Дэлхийд нэр нөлөөгөөрөө дээгүүрт ордог ч нэг хүний хэмжээлшгүй удирдлагатай, авторитор дэглэмтэй хоёр том улсын дунд Монгол Улс, Монголын ардчилал оршин тогтнож байна. Хүн ам, газар нутгийн хэмжээгээрээ Монгол Улс хоёр хөршөөсөө хавьгүй бага боловч хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, ардчиллыг цогцлоон бий болгож чадсанаараа Азийн өндөрлөгт арай л тод гэрэлтэж байгаа билээ. Ер нь нэг намын нэг хүний байнгын удирдлагад байдаг улс орон энэ дэлхийд цөөн боловч тэд нэгдэж Тусгаар тогтнолын хамтын нийгэмлэг нэрийн дор бодлогоо зангидаж явдаг. Тэнд нийт гишүүн улсуудын бодлого гэхээсээ нэг их гүрний эрх ашиг, бодлого л голлон нөлөөлдөг гэсэн үг. Хуучин социалист орнуудын нэгдэж байсан Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн одоогийн гишүүн орнууд гэвэл Орос, Тажикистан, Киргизистан, Узбекистан, Беларусь, Казахстан, Армен, Азербайжан, Молдав. Эдгээр улсуудад ёсыг бодож Ерөнхийлөгчийн сонгууль болдог ч ардчилсан улсуудад болдог сонгуультай зүйрлэх юм биш. Ямартаа л нэг хүн насаараа төрийн тэргүүнд заларч байхав. Монгол Улс энэ нийгэмлэгт ажиглагчийн статустай байдаг гэдэг. Харин сүүлийн үед Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгт жинхэнэ гишүүнээр орох магадлалтай гэсэн хардлага байгааг үгүйсгэх аргагүй юм. Одоогийн манай төрийн томчууд, дарга нар юм л бол Путин, Си Жинпинь нарыг магтаж, биеэ авч явах байдал, гаргаж байгаа шийдвэрийг нь даган дуурайж байгаа нь нэгийг өгүүлэх мэт. Тэгээд ч Оросын үгнээс гардаггүй социализмын үед энэ нийгэмлэгт ороогүй байж одоо ингэж байгаа нь юуных вэ. Хамгийн тодорхой нэг зүйл бол энэ бүхэн Монголын ардчилал бүдгэрч байгаагийн тод илрэл билээ.
Өнөө зун дэлхийн улс төрийн тавцанд олны анхааралд өртсөн содон үйл явдал өрнөж буй нь Беларусийн эсэргүүцлийн жагсаал. Энэ сарын 9-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч А.Лукашенко үнэмлэхгүй ялалт байгуулсан нь олон хоног үргэлжлэх эсэргүүцлийн жагсаалын шалтгаан боллоо. Уг нь тэрээр өмнө нь таван удаа бас л ингэж үнэмлэхүй ялалт байгуулж, 1994 оноос өдийг хүртэл улс орноо удирдаж яваа юм. Энэ удаа харин ард түмэн “сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй” гээд бүгд гудамжиндаа гарч жагслаа. Беларусийн түүхэнд байгаагүй олон хүн жагсаалд оролцож, улам бүр эрчээ авч байна.
Беларусийн ард түмний энэ тэмцэл баруун талаас үүр цайх мэт, монголчууд ардчиллаа хамгаалж үлдэхэд дархлаа болох мэт сайн мэдээ, дэмжмээр үйл явдал боллоо. Ардчилал үүрээ засаад 30 гаруй жил болж буй Монголд бүх зүйл төгс төгөлдөр болоогүй, шинэчилж өөрчлөх, сайжруулах зүйл олон байгаа ч ямартаа ч өнөөдөр монгол хүн эрх, эрх чөлөөгөө мэддэг болсон. Ардчиллын талаарх ойлголттой болж чадсан. Тиймээс гэнэт дотроосоо нэг хүн дарангуйлагч болж гарч ирж чадахгүй. Харин гадны дарангуйлалч хүчин орж ирвэл ард түмэн айгаад хөдөлж чадахгүй байж мэднэ. Өнөөдөр хязгааргүй эрх мэдэлт А.Лукашенко ялагдал хүлээвэл Тусгаар улсын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын насаараа төр барьж буй Ерөнхийлөгч нар ч мөн унана. Манай хойд, урд хөршийн төрийн тэргүүн нарт ч энэ үйл явдал айдсын дохио болж очно. А.Лукашенко эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахыг гуйж Оросын ерөнхийлөгч В.Путинтай утсаар ярихдаа “Энэ бол зөвхөн Беларусьт нүүрлэсэн аюул биш. Хэрэв бид эсэргүүцлийн хөдөлгөөнийг зогсоож чадахгүй бол Орост ч бас нөлөөлнө” гэсэн нь бодит үнэнийг л өгүүлсэн хэрэг.
Беларусьт болж буй үйл явдал бидэнд тун их хамаатай юм. Тусгаар тогтнолтой, эрх чөлөөтэй, ардчилсан үзэл баримжаатай байхын үнэ цэнэ, амин чухал гэдгийг тэр ард түмэн харуулж, сануулж байна. Нэг хүний дарангуйлал хүсэх юм биш гэдгийг Беларусийн ард түмэн цусаараа, амь насаараа тунхаглаж байна. Хэцүү байсан болоод л тэд ингэж цуцаж нугарахгүй тэмцэж байгаа хэрэг. А.Лукашенко жагсагчид дээр очоод “Би та нарыг ажилтай, амьдралтай байлгаж байгаа хүн” гэж хэлсэн ч ажилтай, амьдралтай, аз жаргалтай ард түмэн ингэж жагсаж, тэмцдэггүй гэж жагсагчид бодитоор үзүүлж байна.
Өнөөдөр Монголд ардчиллыг харааж зүхэгсэд маш олон болжээ. Муу бүхэн ардчилалтай холбоотой мэт, болохгүй бүтэхгүй болгон ардчиллаас үүдэлтэй мэт буруутгаж байгаа энэ үед эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байгаа беларусьчуудын тэмцэл нэгийг бодогдуулах биз. Энэ тэмцлийг монголчууд дэмжих ёстой юм.