Categories
мэдээ нийгэм

“Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөрийг суллах шүүхийн шийдвэрийг прокурорын байгууллага зөвшөөрсөнгүй || DNN.mn

АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй Хөгжлийн Банкны хэрэгт яллагдагчаар татагдан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан “Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөрийг Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих хугацааг сунгах саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

Түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан/ заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаад байгаа юм.

Тус шүүхээс прокурорын саналыг 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд Б.Мөнхтөрийг яллагдагчаар цагдан хорих үндсэн хугацаа болон үргэлжлүүлэн яллагдагчаар цагдан хорих хугацааг сунгах талаар саналыг хүлээн авахаас татгалзаж, түүнийг 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн суллахаар шийдвэрлэсэн.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлд заасны дагуу дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч 2022 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүхэд гомдол гаргалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасны дагуу тус гомдлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч, түүний эзгүйд томилсон шүүгч даруй хянан шийдвэрлэх ёстой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *