Categories
гадаад мэдээ

BfV: Оросын хуурамч мэдээлэл аюул дагуулж байна DNN.mn

Германы Үндсэн хуулийг хамгаалах алба(BfV) “Сүүлийн нэг жил хагасын хугацаанд Оросын хуурамч мэдээллийн кампанит ажил улам эрчимжлээ” гэж мэдэгдэв. Уг албанаас “Украины нутаг дэвсгэрт довтлон орж, дайн эхлүүлсний дараа Орос улсын хуурамч мэдээллийн кампанит ажил ялангуяа Германд эрчимжсэн” гэж албан ёсоор мэдэгдлээ.

Москвагийн мэдээллийн орон зай дахь үйл ажиллагаа сүүлийн жил хагасын хугацаанд ихээхэн өөрчлөгдсөн гэж BfV-ийн сөрөг тагнуулын шинжээч Бодо Бекер энэ сарын 5-ны мягмар гаригт Берлинд мэдэгдэв. “Ерөнхийдөө эдгээр үйлдлүүд илүү худал, хуурмаг бүр ч түрэмгий болсон” гэж Беккер өөрийн оффисоос зохион байгуулсан “Үзэл бодол бүрэлдэх 2.0-Дижитал эрин үеийн бүрэн эрхт байдлаа хамгаалах тэмцлийн стратеги” нэртэй эрдэм шинжилгээний бага хурал дээр хэлжээ. Бодо Бекерийн хэлснээр Оросын эрх баригчид худал мэдээлэл түгээх кампанит ажлынхаа агуулга, өнгө аясыг Украины эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа, Герман болон дэлхий даяарх олон нийтийн мэтгэлцээнд тохируулан өөрчилсөн аж. Үүний зэрэгцээ ОХУ-ын зүгээс үнэн мэдээллийг гуйвуулж, худал мэдээлэл болгон тарааж байгаа нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг хууль ёсны удирдагч гэж харуулах, түүний эрх мэдлийг хэвээр хадгалах зорилготой байна гэж шинжээч онцлон тэмдэглэв. Мөн Оросын төрийн аппарат худал мэдээллээр дамжуулан бусад орны олон нийтийн санаа бодолд нөлөөлөхийг оролдож байна гэж Бодо Беккер онцолжээ. Оросын холбооны улс нь ялангуяа Германд улстөрчид, төрийн байгууллага, чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх хүн амын итгэлийг бууруулж, тус улсын холбоотон улсуудын найрсаг харилцаа, Европын холбоо, НАТО-ийн үнэт зүйлсийг гутаах, нөлөөг нь сулруулахыг эрмэлзэж байна гээд ингэхийн тулд Оросын суртал ухуулга ХБНГУ-д байгаа өнөөгийн маргаантай сэдвүүдийг байнга хөндөж, шууд болон шууд бусаар худал мэдээлэл түгээх олон боломжийг ашиглан нийтийн сүлжээг өөрийн хэрэгсэл болгон хувиргаж байгааг анхааруулан сэрэмжлүүлэв. Ялангуяа BfV-ийн шинжээч Путин болон түүний засгийн газар, парламент, төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн портал, Оросын тагнуулын албатай холбоотой олон нийтийн сүлжээн дэх “худал амлагч”-дын албан ёсны мэдэгдлийг онцлон тэмдэглэв. “Эдгээр янз бүрийн сувгаар олон тооны жижиг суртал ухуулгын “тарилга” нь өчүүхэн жижиг зүйл мэт харагддаг тул аль ч улс үндэсний аюулгүй байдалдаа аюул учруулахгүй гэж андууран ач холбогдол өгдөггүй” гэж тэр тэмдэглэв.”Гэхдээ нийлбэр дүнгээр энэ ташаа мэдээлэл үр дүнд хүрч болно гээд, эцсийн эцэст эдгээр мэдээллийн зохиогчид, зохион байгуулагчид бидний дунд “эргэлзэх, үгүйсгэх, үл итгэх уур амьсгалыг бий болгож чадаж байна” гэж тэрбээр дүгнэжээ.

Оросууд Германд ташаа мэдээлэл цацаж байгаагийн нэг жишээ нь өнгөрсөн долдугаар сард цацагдсан герман хэл дээрх “Хейл Зеленский!” видео бичлэг юм. Үүнийг Оросын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, блогчид идэвхтэй тарааж, германчууд гэж зарласан ч үнэндээ Оросын жүжигчид тоглосон болохыг эрин сурвалжлах сэтгүүлчид олж илрүүлсэн билээ. Уг бичлэгт Германы Украинд үзүүлж буй тусламжийг эрс шүүмжилсэн утгатай байсан билээ.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *