Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдэд зориулан Хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Иргэдийн хуулийн мэдлэгийг тэлэх, шинэ гарсан хуулиудын талаарх мэдээллийг өгөх, хангахын тулд дүүргийн 28 хороог нутаг дэвсгэрийн байршлаар дөрвөн бүст хувааж уг ажлыг шат дараатай зохион байгуулж байгаа юм.
Энэ удаагийн өдөрлөгт дүүргийн 6,13,14,15,18,25,26 дугаар хорооны иргэд хамрагдаж шинээр хэрэгжиж эхлээд буй Зөрчлийн тухай хууль болон иргэдийн ихээр сонирхдог эд хөрөнгийн бүртгэл, гэр бүл, хөдөлмөр, өв залгамжлалын эрх зүйтэй холбоотой мэдээллийг авсан юм. Мөн газар эзэмшихийн тулд ямар материал бүрдүүлж хэрхэн авах, газар давхардуулан олгосон тохиолдолд хаана хандах, хууль бусаар ажлаас халсан тохиолдолд ямар арга хэмжээ авах, насанд хүрээгүй хүүхдэд тэтгэмж хэрхэн тогтоолгох зэрэг асуултуудыг иргэдийн зүгээс түгээмэл асууж, тодруулж байв.
Ирэх сарын сүүлээр энэхүү өдөрлөг дахин зохион байгуулагдах бөгөөд Баянзүрх дүүргийн 8,10,11,12,20,23,28 дугаар хорооны иргэдийг өдөрлөгт идэвхтэй оролцож хэрэгжиж буй хуулийн талаарх хүссэн мэдээллээ авахыг уриаллаа.