Баян-Өлгий аймагт шинээр баригдсан Хашаатын даваа-Толбо сум чиглэлийн 60 километр хатуу хучилттай авто замын барилгын ажил дөрвөн жил үргэлжилсний эцэст дуусгавар болж, Улсын комисс ажиллан, тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ. Уг төслийн зөвлөхөөр БНЭУ-ын ICT SAIN CONSALTING LLC компани ажиллсан бол ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын Чайна Хуаши Энтерпрайзис Лимитэд ХХК ажиллалаа.
Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжсэн энэхүү авто замын зорчих хэсгийн өргөн 7 метр, хоёр талдаа 1.5 метр хөвөөтэй, 5 сантиметр зузаан асфальтан хучилт, 69 хоолой, 15-30 метрийн урттай гурван ширхэг гүүртэй, олон улсын шаардлага стандарт бүхий авто зам юм. Одоогоор замын зарим хэсэгт тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч зэрэг ажил хийгдэх үлдсэн бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан есдүгээр сарын 15 гэхэд үлдсэн ажлаа хийж дуусгасан байхыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.
Энэхүү авто зам нь баруун бүсийн босоо тэнхлэгийн Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлд хамаардаг бөгөөд энэ нь ОХУ, Монгол Улс, БНХАУ гурван улсын Новосибирк – Барнау – Горно Алтайск – Ташанта – Улаанбайшинт – Ховд – Ярант – Такешкен – Өрөмч – Каши – Хонкираф гэсэн чиглэлээр дайран өнгөрч, Монгол Улсын нутаг дэвсгэрээр нийт 756 километр авто замын сүлжээг хамардаг.
Энэхүү сүлжээг Баруун босоо тэнхлэгийн авто зам гэж нэрлэдэг ба Монгол Улсын баруун бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд төдийгүй бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдол бүхий авто зам юм. Мөн ОХУ, Монгол Улс, БНХАУ хооронд “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд дээрх авто замын сүлжээг дамжин өнгөрөх олон улсын тээвэрлэлтэд идэвхтэй ашилах зорилтыг тавих ажиллаж байна.