Монголын үндэсний олимпын хороо, БШУЯ, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооноос хамтран “Олимпизм – Спорт – Бие бялдрын хүмүүжил” сэдэвт үндэсний цахим чуулга-уулзалтыг лхагва гарагт /2022.01.19/ зохион байгууллаа.
Чуулга-уулзалтад аймаг, дүүргийн БТСГ, Боловсролын газар, Олимпын зөвлөлүүд, Ерөнхий боловсролын сургуулиуд, Биеийн тамирын дээд сургуулиудын удирдлагууд, Биеийн тамирын багш нар, эрдэмтэн, судлаачид зэрэг нийт 600 гаруй оролцогчид хамрагдав.
Чуулга-уулзалтаар Олимпын боловсролын үзэл баримтлал, БТСУХ-ноос явуулж буй бодлого ба арга хэмжээнүүд, Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил сэдэвт болзолт уралдаан, Монгол улсын биеийн тамир, спорт ба олимпизмын тулгамдсан асуудлууд зэрэг сэдвийн хүрээнд илтгэлүүдийг хэлэлцлээ.
Оролцогчдоос биеийн тамирын багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, боловсрол, биеийн тамир, спорт, олимпизмын салбарын уялдааг нэмэгдүүлэх, олимпын танхимуудын үйл ажиллагааг түлхүү дэмжих, болзолт уралдааныг үр дүнтэй шинэлэг хэлбэрээр зохион байгуулах чиглэлээр тодорхой ажлуудын саналыг дэвшүүлэв.