд устгав.

Хезболлагийн дайчид Ливаны нутагт гурван ч газарт Израилийн армитай тулалдаад авав. Гэхдээ эдгээр бүх үйлдлүүд зөвхөн Иран, ХАМАС, Хезболла амьд байгааг харуулах гэсэн ганцхан зорилготой гэдэг нь ойлгомжтой байна. Учир нь Израилийн эсрэг зогсож буй эдгээр зэвсэгт хүчний удирдлагуудын хэлж буй үгнээс “Израилийг газрын хөрснөөс арчиж хаяна” гэдэг уламжлал болоод байсан дайчин уриа ор мөргүй алга болжээ.

Иймээс Израилийн ерөнхий сайд Биньямин “Иран улс том алдаа хийсэн бөгөөд үүнийхээ хариуг төлөх болно” гэж хэлснийг хэрхэн хэрэгжихийг л харах үлдэв.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *