Categories
мэдээ цаг-үе

Баруунтуруун сумын ахлах ангийнхандаа зодуулж бэртсэн 20 сурагч аймгийнхаа эмнэлэгт хүргэгджээ

-СУРАГЧИД ТАРХИНДАА ГЭМТЭЛ АВЧ, ЧИХНИЙ ХЭНГЭРЭГ НЬ ХАГАРЧ, ЗӨӨЛӨН ЭДИЙН АВСАН ГЭНЭ-

Увс аймгийн Баруунтуруун сумын Ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагчид доод ангийнхаа хөвгүүдийг зодож хүнд бэртэл гэмтэл учруулсан хэрэг энэ сарын 3-нд гарчээ. Арванхоёрдугаар ангийн хүүхдүүд арваннэгдүгээр ангийнхаа хөвгүүдийг ангидаа оруулж байгаад зодсон гэнэ. Бүр ангийнхаа хаалгыг дотроос нь түгжиж, охидуудынхаа нүдэн дээр цус нөжтэй нь хольж, газар унагаан дэвсэлсэн гэх мэдээлэл байна. Ахлах ангийнхандаа зодуулсан арваннэгдүгээр ангийн 20 сурагч аймгийн эмнэлэгт хүргэгдэн ирж нарийн шинжилгээ өгчээ. зодуулсан хүүхдүүд зөөлөн эдийн гэмтэл авахаас гадна чихний хэнгэрэг хагарсан, тархиндаа суурь ясны бэртэл гэмтэл авсан. тархины доргилттой гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэжээ. Хүүхдүүдийн толгой байнга өвдөх, бөөлжис цутгах, дотор гэдэс халуу оргиж өвдөх, нүүр, нүд, хамарны орчимд хөндүүрлэн өвдөж байна хэмээн эмч нарт хэлжээ. дээрх хэргийг увс аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна.

ОХИДУУД НЬ “ЧИ ЯМАР ГОЁ ЦОХЬДОГ ЮМ БЭ. АЙГААГҮЙ ЮМ БОЛ ТЭРИЙГ ЗОДООД ЦУСТАЙ НЬ ХОЛИОД ӨГ” ГЭЖ ХАШГИРЧ БАЙСАН ГЭНЭ

Баруунтуруун сумын ерөнхий боловсролын сургуульд гарсан зодооны талаар хохирогч хүүгийн ээжтэй холбогдож ярилцлаа. Тэрбээр “Хүүхдийнхээ болон өөрийнхөө нэрийг хэвлэлд гаргачих юм бол дараа нь манай хүүхдийг дарамталж, сургуулиас хөөнө. Тиймээс нэрээ нууцлахыг албан ёсоор хүссэн юм.

-Хүүхдийнх нь биеийн байдал ямар байна вэ. Хаанаа бэртэл гэмтэл авсан бэ?

-Манай хүүхдийн биеийн байдал тийм ч сайнгүй байна. Толгой нь эргээд дотор нь муухай оргиод байна гээд байгаа. Одоогоор хичээлдээ явахгүй, гэртээ хэвтэж байна. Аймгийн эмнэлэг зөөлөн эдийн гэмтэлтэй гэх оношлогоо хийсэн байсан. Гэтэл манай хүүхдийн гэдэс хэвлийн дотор талаар халуу шатаж, байж суух аргагүй болоод байна гэсэн. Бас гар, тохой, хөлөндөө хөхрөлт няцралттай байна. Удахгүй Улаанбаатар хот руу явж шинжилгээ хийлгэдэг юм билүү гэж бодож байгаа. Дотор эрхтэн нь гэмтээд дотуур цус шүүрээд байж магадгүй гэж таамаглаж байна. Манай хүүгийн ангийн нэг хүүхэд маш хүнд гэмтэл аваад хот руу явсан. Сураг сонсох нь эргээд наашаа ирж байгаа гэж сонсогдож байна.

-Тухайн үед юу болсон юм бэ?

-Тухайн үед болсон зодооны талаар ямар нэгэн нэмэр хачиргүйгээр яримаар байна. Аравдугаар сарын 3-нд 11 цагийн орчимд манай хүүгийн ангийн хөвгүүдийг 12 дугаар ангийнхан дуудсан байдаг. Ингээд нэг ангидаа 20 гаруй хөвгүүдийг оруулж ирсэн. Хана дагаад номхон зогс гэсэн юм байна лээ. Ахлах ангийнхан хэлэхээр доод ангийн хүүхдүүд ч хэлснээр нь бүгд эгнээд номхон зогссон байсан. Тэгсэн П.Цэвэгжав гэдэг хүүхэд л доод ангийнхаа хөвгүүдийг учир зүггүй зодоод эхэлсэн байдаг. Бусад ангийнхан ч тэр хүүгийн араас өмнөө байгаа хөвгүүдийг зодож эхэлсэн гэсэн. Хамар, амнаас нь цус гаргаж, толгой түрийгүй цохиж, бүр газар унагаад, хөл гар, цээж, хэвлий рүү нь удаа дараалан зодсон байна лээ. Бүр та нарыг алаад өгнө. Чи муу, муухай хараад байна уу. Муу гадны сумын бацаан. Илжгэн халх, баяд, дөрвөдүүд гээд л яс үндсээр нь доромжлоод зодсон байна лээ. Цусанд нь будна гэдэг нь энэ байхгүй юу гээд л анги дүүрэн орилж хашгираад, яг л зэрлэг араатнууд шиг авир гаргасан гэсэн. Миний хүүгийн ангийнхан “Одоо болно ш дээ. Яагаад ямар ч шалтгаангүй зодоод байгаа юм бэ. Ахаа больё оо” гэж гуйсан гэсэн. Тэгсэн арванхоёрдугаар ангийн хүүхдүүд “Та нар сургууль дээр таарахдаа яагаад бидэнтэй мэнд мэдэхгүй байгаа юм. Энэ сургуулийн эзэд нь бид. Та нар бидний хажууд шалдан банди нар” гэж хэлээд зодсон гэсэн.

-Ангийн охидуудынхаа нүдэн дээр доод ангийнхаа хөвгүүдийг зодсон гэсэн үнэн үү?

-Миний хамгийн гомдолтой байгаа зүйл нь энэ. Арванхоёрдугаар ангийн охидууд хөвгүүд нь доод ангийнхаа 20 хүүхдийг зэрлэгээр зодож байхад инээж, баярлаж хөөрч байсан гэсэн. Бүр ангийнхаа хүүхдүүдийг “Чи тэрнээс айгаагүй юм бол очоод цохиод ав. Чи айгаад байгаа юм биш үү” гэсэн байсан. Бүр ангийнхаа хөвгүүдийг “Чи ямар гоё цохьдог юм бэ. Дахиад цохь” гэж хүртэл хэлсэн байдаг. Хөвгүүд нь охидуудаа хараад улам бүр хөөрч, хэн нь доод ангийнхаа хөвгүүдийг нам цохиж унагаах вэ. Цус нөжийг нь гоожуулах вэ гээд л уралдаж зодсон байсан. Эмэгтэй хүмүүс байж зодооныг салгахын оронд бүр хөвгүүдээ улам хөөргөж, шордож хатгаж, бусдыг зодуулсан гэхэд итгэхээргүй юм болсон байна лээ. Охидууд нь хүртэл ингэж зэрлэгшихээр яах болж байна вэ. Миний ганцхан хүсч байгаа зүйл хүүхэд минь ямар нэгэн бэртэл гэмтэл битгий авчихсан байгаасай гэж бодож байна даа. Би гомдолтой байгаа. Энэ асуудлыг ингээд зүгээр өнгөрөөж болохгүй гэв.

БАРУУНТУРУУН СУМЫН СУРГУУЛИЙН БИЧИГДЭЭГҮЙ ХУУЛЬ БУЮУ ДООД ҮЕИЙНХНИЙГЭЭ ЗОДДОГ БОЛСОН ТҮҮХ

Увс аймгийн Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай, Зүүнговь сумын хүүхдүүд дунд сургуулиа төгсөөд Баруунтуруун сумын ерөнхий боловсролын сургуульд сурдаг байна. Олон сумын хүүхдүүд нэг суманд цуглардаг. Мөн яс үндсээрээ бусдыгаа гадуурхаж, зодоон цохион болдог байна. Сүүлийн хэдэн жил төгсөх ангийнхан XI ангийнхаа хүүхдүүдийг зоддог болжээ. Жил бүр Баруунтуруун сумын ерөнхий боловсролын сургуульд энэ байдал давтагдаж байгаа гэнэ. Яг л социалист нийгмийн үед цэргүүд оны ялгаа гаргаж, шинэ цэргүүдээ зодож дэглэдэг байсан шиг зүйл Баруунтуруун суманд болдог болжээ. Ахлах ангийнхан нь доод ангийнхаа хөвгүүдийг зодчихоод “Та нар дараа жил дүү нараасаа бидний зодсон өшөөг аваарай” гэж хэлдэг. Бусдад зодуулсан өшөө хорслоо тэр ангийнхан доод үеийнхнээсээ авдаг байна. Уламжлал болсон энэ харгис үйлдэл жил бүр давтагдаж байхад Баруунтуруун сумын Ерөнхий боловсролын сургууль, Засаг даргын тамгын газар, сумын цагдаа нар ямар нэгэн арга хэмжээ огт авалгүй өдий хүрч байгаа аж. Хэн хаанаасаа санаачилж, хэрэгжүүлж, хэдэн жил болж байгаа яргаллын золиосонд олон хүүхэд өртөн хөл, гараа хугалж, тархиндаа хүнд гэмтэл авч байсан аж.

УВС АЙМГИЙНХАН, БОЛОВСРОЛЫН ЯАМ ЗОДООНЫГ ЯАГААД НУУСАН БЭ

Увс аймгийн Боловсролын хэлтэс, Засаг даргын тамгын газар, Баруунтуруун сумынхан үүнийг ихэд нууцалж байгаа гэнэ. Бүр хүүхдээ зодуулсан эцэг, эхчүүдийг “Зодооны талаар ямар нэгэн мэдээлэл олон нийтэд гаргаж болохгүй. Бид эндээ чимээгүйхэн асуудлыг шийднэ. Хэрэв зодооны талаар ямар нэгэн зүйлс хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан байвал хүүхдийг чинь сургуулиас хөөнө. Та бүхний хүүхдүүдийг зодсон арванхоёрдугаар ангийн хүүхдүүдээс эмчилгээнд шаардлагатай бүх мөнгийг гаргуулж өгнө. Тэгэхээр санаа зовох хэрэггүй” хэмээн айлган сүрдүүлж, дарамталсан гэнэ. Бүр аймгийн Боловсролын хэлтсийн дарга “Хүүхдүүд нэгнийгээ зодож байгааг сургуулийн багш, захирал огт мэдээгүй байсан. Тэгэхээр сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч нарт арга хэмжээ авч ажлаас нь хална” гэж хэлээд явжээ. Гэвч одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгаа гэнэ. Мөн БСШУЯ-нд зодуулсан хүүхдүүдийн эцэг, эх гомдол гаргасан байна. Гэвч үүнийг нуун дарагдуулж “Сүртэй зүйл болоогүй байна. Хэдэн хүүхэд хоорондоо муудалцаад өнгөрсөн гэсэн. Одоо хүүхдүүдийн бие сайн байгаа гэж байна лээ. Яамны нэр хүнд унана. Үүнийг нууцал” гэж холбогдох газрын мэргэжилтнүүдэд үүрэг чиглэл өгсөн гэдгийг эх сурвалж онцолж байв.

БАГШ НАР ХИЧЭЭЛЭЭ ТАСАЛЖ, АЛГА БОЛСОН ХОЙГУУР ЗОДООН ГАРСАН ГЭНЭ

Баруунтуруун сумын ерөнхий боловсролын сургуулийн багш нар хичээлээ таслаад алга болох тохиолдол байнга гардаг байна. Зодоон болдог өдөр гурван багш хичээлээ таслаад алга болсон байжээ. Үүнээс болоод сургууль дээр эмх замбараагүй байдал бий болж, 20 хүүхэд ахлах ангийнхандаа зодуулжээ. Ангид хүүхдүүд бие биенийгээ зодож, цус нөжтэй нь хольж хашгиралдаж байхад тус сургуулийн багш нарын нэг нь ч мэдээгүй байна. Сургууль эзэнгүй юм шиг л байсан аж. Үүнээс болж Д.Батзаяа гэх хүү ГССҮТ-д ирсэн байна. Увс аймгийн эмч нар зарим хүүхдийг хэнгэрэг нөхүүлсэн ч гэсэн өмнөх шигээ сонсож чадахгүй болсон. Өөрөөр хэлбэл таны хүүхэд насан туршдаа сонсголын бэрхшээлтэй болсон байна гэдгийг хүртэл гурван ч хүүхдийн эцэг, эхэд хэлжээ. Увс аймгийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийнхан дээрх хэргийг шалгаж, хичээлээ тасалсан багш, арванхоёрдугаар ангийн хөвгүүд, охидыг шалгаж байгаа гэнэ.

Г.БАТЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *