Categories
мэдээ нийгэм

Барилга бүтээн байгуулалтын ажлууд царцаж, цаг хугацаа авах тусам татвар төлөгчдийн мөнгө л үрэгдэж байна

УИХ-аар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж эхлээд байгаа билээ. Төсвийн задаргааг харж байхад хамгийн түрүүнд олон жил царцсан барилга, бүтээн байгуулалтуудын ажил анхаарал татав. Заримд нь цөөхөн хэдэн төгрөг дусааж, заримыг нь ор тас мартсан бололтой. Жил дамнан царцаж байгаа барилгын жагсаалтад хэд хэдэн барилга багтжээ. Өнөөх улиг болтлоо яригддаг төрөх эмнэлэг, спортын ордон зэрэг барилгууд нэрлэгдэж байна лээ. Уг нь манай улс хүн ардынхаа эрүүл мэндэд үнэтэй хөрөнгө оруулалт хийхийн 14тулд эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ, спорт сургалтын төвүүдийг нэмэгдүүлнэ гэсэн бодлоготой биш бил үү. Гэтэл төсөв мөнгө хуваарилахдаа энэ бодлогынхоо эсрэг байдаг нь бас сонин. Үнэхээр эдийн засаг хүнд болохоор аргагүй эрхэнд барилгуудыг царцаагаад байна уу гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Ардаа том мотортой, лоббидож чадсан барилгууд богино хугацаанд сүндэрлээд байна. Гэтэл үнэн шударгаараа тендерт ялсан, ар өврийн хаалгагүй компаниудын ажил урагшилж өгдөггүй нэг зовлонтой. Яагаад ингэж хэлээд байна вэ гэвэл нэгэн инээдтэй болсон явдлыг та бүхэнтэй хуваалцъя.

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 1000 хүний суудалтай спорт комплекс барих тендерийг хэдэн жилийн өмнө зарласан байдаг. Энэ нь хүүхэд, залуучууд амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулагдсан усан бассейн, дасгал сургуулилтын
танхим, спорт заал бүхий цогцолбор юм. Тухайн үеийн Эрүүл мэнд, спортын яамнаас зарласан энэ спорт төвийг барих тендерт нийт төсөвт өртөг нь 7.2 тэрбумын санал өгсөн “Грийн ресурс констракшн” ХХК шалгарчээ. Ингээд тус компани 2015 оны зургадугаар сарын 5-ны өдөр захиалагч яамтай гэрээ байгуулсан байна. Барилгын бүтээн байгуулалтад 2015-2016 оны улсны төсөвт 1.8 тэрбум төгрөгийг суулгасны дагуу гүйцэтгэгч компани барилгын ажлыг эхлүүлжээ. “Грийн ресурс констракшн” ХХК энэ хөрөнгөөр газар шороо, барилгажих талбайд орсон дулаан, цэвэр, бохир усны хоолой зөөх, зоорийн давхрын угсралт гээд барилгын суурь болоод дэд бүтцийн ажлуудыг гүйцэтгэсэн байна. Ингээд 2016 оны сонгуулийн дараагаас спортын салбар эрүүл мэндийн яамнаас салж, Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд харьяалагдах болов. Тиймээс “Грийн ресурс констракшн” ХХК 2017 оны зургадугаар сарын 7-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай ажил гүйцэтгэх гэрээний хугацаа сунгах гэрээг байгуулан ажилласан байна. Гэрээнд “Спорт цогцолборын барилгын ажлын санхүүжилтийг гүйцэтгэлийн дүнгээр санхүүжүүлэх бөгөөд үлдэгдэл арван хувийг Улсын комисс ажиллаж, ашиглалтад хүлээлгэн өгсөн нөхцөлд олгоно” гэж тусгажээ. Ингээд 2018 оны улсын төсөвт гурван тэрбум төгрөг суулгахаар болсон байна. Гэтэл улсын төсөв батлагдахад спорт цогцолборын барилгын ажилд нэг ч төгрөг хуваарилаагүй юм. Тэр бүү хэл санхүүжилт шаардлагатай бүтээн байгуулалтын жагсаалтад нэр нь дурдагдаагүй байжээ. Шалтгааныг нь тодруулбал, Сангийн яамны мэргэжилтний хайнга байдлаас болсон нь тогтооджээ. Тодруулбал, төсвийн нэгтгэлийг шивж байсан мэргэжилтэн алдаа гаргаж, “Грийн ресурс констракшн” ХХК-ийг бичээгүй байна. Ганц ажилтны хариуцлагагүй, хайнга байдлаас болж нийслэл хотод өнгө нэмэх энэ том бүтээн байгуулалтын ажил гацаж орхив. Барилга бүтээн байгуулалтын хувьд нэг жил гэдэг их хугацаа. Хөрөнгө мөнгө нь байвал энэ хугацаанд хэд хэдэн барилга босгочихно шүү дээ.
Хэрэв “Грийн ресурс констракшн” ХХК ардаа том хөдлөх хүчтэй байсан бол 2018 оны төсвөөс санхүүжилтээ саадгүй авчих боломжтой байсан биз. Ядаж л төсвийн нэгтгэлд мэргэжлтний буруугаас болж шивэгдээгүй байна гээд л эднийхийг зүтгүүлчихнэ дээ. Харамсалтай нь тэд дараа жилийн төсөв батлагдах хүртэл хүлээхээс өөр зам байсангүй. Гэхдээ тэд өөрийн нөөц боломжоороо барилгын ажлаа гүйцэтгэсээр ирсэн юм. 2017 онд газар шорооны ажил, хамгаалалтын гадна шат, зоорийн давхрын шал, бетон цутгалт, блокын дүүргэлтүүдийн ажлуудыг хийсэн байна. Нийт өртөг нь 400 сая гаруй төгрөг болжээ.

“Хаширсан хүн гэж хаширсан хүнийг хэлнэ” гэгчээр “Грийн ресурс констракшн” ХХК 2019 оны төсөв хэлэлцэж эхлэхээс өмнө УИХ-ын дарга, дэд дарга, Сангийн сайд гээд холбогдох хүмүүст эртнээс албан бичгээр хандсан байдаг. Өнгөрсөн жил нэгэн хариуцлагагүй ажилтны буруугаас болж төсвөөс санхүүжилт авч чадаагүй, тэд ирэх оны төсөвт дахин ийм алдаа гарах вий хэмээн болгоомжилж хандаж л дээ. Шат шатанд нь уламжилж байсан тэдний хүсэлтийг хэн ч ойшоогоогүй бололтой. Дахиад л энэ жил спорт цогцолборын барилгын ажил царцаж орхилоо. Уг нь сангийн сайд Ч.Хүрэлбаатарын 2018 оны тавдугаар сарын 31-ний өдөр баталсан “Төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай” тушаалд “Улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн сар, улирлын хуваарийн дагуу олгохыг зөвшөөрсүгэй” гэж Төрийн сангийн дарга М.Батхуягт даалгасан байгаа юм. Гэтэл даамал нь эрхэм сайдынхаа үгийг үл тоосон уу, хэн нэгний хариуцлагагүй байдлаас бас болов уу, 1000 хүний суудалтай спорт цогцолборын барилгын ажилд ганц ч төгрөг тусгасангүй. Иймд гүйцэтгэгч “Грийн ресурс” ХХК-ийн зүгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хүсэлт илгээснийг олж үзэв. Уг албан бичигт “БСШУСЯ-ны захиалгаар Сүхбаатар дүүргийн спорт цогцолборыг нийт 7219.0 сая төгрөгийн төсөвтэй барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа бөгөөд 2015-2016 онуудад барилгын суурь, зоорийн давхрын каркас угсралт, дэд бүтцийн ажлуудыг хийж 1831.9 сая төгрөгийн гүйцэтгэл авсан. 2018 оны төсөвт харьяа яамнаас 2000.0 сая төгрөгийн санал өгсөн боловч Сангийн яамны мэргэжилтний алдаанаас болж нэгтгэлд орж чадалгүй хоцорч хөрөнгө тавигдаагүй. Мөн 2019 оны төсөвт хөрөнгө тусгагдаагүй байна. Хэдийгээр төсөвт хөрөнгө тавигдаагүй ч бид өөрсдийн нөөц бололцоог ашиглан өнгөрсөн оны аравдугаар сараас өнөөдрийг хүртэл 412 сая төгрөгийн барилгын ажлыг гүйцэтгэсэн юм. Энэхүү барилга нь Сүхбаатар дүүргийн иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон, эрүүл аюулгүй орчинд өнгөрөөх, бие бялдраа хөгжүүлэх зэрэг чухал ач холбогдолтой усан бассейн, спорт заал бүхий цогцолбор юм. Дээрх барилгын ажил үргэлжлэхгүй олон жил зогсвол барилга бүтээцийн чанарт муугаар нөлөөлж, цаашлаад татвар төлөгч нарын хоёр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө үнэгүйдэж салхинд хийсэх аюулгтай байна. Иймд тухайн барилгын санхүүжилтийг 2019 оны төсөвт тусгаж, барилгын ажлыг хэвийн үргэлжлүүлэх бололцоогоор хангаж өгнө үү” гэсэн байна.
Ер нь бор зүрхээрээ явж байгаа хувийн компаниудад төр нэг иймэрхүү л ханддаг. Төсөв мөнгийг нь ч баталж өгөхгүй гацаадаг. Барилгын компаниуд дараа жилийн санхүүжилтэд найдаад өөрийн хөрөнгөөрөө юм уу, банкнаас зээл аваад барилгын ажлыг бага сага ахиулчихдаг. Гэтэл мөнгө хуваарилахгүй болохоор банкны өндөр хүүтэй зээлд дарамтлагдаж үйл ажиллагаа нь доголддог явдал манай барилгын салбарт түгээмэл явдал болжээ. Тэгсэн хэрнээ дарга, сайд нар нь өөрсдийн найз нөхөд, танил талынхаа компаниудыг дэмжиж, барилгын ажлыг нь шуурхайлуулдаг нь нууц биш юм. Харин царцаасан барилгуудыг жил ирэх тусам төсөв нь нэмэгддэг гэж шүүмжилдгийг яана гээч. Валютын ханш өдөр, хоногоор нэмэгдэж байгаа өнөө үед барилгын материалын үнэ ч өснө шүү дээ. Тэр хэрээр царцсан барилгуудын төсөвт өртөг нь ч нэмэгдэж таарна. Дээрээс нь дутуу баригдсан барилгууд хугацаа алдах тусам чанар нь мууддаг гэдгийг мэргэжилтнүүд андахгүй. Арматур гэхэд ус бороонд зэвэрч, уян хатан болдог гэх юм билээ. Мөн суурийг нь цутгаад орхисон барилгууд эмтэрч, илэгддэг.
Нийслэлийн хүн амын тоо нэмэгдэж, төрөх эмнэлгүүдийн ачаалал хэрээс хэтэрсэн. Ээжүүд коридорт төрж, амаржсан эхчүүд нэг хоноод эмнэлгээс гарч байна. Гэтэл улсын IV төрөх эмнэлэг одоо хүртэл ашиглалтад ороогүй л байна. Улиг болтлоо яригдаж буй энэ эмнэлгийн барилгын ажил 2010 онд эхэлсэн. Бас Зайсан дахь хүүхдийн эмнэлэг гэж дуусдаггүй барилга байна. Өнөө маргаашгүй
л ашиглалтад орчих юм шиг шав тавьж, ёслол төгөлдөр эхлүүлдэг барилга байшингуудаа төлөвлөсөн хугацаандаа дуусгачихдаг болох сон доо, төрийн түшээд минь. Барилга бүтээн байгуулалтын ажлууд царцаж, цаг хугацаа авах хэрээр тэрэнд зориулах татвар төлөгчдийн мөнгө л үрэгдээд байна шүү дээ.
Б.НАРАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *