Дэлхий нийтээрээ банкинд дугаарлах, теллерт мөнгө тушаах хэв маягаас татгалзаад эхэлчихсэн. Манайхан байр, тог цахилгаан, кабель, интернэт, гар утасны төлбөрөө төлөхийн тулд банк, үйлчилгээний салбаруудад дугаар авч зогсоод сурчихсан. Гэхдээ эдгээр ажлыг хөнгөвчилж гар утсандаа суулгасан банкны апликейшн, ажлынхаа компьютерээс интернэтээр төлбөрөө шилжүүлчихдэг болоод удаж байгаа. Гэтэл ихэнх хүмүүс “Интернэтээр төлбөр төлөхөөр и-баримт өгдөггүй. Салбарт нь очих юм уу, банк орсон нь найдвартай” гэдэг. Нээрэн ч тэгдэг дээ. Гар утасны апликейшныг ашиглаад мобайлаар утасны төлбөр хийлээ гэхэд ямар нэгэн и-баримт ирдэггүй. Тийм болохоор и-баримт хэвлэж өгдгийг нь бодоод олон хүн банк, үйлчилгээний салбаруудыг зорьдог байх. Гэтэл мобайл банк, АТМ, интернэтээр төлбөр хийхэд и-баримтыг таны цахим шуудан руу илгээдэг. Ингэхийн тулд үүрэн телефоны оператор, телевиз, интернэтийн үйлчилгээний лавлах, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний лавлах руу залгаад цахим шуудангийнхаа хаягийг бичүүлж, хэрэглэгчийн мэдээллээ баталгаажуулна. Үүний дараа мобайлбанк, АТМ, интернэт зэргээр төлбөрөө төлөхөд и-баримт нь цахим шууданд тань хүрээд ирнэ. Жишээ нь, цахилгааны төлбөр, гар утасны төлбөрөө төлөх гэж банк, үйлчилгээний салбарт очиж дугаар авч цагаа гарздах шаардлага алга. Лавлах руу утасдаад л цахим шуудангийнхаа хаягийг бүртгүүлчихэд и-баримт тань ирчихнэ. Хүн төрөлхтөн цагаа хэмнэж хялбарчилж, техник технологийн үр шимийг хүртэж байхад монголчууд “Банк орж мөнгө тушаана”, “Банк онгойхоор мөнгийг чинь шилжүүлчихье”, “Банкинд оочерлоод зогсож байна” гэж хоцрогдсон, бүдүүлэг юм ярьж л явах. Олон улсын банк, санхүүгийн салбарт том өөрчлөлтүүд гарч теллер гэх мэргэжил үгүй болж эхэлж байгаа юм билээ шүү.