Сэтгүүлч Батдорж агсны нэрэмжит сангаас жил бүрийн гуравдугаар сарын 6-нд сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байгаа их, дээд сургуулийн хоёр, гуравдугаар дамжааны оюутнуудын дунд эссэ бичлэгийн уралдаан зарладаг.
Энэхүү уралдааны ялагчийг Дэлхийн хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний өдөр буюу өчигдөр зарлаж, шагналыг нь гардууллаа. “Цахим орчин дахь бидний араншин” сэдвийн дор зохион явуулсан эссэ бичлэгийн уралдаанд нийтдээ 120 гаруй бүтээл ирсэн байна.
Эхний шатанд ирүүлсэн эссэ бичлэг бүрийг шүүгч нар уншиж, уран чадварын шалгалт явуулсан аж. Хоёр дахь шатны шалгаруулалтаар оюутнуудтай уулзаж, тухайн эссэний гол санаа, бичих болсон шалтгааны талаар ярилцжээ.
“Сэтгүүлч Батдорж сан”-гийн нэрэмжит эссэ бичлэгийн дөрөв дэх удаагийн уралдааны тэргүүн байрт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн хоёрдугаар дамжааны оюутан н.Үенч шалгарч, ирэх жилийн сургалтын төлбөрөө төлүүлэх эрхийн бичгийн эзэн болов. Харин МУИС-ийн сэтгүүл зүйн гуравдугаар дамжааны оюутан н.Маралмаа удаалсан бол тусгай байрын эздээр МУИС-ийн сэтгүүл зүйн дамжааны оюутан н.Мөнхжин, МУБИС-ийн сэтгүүл зүйн дамжааны оюутан н.Янжмаа, МУИС-ийн сэтгүүл зүйн гуравдугаар дамжааны оюутан н.Оргилмаа, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн дамжааны оюутан н.Дэнсмаа нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал гардлаа.
Сэтгүүлч Батдорж сангийн тэргүүн Д.Мягмаржав “Энэ жилийн уралдааны онцлог нь сэдэв зааж өгсөн явдал байв. Тэр дундаа өнөөдөр Монголын сэтгүүл зүйд цахим орчин ба сэтгүүл зүй гэсэн томоохон зөрчилдөөн үүсээд байна. Үүнийг сэтгүүл зүйн чиглэлээр сурч байгаа оюутнууд хэрхэн анзаарч, ямар өнцгөөс шүүн тунгааж байна гэдгийг тандах зорилготойгоор уралдааны сэдвээ “Цахим орчин дахь бидний араншин” гэж нэрлэсэн юм. Сэтгүүлч хүний хувьд хувийн араншингаа нийгмийн сүлжээнд илэрхийлэх нь зохимжгүй. Харин цахим орчны элдэв араншинг өөрийнхөө бүтээлд зөв ашиглах хэрэгтэй. Барууны сэтгүүл зүйд ийм л өнцөг барьж байна. Энэ утгаараа энэ жилийн сэдвийг сонгож авсан” гэв.