Categories
мэдээ нийгэм

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНСУ-д ажлын айлчлал хийлээ DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Батлан хамгаалахын сайд Шин Вон Шигийн урилгаар 10 дугаар сарын 18-21- ний өдрүүдэд тус улсад ажлын айлчлал хийлээ.

May be an image of 13 people

Айлчлалын хүрээнд БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Шин Вон Шиг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг хүлээн авч, албан ёсны уулзалт хийв. Уулзалтын үеэр сайд нар батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, стратегийн түншлэлийн түвшинд шат ахин хөгжиж буй хоёр орны харилцаанд батлан хамгаалах салбарын харилцаа чухал байр суурь эзэлж буйг харилцан илэрхийлж, бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах нь чухал ач холбогдолтой болохыг онцлов. Мөн хоёр улсын цэргийн аж үйлдвэр, цэргийн эмнэлэг хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх талаар харилцан тохиролцов.

May be an image of 3 people

Монгол Улс, БНСУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа нь хоёр орны батлан хамгаалах яамд хоорондын гэрээ, хэлэлцээр болон бусад эрх зүйн баримт бичгийн хүрээнд бүх түвшний харилцан айлчлал хийх, яамд хоорондын бодлогын зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, цэргийн мэргэжилтэн харилцан сургах, хамтарсан сургалт дадлага явуулах, олон улсын хурал, семинар, үзэсгэлэнгийн арга хэмжээнд харилцан урьж оролцуулах зэрэг чиглэлээр амжилттай хөгжсөөр ирсэн юм.

May be an image of 3 people and clarinet

Ташрамд дурдахад БНСУ-ын Үндэсний Батлан хамгаалахын сайд Шин Вон Шиг нь сайдын албан тушаалд томилогдоод албан ёсоор хүлээн авч уулзсан анхны гадаадын сайд нь Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр байлаа.

Мөн сайд Г.Сайханбаяр айлчлалынхаа хүрээнд БНСУ-д зохион байгуулагдсан “Сөүлийн батлан хамгаалахын яриа, хэлэлцээ” болон “Сөүлийн агаар-сансар, батлан хамгаалах аж үйлдвэрийн олон улсын үзэсгэлэн”-д тус тус оролцов.

“Сөүлийн батлан хамгаалахын яриа, хэлэлцээ” олон улсын аюулгүй байдлын хуралдаанд дэлхийн 30 орчим улсын Батлан хамгаалахын сайд, дэд сайд, Элчин сайд, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн, 62 орны 1000 гаруй олон улсын эрдэмтэн, судлаач оролцсон бөгөөд оролцогчид бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд, түүний дотор олон улсын аюулгүй байдлын тогтворгүй нөхцөл байдал, эрчим хүчний аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлттэй холбоотой сорилтууд зэрэг аюулгүй байдлын нийтлэг асуудлаар харилцан ярилцаж, байр сууриа илэрхийлэв.

Сайд Г.Сайханбаяр “Сөүлийн батлан хамгаалахын яриа, хэлэлцээ” олон улсын аюулгүй байдлын хуралдаанд оролцох үеэр Австрали Улсын Шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын сайд Ричард Марлес болон Япон Улсын Олон улсын асуудал эрхэлсэн батлан хамгаалахын дэд сайд Киёши Серизава нартай тус тус хоёр талын уулзалт хийж, хоёр улсын батлан хамгаалах салбарын өнөөгийн харилцаа, хамтын ажиллагаа цаашдын хөгжлийн талаар санал солилцов.

May be an image of 2 people

Түүнчлэн айлчлалын бүрэлдэхүүн 14 дэх удаагаа зохион байгуулагдаж буй “Сөүлийн агаар-сансар, батлан хамгаалах аж үйлдвэрийн олон улсын үзэсгэлэн”-д оролцож, батлан хамгаалах аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн үйл ажиллагаа, орчин үеийн цэргийн техник, технологитой танилцав. Энэ удаагийн үзэсгэлэнд дэлхийн 20 гаруй оронд үйлдвэрлэгдсэн зэвсэглэл, техникийг танилцуулж, батлан хамгаалах аж үйлдвэрийн чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 500 орчим аж ахуйн нэгж өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцууллаа.

Сайд Г.Сайханбаяр айлчлалын үеэр Монгол Улсаас БНСУ-ын цэргийн их, дээд сургууль, академи, дамжаанд суралцаж буй цэргийн алба хаагчидтай уулзаж, ярилцлаа. Монгол Улс, БНСУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын гэрээний дагуу 2022-2023 оны хичээлийн жилд БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах их сургууль, Хуурай замын цэргийн сургууль, Агаарын цэргийн сургууль, Тэнгисийн цэргийн сургууль болон төрлийн цэргийн академи, батлан хамгаалах хэлний төвд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 20 гаруй цэргийн алба хаагч амжилттай суралцаж байна.

Батлан хамгаалахын сайдын ажлын айлчлал нь хоёр орны батлан хамгаалах салбарын харилцааг шинэ шатанд гаргасан чухал ач холбогдолтой айлчлал боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *