Categories
мэдээ нийгэм

​Баянхошуу дэд төвийн хүүхдийн цэцэрлэг есөн сард ашиглалтад орно

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Улаанбаатар хотод хийгдэж буй дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, боловсролын салбарын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав.

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй Баянхошуу дэд төвд баригдах 240 ортой хүүхдийн цэцэрлэг, Бизнес инкубатор мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын явцтай танилцлаа. Засаг даргын орлогч П.Баярхүү гүйцэтгэгч компаниудын төлөөлөлд ажлын явцыг түргэвчилж, заасан хугацаа болох 240 ортой хүүхдийн цэцэрлэгийг ирэх сарын 15-нд, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгыг 30-ны өдөр хүлээлгэн өгөхийг үүрэг болгов.

Мөн Баянхошуу дэд төвийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажлын явцтай танилцсан юм. Тус ажлын гүйцэтгэл одоогоор 80 хувьтай байна. Тендерийн хугацаанд ажил бүрэн амжиж дуусна гэдгийг гүйцэтгэгч “Хангилцаг” ХХК-ийн ерөнхий менежер хэллээ. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү үерийн хамгаалалтын шатны модон тавцанг найдвартай бат бөх материалаар сольж хийх заавар өгөв. Үүний дараа Улаанбаатар хотын Тасганы овоон дээрх усан сангаас гурав, дөрөвдүгээр хорооллын усан сан, баруун дүүргийн насос станц хүртэлх 8070 метр урттай ф600мм-ын цэвэр ус дамжуулах гол шугамын барилга угсралтын ажилтай танилцаж нийслэлийн зүгээс газар чөлөөлөлтийн ажил дээр туслахаа илэрхийллээ.

С.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *