Categories
мэдээ улс-төр

​Баянгол дүүргийн удирдлагууд Япон улсын Шимада хотын төлөөлөгчидтэй уулзлаа

Япон улсын Шизүока мужийн Шимада хотын төлөөлөгчид Баянгол дүүргийн Засаг дарга болон дүүргийн удирдлагуудтай уулзлаа. Энэхүү уулзалтад Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Засаг даргын орлогч Э.Батбилэг, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэд дарга П.Цэцэгмаа,төлөвлөлт гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийн дарга Ө.Мөнхчулуун нар оролцсон юм. Япон улсын талаас Шимада хотын дарга Сомэяа Кинүё, тус хотын Боловсролын газрын дарга Хамада Казүхико тэргүүтэй албаны хүмүүс оролцож дүүргийн болон харьяа албан байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.

Хамтарсан уулзалтын үеэр Засаг дарга С.Одонтуяа дүүрэгтээ хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид хийх бүтээн байгуулалтын ажлын талаар, мөн Баянгол дүүргээ “Жишиг дүүрэг” болгохоор олон ажлыг санаачлан ажиллаж байгаагаа танилцууллаа. Үүний дотроос хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чухал ач холбогдолтой Хүүхэд, залуучуудын соёлын ордонг сонирхууллаа. Бид олон талаараа Жишиг дүүрэг болохоор зорьсон, түүний нэг жишээ нь Баянгол дүүрэг саяхан Ахмадын эмнэлэг нээлтээ хийсэн ингэснээр Монгол улсдаа цорын ганц эрүүл мэндийн стандарт хангасан жишиг дүүрэг болсон гэдгээ танилцууллаа.Мөн жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулах “Баянгол хүүхдийн зуслан”-ийн зохион байгуулалт зураг төсөлтэй танилцсан юм. Энэ нь бие даасан хүүхдийн зуслантай ганц дүүрэг болж тун удахгүй үүд хаалгаа нээхэд бэлэн болоод байгаа. Түүнчлэн Гандантэгчинлэн хийдийг аялал жуулчлалын бүс болгох тухай төсөл боловсруулан, гадаадын болон дотоодын жуулчдыг хүлээн авах цогцолбор төв болгохоор ажиллаж байгаа нь Япон улсын төлөөлөгчдөд ихэд таалагдаж байна гэдгээ Шимада хотын дарга Сомэяа Кинүё онцлон хэлж байлаа. Уулзалтын үеэр Баянгол дүүрэг Засаг дарга С.Одонтуяа, Япон улсын Шимада хотын дарга Сомэяа Кинүё нар хамтын ажилгааны олон тохиролцоонд хүрлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *