Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолоор батлагдсан “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”, Нийслэлийн соёл, урлагийн газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/11 тоот тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор “Хуулийн хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа цахим болон автомат тоглоомын газруудад шалгалт хийж ажиллалаа.
Арга хэмжээний хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 7 автомат тоглоомын газар болон 35 цахим тоглоомын газрын үйл ажиллагааг шалгаж зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 4 автомат тоглоомын газар, 10 цахим тоглоомын газарт Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ тооцож, 25 мэдэгдэл хүргүүлж, 7 автомат тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоож ажилласан.
Мөн тус дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёр, гуравдугаар хэлтсүүд хамтран дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран Ази европын орнуудын дээд хэмжээний АСЕМ-ын 11 дүгээр хурлын үйл ажиллагаатай холбогдуулан хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад “Стандарт-Хяналт шалгалт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа. Арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг архи согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг нийт 248 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг шалгав. Шалгалтаар зөрчилтэй 8 аж ахуйн нэгж байгууллагад Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ тооцож, удаа дараа зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэн ажиллажээ.