Categories
мэдээ цаг-үе

​Бавуугийн Лхагвасүрэн: Дээд зэргийн хүн чанар, уураг тархитай хүмүүсийг түүх авч үлддэг

Монгол Улсын хөдөлмөрийн баатар , ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн хөөрөлдөөний үргэлж­ лэлийг хүргэж байна.

-Тантай сайхан хөөрөлдөе гэхэд “Би улстөржмөөр байна” гэж байсан даа?

-Эрдэнэтийн 49 хувь гэж их ярьж байна. Би үүнийг бодож байгаа. Би ч бас улстөрд байсан, хааяа хариуцлагатай ажил хийсэн хүн. Ард хүний нүдээр харж, монгол хүний ухаанаар бодоход Эрдэнэтийн 49 хувийг шийдэж чадахгүй шаагилдаад ядаад байхаар зүйл биш шиг санагдах юм. Эрдэнэтийг би ч “Минийх” гэж хэлэх эрхтэй. Манай хажуу айлын хөгшин ч хэлэх эрхтэй. Тэр битгий хэл Монголд төрсөн хот манадаг нохой хүртэл “Минийх” гэж хуцахад буруудахгүй. Эрдэнэт ч биш эрдэнэсийн бүх ордыг. “Миний юм, манай юм” гэж боддог Монголын хэдэн залуус хуруу хумсаа хуйхалж байгаад хэдэн төгрөг цуглуулаад 49 хувийг нутагтаа аваад ирж. Энэ чинь гэр дотроо хийсэн наймаа юм гэвэл аавдаа хэлээгүй наймаа, улс дотроо хийсэн наймаа юм бол төрдөө хэлээгүй л арилжаа байхгүй юу. Төгс шалтаг нь энэ. Энийг л Ц.Нямдорж яриад байгаа юм. Нямдорж бол төрт ёсыг л сахиж яриад байгаа. Хувьд өгөхгүй гэж байгаа юм бол төрөөс мөнгө гаргаад улсад авчих хэрэгтэй шүү дээ. Хэдэн жилдээ хүүхдүүдэд өртэй л байна биз, цувуулаад л өгчихнө биз. Ингээд шийдчих юман дээр чинь л Нямдорж руу дайраад байх шаардлага юу байна. Нямдоржийг гоочилж болно. Нямдоржийн байж байгаа нь улиг юм шиг санагдаж болно. Шударга ёс хуучрахгүй шүү дээ. Тэгэхээр Нямдорж хуучрахгүй гэсэн үг. Нямдоржийн бодож санаж яваа нь хэзээ ч хуучрахгүй. Би Нямдоржид хайртай. УИХ-д дөрвөн жил нэг ширээнд цуг суусан. Хэзээ, юунд гомдож, юунд баярладаг, юуг өөнтөглөдөг, юуг магтдаг, бүгдийг нь нэвт мэднэ. Тийм болохоор Нямдоржийг би өмөөрдөг. “Түрээсийн байранд байдаг” гээд Нямдоржийг гоочлоод л байх юм. Түрээсийн байранд байгаа Нямдоржийг АТГ-т өгч байгаа юм бол хөдөөнөөс ирж байшин түрээсэлж байгаа муусайн оюутнуудыг АТГ-т өгөх хэрэгтэй ш дээ. Тэгээд шалгахгүй юу. Энэнтэй адил эд нар өрөвдмөөр юм яриад байгаа байхгүй юу.

-Таны хайртай Ц.Нямдоржийг чинь “Шударга дүр эсгэдэг, хонины нэхий нөмөрсөн чоно” маягийн хүн гэх хэсэг ч байдаг л юм билээ дээ?

-Аа худлаа худлаа. Тийм хүн биш. Би Нямдоржийг яагаад өмөөрөөд байна гэхээр өдий дайны төрөөр явсан хүн чинь амьдралынхаа хэрэглээний дайны юмыг эдэлж болно оо доо. Илүүд нэг их үхэж алдан шунахгүй байх. Нямдоржийн нэгэн гайхамшигтай чанар нь хүүхдэдээ л хайртай хүн. Үхэн хатан үрээ хайрлаж чаддаг хүн. Үрээ хайрлаж чаддаг хүн үрийнхээ өмнө нэр хугарах, үрээ хэл амтай хорвоод үлдээх, үр дээрээ сүүдэр тусгаж үхэхийг цээрлэдэг ш дээ. Тэрийгээ мэдэх хүн. Тийм болохоор би өмөөрөнгүй ярьж байгаа юм.

-Та бас намуудын тухай ярина гэсэн дээ?

-Сая АН “49 хувь дээр 51 хувийг нэмээд зуун хувь идэх нь” гэж байна лээ. Тэд өөрсдөө иддэг. Бүгдээрээ л хувааж идсэн. Эрдэнэтийн идээнээс амсаагүй хүн байна гэхээр инээд хүрээд байх юм. Аливаа нэгэн тойруу замаар, улсын төсөвт орсон мөнгө нь хүн бүхэнд талх, будаа болж очиж байгаа. МАН, АН энэ хоёр нам нэр хүндийн хувьд, бодлого, төгс шийдэл, эр зоригийн хувьд, ард түмэндээ эх нь юм шиг зөөлөн сэтгэл гаргаагүйн хувьд, ухаалаг, эрдэмлэг, гэгээн байгаагүйн хувьд шившиг боллоо.

-Хоёулаа юу?

-Тийм. Хоёулаа хэрэггүй. Би шулуухан хэлэхэд Монголын ард түмэнд нам хэрэггүй болж. Ариун нэг сэжүүр ч алга. Тэгэхээр чинь хүн биширч, шүтдэг юм уу. Шилийн хулгайч айлын уяан дээр ирчихээд хүүхдийнх нь толгойг илээд, үнсээд мордоход айлынхан “Энэ хулгайч юм” гэж хэлдэггүй шүү дээ. Тэгж хэлэхээс цээрлэдэг юм. Хүний үр хайрлах тэнхэлтэй хүнийг “Хулгайч” гэж хэлэхгүй шүү дээ. Тэгээд бод доо, монголчууд ямар өргөн дэлгэр ухааны улс байна. Би бүр энэ намуудад дургүй хүрээд байдаг юм. Ярьж байгаа юм нь дандаа дэвшүүлэх, эсвэл буулгах. Бүүр нураах. Эсвэл солих. Ийм юман дээр л маргаад байх юм. Монгол орны хөгжлийн чиг баримжаа, ирээдүйн төлөөлөл, төсөөллийг сольж бод л доо. Тэрний төлөө хэрэлд л дээ.

-Зөвхөн албан тушаалын төлөө алалдаж, сандал ширээгээ л булаалдаж тэмцэлдэх юм даа?

-Албан тушаалыг зарна. Мөнгөөр худалдаад авчихсан ажлыг хэн сэтгэлээсээ хийх юм бэ. Авлига өгөөд, мөнгөөр худалдаад авчихсан юм чинь татах тамхи л гэсэн үг ш дээ. Үхтлээ зүтгэж, оюун тархиа барж, төр түмэндээ танигдаж гарч ирсэн сэхээтнүүд бол омог бардам ажлаа хийж болж байна.

-Тийм чадварлаг мэргэжилтнүүдээ сонгуулийн дараа л өвдөглөөд хаячих юм байна шүү дээ?

-Нөгөө гайтай намын харьяалал тэр. Нэг намд дандаа сайн нь цуглаад, нөгөөд дандаа новш нь чихнэ гэж байдаг юм уу. Тийм юм ерөөс байхгүй. Тэгж ярих юм бол намын харьяалал дотор байгаа хүн тухайн намд байгаа оюунлаг, ухаалаг, эрдэмтэй, ажлаа хийж чадаж байгаа хүмүүсээ аль ч нам хайрлах ёстой. Хүнийг хайрлана гэдэг чинь Монголыг хайрлахын нэг шалтаг шүү дээ. Хүн хүнээ хайрлахгүй бол Монголыг хайрлаж байгаа гэж худлаа хашхираад нэмэр байхгүй. Монгол хүнийг хайрла. Монгол цусыг хайрлаагүй, өмөөрөөгүй байж Монголыг би хайрлаж байна гэж худлаа хашхираад яах юм. Ийм хөөсрөл хэрэггүй. Бид чинь нэг цусны улс шүү дээ. Цусаа өмөөрч чадахгүй, цусыг нь гартал доромжлоод, муу хэлээд сууж байх юм. Амны алдас шиг муухай юм хаа байна. Үгүйдээ соёлтой ярьж болно оо доо. Соёл гэж эд нар солиордог. Соёл гэдгийг монголчууд жудаг гэдэг. Жудагтай, ахан дүүстэй улс шүү дээ. Монголчуудын хүн чанар, эр зориг, бие бялдрын сайхан, эрээ цээргүй, гүдэсхэн, сайхан сэтгэлтэйг нь магтаж дуурайдаг бөхчүүд яаж байна.

-Ээ мэдэхгүй, гэдсэндээ хөлөө жийлцээд байх шиг л байх юм?

– Инээдтэй байгаа байхгүй юу. Монгол эр хүний дуурайллууд ийм өрөвдмөөр, ичмээр байсан юм уу. Бөх барилдана гэдэг чинь тархи барилдахыг хэлдэг юм. Бие барилддаггүй юм шүү дээ. Бөхчүүд Монгол бөхийн өргөө гэдэг бөөрөнхий бялуу шиг хэлбэртэй байшингаас болж хуваагдаад байгаа юм аа даа. Тэгж ярих юм бол төсөв хүрэлцэхгүй байхад үхтлээ гүйж хөөцөлдөн байж босгосон Соёлын яамны орлогч сайд П.Даваасамбуугийн нэрэмжит Монгол бөхийн өргөө гэж байх ёстой юм. Өнөөдөр яагаад энэ тоорт шиг байшинг эд нар идэх гээд байгаа юм. Эд нарт бай мөрий, ашиг дутаа юу. Монголын ард түмний хайр дутаа юу

-Харин ч торгоны дээдийг өмсөж, тэрэгний дээдийг унаа байлгүй?

-Монголчууд бөх түрүүлэхэд юугаа ч хайрлахгүй байхад энэ бөх нар даанч дээ. Үгүй тэгээд, Их хурлын гишүүд, зарим компанийн эзэд жижигхэн спортын төрлийн холбоодын дарга болох дуртай юм. Сэтэр зүүж олон хадагтай хуц ухна шиг болох гээд байх юм. Ямар хэрэг байна. Эдэнд юу дутаав. Их хурлын гишүүнд юу дутчихаад жижиг холбооны дарга болох гээд байдаг юм. Монголын шилдэг акул компанийн захиралд юу дутлаа гэж тэр байшинг булаацалддаг юм. Дунд нь байж байгаа улсыг хар. Өдөржингөө нэгийгээ оршуулж уйлчихаад орой нь хэрэлдэж байгаа юм. Бөх хүн тийм байсан юм уу. Ядахнаа гурав хонуулж болдог байгаа даа. Монголчууд өнгөрснийхөө хойноос дөчин ес хоногт ам муруйдаггүй, зул тасалдаггүй шүү дээ. Тэгсэн чинь дөрвөн цаг ч бололгүй очоод хэрэлдчихдэг. Ертөнцийг мөнхийн юм шиг уучлалтай хандах аваргууд ханхайгаад сууж байх байтал ийм хутгуур болоод явж байх нь дэндүү гунигтай.

-Монгол наадмын зүүний манлай Мөөеө аваргыг уначихангуут л энэ бөхчүүд хагаралдаад уналаа гэж олон түмэн ярих юм?

-Зангарагтай, ухаантай хүн байлаа. Би хар нялхдаа нэг суманд өссөн. Надаас гурав ангийн ах. Их гэгээтэй хүн. Бөх хүнд хоёр гэгээ байдаг юм. Зодог шуудгаа өмсчихөөд байхад нь эс болгоноос нь гэрэл гардаг. Мэхээ хийгээд, барилдаад эхлэхээр дотроос нь гэрэл гардаг. Ийм хоёр гэрлийн зохицолтой хүн бол Мөнхбат аварга байсан. Нас барсан өдөр нь би өөрөө очиж чадахгүй юм чинь харууслын үг фейсбүүкт бичлээ л дээ.

-За юу гэсэн үг бичив?

-“Бадын гол нулимсаар урсаж, Батхаан уул чулуугаар мэгшиж байна” гэж бичсэн. Дэндүү ухаантай хүн байсан. Ухаанаа бүүр бодож байж олохоор их сонин хэлнэ. Шатар сайхан тоглоно. Намайг “Бавуугийн садга” гэдэг байлаа. “Бавуугийн садга миний охидод өгсөн захиаг уншсаар байгаад яруу найрагч болсон юм” гэж номондоо бичээд, телевизээр яриад баллана аа, цаадах чинь. “Миний дүү” л гэнэ. Нэг л удаа намайг п…. гэсэн юм.

-Амных нь уншлага байсан юм биш үү?

-Уншлага ч яахав, хэлэхгүй хүндээ хэлдэггүй юм. Хоёулаа “Найман гишүүн төгөлдөр цай”-ны рекламанд их хүйтэн идэр есөөр явж Чойрын наад талд орсон бууртай тэмээний хажууд зураг авахууллаа. “Ах нь бол чамайг бодохноо таван Д-тэй, би нимгэвтрийг нь өмсье” гээд өгсөн хувцсыг нь өмслөө. Үдшийн хүүш болчихлоо. Хүйтрээд ирсэн чинь бээрээд. Би “Цайны шилбэ босоод сайхан жил болох нь ээ” гэсэн чинь бээрчихсэн, нус нулимс нь гоожчихсон, нөгөө таван Д-тэй хүн чинь бүр үрчийсэн шар юм болчихсон “Чухам аа чухам” л гэх юм. “Эжий санагдмаар цай байна” гэхээр л “Чухам аа чухам” л гэх юм. Тэгэхээр нь би инээчихгүй юү. Үхтлээ инээгээд, нүүрээ малгайгаараа дараад элэг хөшчихсөн чинь “Үхсэндээ инээгээд байгаа п…. вэ” гэж намайг аашилсан. Нэг удаа л тэгж айхтар уурласан. (инээв. Л.Б) Тэр дурсамж одоо надад чихэр шиг санагддаг.

-Та төрийн тухай, төрт ёсыг алдуулахгүйн тухай их бодож, туурвидаг хүн дээ?

-Төрд тархи л ажиллана. Төр бол хүний оюун санааны чадавх, хүн чанар хоёрыг их голдог. Дээд зэргийн хүн чанартай, дээд зэргийн уураг тархитай хүмүүсийг түүх авч үлддэг. Эд нар түүхийн өмнө өнөөдөр муу юм хийж байвал хожим Монголын түүх хонзонгоо авах шиг авна. Түүхийн хонзонгийн өмнө хэдэн үе үржээд ч өөрчлөгдөхгүй. Үүнийг л гашуунаар бод гэж хэлмээр байна.

-Христээс Иуда урвадаг шиг урвагчид ч их байх юм даа?

-Урвагчид яах вэ дээ. Урвана л гээд байх юм. Урваж байгаа нь их сонин ш дээ. Албан тушаалын төлөө урвана, ашигтай газар руу урвана. Ямар хөөрхөн гээч. (Гашуунаар жуумалзасхийв. Л.Б) Энэ чинь соргог бэлчээрт отроор нүүж байгаа нүүдэл биш шүү дээ. Үхсэн хойноо ч урвах бол доо. Өөдтэй ч урваж чадахгүй байна. Амиа хорлотлоо, алуултлаа урваж чадахгүй, зүгээр л золбин урваад энд тэнд далиганаа л, амьтан долоогоод л, эсвэл хазаад л, дунд нь шалчиганаад л, тэнэгтээд л, өөрсдийгөө өмөөрөөд л, таашаалаараа бүлэг бүлэг болж, хэсэг хэсгээрээ бөөгнөчихсөн. Бие биенийгээ аятайхан үг хэлэхээр л дагаад явчихна. Өвс дагаж мал амьдарна, үг дагаж хүн амьдрахгүй. Энийг би хар үсгээр бичээсэй гэж бодож байна. Үг дагаж хүн амьдрахгүй.

-Өөрийн гэсэн толгойтой бай л гэсэн үг дээ?

– Хүн өөрийн гэсэн толгойтой юм чинь үг дагаж амьдарч яах юм. Монгол хүн бол хүн төрөлхтнөөс илүү тархитай, илүү бие бялдартай, илүү сайхан сэтгэлтэй, илүү хүнлэг, илүү түүхтэй бодьгал шүү дээ.

– Ү г дагаж амьдарч болохгүй гэхээр бага хаадын үе шиг болчих юм бол уу?

-Аа худлаа. Чингис хааны маань үр сад хэзээ эвдэрснийг хэн харчихаав. Солиор гэж хэлнэ. Арабын түүхчдийг унш, үгүйдээ Рашид-ад-Диний “Судрын чуулган” уншчих гэж хэлье. “Акбар Моголан” гэж мундаг ном гарлаа. Тэнд Хүлэг хааныг нас барахад очиж байсан хаад, очоод ярьж байсан бүхнийг бичсэн байгаа. Яаж ч муудалцсан хаад том хуралдай зарлахад дайсагнасан байсан ч ирнэ. Үгүй тэр чинь их өвгийнх нь ором нь байж байгаа юм чинь яахав. Үхсэндээ бага хаад эвдрэлцлээ гэдэг юм. Хараагүй байж, мэдээгүй байж. Гадны хүний харж байгаа нүд чинь монгол хүний Монголоо харж байгаа нүд биш шүү дээ. Дотор нүд биш. Хүнд дотор нүд, гадар нүд гэж хоёр юм байна. Гадар мэдрэмжийн сургаар Монголын түүхийг хэрвээ ойлгох гэж оролдвол дэндүү алдас болно. Би Монголын түүхийн сэдвээр өчнөөн жүжиг бичсэн. Би одоо ч бичнэ, амьд байвал. Тулуйгаар “Хаан золиос” гэж нэг сайхан жүжиг хийнэ. Бичиж байгаа. Удахгүй дуусгана. Хийх шиг хийнэ. Монголын хаад чинь тийм хагаралтай байгаагүй. Үхсэн, эдний байгаа байдал Монголын түүхтэй адилхан биш байна.

-Пунцагийн Бадарч ахтай саяхан уулзахад таны тухай яриад л их үгүйлж байх шиг байсан шүү?

-Хөөрхий дөө, мөрөөрөө амьтан. Би Зохиолчдын хороонд “Утга зохиол” сонинд зураач байхдаа Монголын тэр үеийн зохиолчдынхоо номын бараг бүх хавтсыг зурсан. Л.Лувсандоржийн ном, Д.Урианхайн “Хүн танаа”, Бадарч гуайн “Есөн эрдэнийн орон”, Т.Очирхүүгийн “Алтайн унага” гээд захаас нь дурдаад байвал олон. Номын зургаар хүүхдүүдээ тэжээдэг байлаа. Үхсэн хүн зурна. Би чинь зураач байсан ухаантай ш дээ. Зохиолчдынхоо номын дээлийг оёж өгч байсаан. Оёдолчин байлаа. Бадарчийн “Морьд” номыг нь их уншина. “Хэрлэн гэж шүлгээр эхэлнэ. “Нар тосон мэлтэлзэх мөнгөн цартай ус минь Найр наадмын түрүүнд таван түрлэг дуулал минь Надад өвөг эцгийн минь ярьсан цуутайхан домог минь Намуухнаар цав цагаан цахлай наадах ус минь…” гээд бүүр цээжилчихсэн. Үнэн юм энгийн мөртлөө сэтгэлд бууж байгаа нь сайхан. Болчихмоор ч юм шиг, хэн ч биччихмээр ч юм шиг. Сайн юм их хялбархан сонсогддог юм шүү дээ. “Загал” гэдэг дуулийг нь би тооно. Тэр их гоё. “Одод шиг олон ижил дундаа Саран шиг содон морь минь” гэж байгаа юм. Тэгээд нөгөө морь нь гүйгээд ирдэг юм, эргээд. Эргээд гүйгээд ирэхээр нь “Хүний ногтонд эрдэнэт толгойг нь өргөхөд Хүн шиг болсон загалыгаа би уйлав уу даа гэж харсан” гэж байгаа юм. Яая, тэгээд ирэхээр л сэтгэл нэг өөрийн эрхгүй огшоод ирнэ дээ. Тэр чинь их сайхан шатлалтай, драмтай. Төгсгөлд нь “Дахиад би загалыгаа гүйгээд ирвэл түрийнээсээ урт цагаан гаанс, адуунаасаа дөрвөн залуу морь өгнө” гэж дуусдаг байхгүй. Монгол хүнд чинь нэг ийм ааг ханхалсан юм хэрэгтэй байна ш дээ. Бадарч гуайдаа би их хайртай. Одоо ная гарчихаж байгаа л даа. “Монголын уран зохиолын таван хуруу” гэж Лувсандамбын Дашням, Д.Урианхай, Д.Батбаяр, Ж.Лхагва бид чинь “Дөмөн” хамтлагийнхан. Хамгийн бага нь би юм. Одоо бид уран зохиолын хөгшчүүл боллоо доо. Буурал оргилууд гэх нь ч юу юм, ямар ч байсан буурал толгод боллоо.

-Би ч та нарыгаа “сэтгэл оюуны гэрэлт сүмбэрүүд” гэж л боддог доо?

-Чи ч утга зохиолын ахмад буурлууд биднийгээ рестораны нэмэгдэлтэй магтах юм даа. (хоёул инээлдэв) Бид ийм сайхан юм сонсож, хууртаж байгаад үхмээр байна. Тэрнээс би “Сүмбэр” гэж айлгаад давхихгүй шүү дээ. Би та нараасаа ийм үг сонсохоор “Миний хойч үе надад хайртай байна” гэж баярлана аа даа. Энэ урмыг яах юм бэ, та нар.

-Зохиолчдоос ойрд эргэж ирэв үү?

-Ирэлгүй яахав. Урианхай гэхэд хоёр хоногийн өмнө ирээд явсан. Байнга ирнэ. “Найз аа, бид хэд чинь хагас зуун жил үерхжээ” гэж байна лээ. Жаран долоон оноос хойш үерхсэн байна. Тавин нэгэн жил болчихож. Би чинь их догшин ш дээ, ааштай. Тэр муутайгаа ам муруйж ч үзсэнгүй. Тэгэхдээ манай “Дөмөн”-гийнхөн намайг их эрхлүүлнэ ээ. “Лхагвасүрэн ирээгүй найр найр биш” энэ тэр гээд л. Их хөөрхөн онгирооно. Их сайхан юм, найз нөхөдтэй байх. Дашням маань хүлээнэ. Лхагваа маань байхгүй.

-Дашням ахтай саяхан уулзахад та нарыгаа бас яриад л байсан?

-Бид сайхан үерхсэн. Гэр бүлийн найзууд. Хүүхдүүдээ дундаа хийж зулж унтаад л. Ингэж насыг барлаа. Ямар ч байсан сайхан эх оронтой, сайн аав эжийтэй, сайн найз нөхдийн дунд хорвоог барж байна даа. Энэн шиг том аз байдаг юм уу, үгүй юу. Би хүн өсгөх л гэж, хүүхдүүдээ өлсгөхгүй гэж л зүтгэсэн хүн байгаа юм. Жоохон авьяас надад байгаа бол Монголын ард түмэнд юм хийгээд өгчих юм сан гэж бодох юм. Бодож байгаа. Хийсээн. Гэхдээ хүн ер нь бодсоноо хийж бардаггүй юм байна. Бодсоноо баралгүй үхдэг юм байна. Цуглуулсанаа идэлгүй үхдэггүй юм байна. Цуглуулсанаа идэж барж болох байх. Сэтгэл, бодол хоёр хүнээс ямар их урд явдаг гээч.

-Арлааны Эрдэнэ-Очир маань мөн ч залуухан буцлаа даа?

-Зохиолчдын хорооны дарга байхдаа УБДС-д оруулсан миний 13 хүүхдийн нэг. Эрдэнэ-Очирт бол зохиолч хүнд байх ёстой бүх элемент байдаг. Зохиолч хүнд байх ёстой хошин чанар, уянгын чанар, зоримог шийдмэг чанар, энхрий нялуун чанар, онол бодролын мөн чанар бүгд л түүнд байсан. -Хөөдөөгийн Эрдэнэбаатар маань ч бас л… -Хамгийн сүүлд М.Отгонбаяртай орж ирээд “Ном аваад явна шүү, ах аа” гээд явсан юм. Ирэлгүй явчихсан байсан. Ховдод очиход надаас салахгүй. Явуугийн дөрвөн номерын модны дэргэд Баасан бидний авахуулсан зураг зөндөө байдаг юм. Хөөдөөгийн Эрдэнэбаатарт орчлонгоос нууж хадгалсан юм цээж, тархи хоёрт нь нэг ч байхгүй. Цайлган, байгаагаараа, их тодорхой хүн шүү дээ. Уулзуут л уншиж болох, бариут л дуустал уншмаар ном шиг хүү байсан даа. Их галтай цогтой, бадрангуй сайхан яруу найрагч хорвоогоос ингээд явчих юм даа. – За тийм байжээ, хөөрхий… -Эцэст би баярласнаа хэлье. Ярьсныг минь унших хүнд баярлахаас гадна намайг яриулсан чамд илүү их баярлах ёстой. Ард түмэн, бид хоёрын дунд зууч болсны чинь төлөө, өөрийн чинь ярилцлагыг ард түмэн дуртай уншдагийн төлөө дүүдээ маш их баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *