БАЛБЫН ЭРТНИЙ ӨВ СОЁЛ МОНГОЛЫН БУРХНЫ ШАШНЫ ТҮҮХТЭЙ САЛШГҮЙ НЭГЭН ШИЖИМТЭЙ
Балбад болсон газар хөдлөлтийн тухай сэтгүүлч, зохиолч Ж.Саруулбуянгийн бичсэн тэмдэглэлийн үргэлжлэлийг хүргэж байна. Энэхүү тэмдэглэл нь хамгийн их уншигдаад байгаа бөгөөд эхний цуврал нь “Өдрийн сонин”-ы №116 (5068) дугаарт гарсан билээ.
Биднийг Катмандугийн олон улсын нисэх онгоцны буудалд буухад такси авах уу гэсээр угтсан хүмүүсийн дотроос өндөрдүү, монголжуу царайтай бор залуу;
-Сайн явж ирэв үү, монголчууд биз дээ. Би Монгол удмын хүн шүү дээ, буудалд чинь хүргээд өгье гэж билээ. Бид Улаанбаатараас буудал, унаагаа захиалчихсан болохоор баярлалаа гээд л явуулав.
Миний багаасаа сонсож дуулснаар бол, Балба нь монголчууд бидний нэг хэсэг юм, шашин шүтлэг, нүүр царай, ёс заншил их адилхан шүү гэсэн өвгөдийн үг сэтгэлд хадагджээ. Гэхдээ Балба руу явъя, үзье гэж сонирхож явсангүй. Нутаг оронд, дээр үед Төвд, Балбын орноор эргэл мөргөлөөр явж байсан гэх хүмүүсийн тухай хууч яриа олонтаа дуулддаг байсан. Социализмын үед бол бүүр ч хол. Буддын шашинтай, хаант засагтай, буурай жижиг улсыг хэн тоох билээ.
Тэртээ наяад онд Архангайгаар явж байхдаа, залуу зандан үедээ Төвд, Балбын орноор хэрэн явж эрдэм ухаанд суралцсан Манжилжав дархны тухай бичсэн тэмдэглэлээ эргэн нэг харав.
Манжилжав төмөр боловсруулах нарийн эрдмийн нууцыг мэддэг хүн байж. Автономитын үед Богд Жавзандамбад бараалхан улсаа мөнгөн тэмдэгттэй болгоё, түүнийг би хийж өгье гэж байсан гэдэг. Түүнийг Богд хаан тоосон үгүйг бүү мэд. Харин Манжилжав өөрийн урласан хоёр жангийн байшинд багтахаар модон цагаа Богдод өргөсөн гэдэг.Түүнийг нас өндөр болох үед Монгол Улсад бариа тавианы үе ирж, өвгөнийг гадаад орноор их явсан тагнуул гээд барьж аваачин хорьжээ. Өвгөн тэдэнд учирлан, миний тагнуул магнуул гэж юу байхав дээ хэрэн хэсч л явсан хэрэг. Харин улсдаа цайны ургамал ургуулах, олс хийж боловсруулах ухааныг хэлж өгье гэж сөгдөн амь гуйхад нь ногоон малгайтнууд өчиггүй цаазалсан гэдэг. Манжилжавын тухай энэ яриаг С.Сэрээтэр гэдэг хүн ярьдаг байсан гэж Тэрхийн цагаан нуурын хавийн хүмүүс ярьсан нь бий. Богдын модон цагийг хийсэн хүний тухай Ш.Чоймаа багш надад нэгэнтээ чухалчлан хэлж байсан юм. Энэ мэтээр Монгол Балбын хооронд шашин, түүх соёлын гүнзгий холбоо улбаа гарч, худалдаа арилжаа хөгжиж, үлгэр домогтоо ч
Балбын дархан балбаж хийсэн
Бас нэг дархан давтаж хийсэн гээд гарч байдгийг эдүгээ л санахад хүрэв.
Энэтхэг, Төвд, Балбын үүсгэл гарал, соёлыг судалдаг Элчин сайд О.Нямдаваа саяхан “Балбын Монголчууд” гэдэг ном бичсэн нь ч учиртай. Балбад 61 ястан байдгийн 56 нь монголчууд гэж балба хүмүүс ярьдаг гэнэ. 1990 оны Балбын Засгийн газрын хүн амын тооллогоор бол хүн амынх нь 35.6 хувийг монгол гаралтай хүмүүс байна гэж тоолсон удаатай аж. Үүнийг Балбын Монгол гаралтай хүмүүс бид хүн амын 42 хувиас илүүг нь эзэлнэ. Балбын хүн амын 10-12 сая нь Монгол гаралтай гэж тэд ярьж байна гэж доктор О.Нямдаваа бичжээ. Ингэхээр бидний өвөг дээдэс хэзээ ч юм өөрсдийн нэгэн хэсгийг Гималайн өвөрт үлдээгээд мартчихсан нь үнэн болтой.
Хөөрхий минь, тэд биднийг хэзээ ирж авах бол гэж Монгол нутгийн зүгт цайны дээжээ өргөсөөр зогсож байдгийг О.Нямдаваа ярьсан нь бий. Үсэрсэн цус, тасарсан ясны хэлтэрхий болсон хөөрхий Монгол удмын хэчнээн сая хүн тэнд зовж байна гэхэв. Тэд дэлхийд хоцрогдсон бүдүүлэг, ядуу хоосноороо дуудуулан агуу их өв соёлоо тээн тээсээр өнөөдөртэй золгосон биш үү.
Монголчууд Японд цунами болоход эгээ л газар нутгаа таслаад өгчихөөгүй, хэдэн өдөр уй гашуу болж, хэдэн өдөр дотоодын бүх амьдралаа мартан цунамид хамаг анхаарлаа хандуулж, чадлаараа тусалсан билээ. Өндөр хөгжилтэй орон болохоор өнө холыг бодож туслаа биз. Одоо үндэс язгуур, шашин шүтлэг нэгтэй Балбад хэрхэн туслах вэ? Дэлхийн дээвэр цуурч, Ази тив бүхлээрээ гэхээр доргиж, угсаа нэгт Балба улс даяараа уйлан гашуудан байхад мэдсэнээсээ мэдээгүй нь олон хүмүүс бид гурвыг угтаж билээ. Бусдын зовлон гэж байдаггүй. Бусдын зовлон бидний, миний зовлон шаналан гэх өрөвч сэтгэлээ бид мартаагүй л байлтай. Балбын мөнхийн хөрш Энэтхэг, Хятад хоёр улс хамгийн түрүүн халуун сэтгэлийн гараа сунгаж, өөрсдийн онгоцоор тусламжаа илгээн, тэнд амь нас нь хутганы ирмэг дээр байгаа иргэдээ татан авч байхыг бид нүдээрээ харж байлаа.
Эверестэд уулчин, жуулчин аваачиж авируулах, эртний хэдэн сүм суваргаа үзүүлэхээр л үндэсний орлогоо бүрдүүлэхээс өөр идгүй хоцрогдсон улсын Засгийн газар нэрвэгдэн зовсон хүмүүстээ хэрхэн бүрэн тусалж, аварч чадахсан билээ. Жуулчдад үзүүлж харуулан гайхуулдаг үнэтэй цайтай өв соёлоо бүгдийг сүйтгүүлчихсэн гар мухар, ганзага хоосон ард түмний шаналсан нулимсыг хэн, хэзээ, хэрхэн хатаана вэ? Хамгийн сүүлийн мэдээгээр Балбад нас барагсдын тоо 7000 хол давсан бөгөөд цаашид энэ тоо нэмэгдсээр байх нь дамжиггүй. Хэчнээн мянган хүн хэл сураггүй болоод байгааболохоор энэ тоо өссөөр байна гэсэн үг. “Гималай таймс” сонинд бичсэнээр газар хөдлөлт болсон өдөр Балбад 20000 гаруй гадаадын иргэн байсны гурав нь бид байжээ.
Хааяа хааяа ийш тийш явахдаа явсан орныхоо түүх, өв соёлыг л жаахан анхаарч сурвалжилдаг “өвчнөөрөө” Балбын агуу их өв соёл үнс нурам болохыг хараад зүрх зогсох шиг болсонсон.
Монголд маань, түүн дотроос Улаанбаатарт Катмандугийн чичиргээ шиг шилгээлт болбол биднээс хэд нь үлдэх вэ? Улсынхаа тэн хагасаас илүү нь Улаанбаатарыг бараадан, хог дээр ч хамаагүй хэвтэж байдаг бид улсаараа үгүй болох уу. Барилга байшин нь газар хөдлөлтийн наад захын чичиргээг даахгүй энэ олон шавааралдсан барилгуудаас нэг нь ч эс үлдэх биз ээ. Өв соёл гээд яривал бүүр ч өнгөрсөн хэрэг. Хэзээ мөдгүй нурахаа дөхсөн зуун жилийн настай байшиндаа Занабазарынхаа хэдэн урлал бурхадыг хадгалдаг, Үндэсний музейн барилга нь газар хөдлөөгүй байхад аль эрт цуурчихсан байхад хэдэн модон сүм дуган яахсан ч билээ.
Балбад 1832 онд баригдсан Дарахара цамхаг дөрөвдүгээр сарын 25-ны газар хөдлөлтөөр нурсан. Дарахарагийн есөн давхар цамхагт авирч явсан 180 гаруй хүн дарагдан нас барсан гэсэн. Эртний түүхт энэ цамхгаас ердөө ганц давхар нь л хагас дутуу үлджээ. Хиндү шашны Парватигийн хойд дүр хэмээгддэг Багватигийн ариун дагшин газарт орших Манакамана хийд ч сүйдэв. Хэчнээн тооны жижиг сүм хийд, байшин барилга сүйдэн нурсныг эдүгээ тоолох ч, хэлэх ч аргагүй.
ЮНЕСКО-д бүртгэлтэй соёлын өвүүд ч өчнөөнөөрөө сүйдэв. Катмандугийн хөндийд орших Катманду Дурбарын талбай, Пата Дурбарын талбай, Бактабур Дурбарын талбай /Энэ гурван талбай гурвуул дэлхийн Соёлын өвд бүртгэлтэй байсан/ дахь эртний түүх соёлын дурсгалт газар бараг бүхэлдээ сүйдлээ хэмээн ЮНЕСКО урьдчилсан үнэлгээ өгч мэдээлсэн байна.
1979 онд ЮНЕСКО-д бүртгэгдсэн, газар хөдлөлтийн цэгээс зүүн хойш 11 км-т орших эртний Буданат буюу Хашор /монголчууд Жарун Хашорын суварга гэдэг/-ын суваргын зарим хэсэг нурлаа. Энэ нь дэлхийн хамгийн том суваргуудын нэг юм.
Соёмбонат /Swayambhunath/ буюу Сармагчны хийд хэмээн олонд алдаршсан бурхны шашны эртний сүм хийдийн багагүй хэсэг нурсан.
Катманду хотоос зүүн хойно 5 км-т орших Багмати голын эрэгт байдаг Хиндүшашны томоохон хийд болох Пашупатинат хийдийн зарим хэсэг нуржээ. Катмандуд нийтдээ 7 бүлэг түүх соёлын өв ЮНЕСКО-д бүртгэлтэй байдаг аж.
Үүнд Буддын шашны Соёмбонат болоод Хашорын суваргууд, хиндү шашны Пашупатинат хийд болон Чангу Нараяан хийд багтдаг байна. Тэдгээрээс Лумбинихэмээх газар дахь Сидхарта Гаутама буюу Бурхан багшийн мэндэлсэн газрыг мөн ЮНЕСКО дэлхийн соёлын өвд бүртгэсэн. Харин энд байдаг хийдүүд маш бага гэмтжээ. Бурхан багшийн мэндэлсэн ариун дагшин газар орон нь Катмандугаас алс хол 9 цаг явах газарт оршино.
РЕРИХ МОНГОЛД БАЙХДАА БУРХАН ХАЛДУНЫГ НЭГЭЭХЭН АНЗААРСАН БОЛ…
Катманду дахь Монголын Өргөмжит консулын ивгээлд орж, аюул сүйрлийн халуун цэгээс жаахан холдсон бид гурвыг тэд өөрсдийнхөө нэгэн адил нуран унах аюулгүй нэгэн давхар хөнгөн хийцийн саравчинд байрлуулан юмыг яаж мэдэх вэ хүчтэй чичирхийлбэл дээрээс хөнгөн дээвэр унаж магадгүй гээд их хэмжээний багласан ноосон хана босгож өглөө. Гэлээ ч яахин амар тайван байх билээ.
Консулынхан, настай багш ламаа, аюулаас аврагдсан буянт хөгшин ижийгээ, Монголын гурван иргэнийг асран хамгаалах үүрэгтэй. Биднийг ер ийш тийш явах, хашаанаас гарахыг зөвшөөрөхгүй. Та нарын амь насыг бид хариуцаж байгаа гэж дахин ахин хэлнэ. Эдний цэцэрлэгийн залгаа байсан тоосгон хэрэм нурж, гурван ажилчин нь бурхан болсон гэнэ.
Өглөө өдөр орой тогооч бүсгүйчүүд бидэнд яг л бидний уудаг шиг цай чанаж өгч, иддэг гурилтай хоол /борцтой/, бин, өндөг тэргүүтнийг өгнө.
Орой бүгдээрээ лам багшаа тойрон, эрхи барин сөгдөн сууцгааж, залбирал уншлага үйлдэнэ. Бид ч шашин бурхан нэгтэй улс хойно залбиран сууж, ламд мөргөн, хөгшин ижийг нь талархлын харцаар харна.
Хөгшин өөрийнхөө хэлээр;
-Эдэнд сайн хоол унд өгөөрэй. Тайван байлгаарай гэж байнга хэлнэ. Биднийг сэтгэл жаахан тайвшран хүйтэн чулуун шатан дээр суухад хивсэн дээр суу, наанаа хэрэггүй гэж дохино.
Катмандугийн тэнгэр энэ хэд хоногт юутай ч зүйрлэмгүй хөхвөр хэрнээ бүүдгэр манантай, хүмүүсийн нүдэнд мөн л тийм гуниг гутрал, хагацал гашуудлын манан сүүмэлзэнэ.
Би хоргодох саравчныхаа үүдэнд суун, дэвтэр харандаагаараа өөрийн зугааг гарган элдвийг мартагнахыг хичээнэ. Тэнгэр рүү ширтэхдээ Монголынхоо одтой гүн хөх тэнгэрийг үргэлжид бодон, хээр талдаа адуу янцгаахыг сонсохсон гэж адгана. Буданатын гайхамшигт мэлмий нүдэнд минь хааяа хааяа тодрон харагдаж байснаа жаахан охины минь тормогор нүдээр дахин солигдоно. Будда бурхан намайг, биднийг ивгээж байгаа нь тэр биз ээ гэж итгэн, багадаа цээжилсэн мааниа уншихын хажуугаар зураг таталбараа хийсээр.
Өргөмжит консулын байр их өндөрлөг газар байгаа бололтой. Цэцэрлэгээс нь урагш хашаан дээгүүр Катмандуг тольдон харах боломжтой. Буданатын гайхамшигт суваргын ихэнх бие оройн хэсэг сүм дуган, тэр олон барилга дундаас онцгой харагдана. Алсханаас ч гэсэн Буддагийн мэлмий биднийг үргэлжид ширтэн, эх орныг минь санагдуулна. Энэ мэлмий бол бурхны мэлмий. Бидний өвөг дээдсийн үеэс шүтэн ирсэн Бурхан багшийн мэлмий бидний ариун дээдийн шүтээн хойно.
Манай гэрт дөрөв таван үеэрээ дамжуулан шүтэж ирсэн нэг их том хар утаа зуусан гуутай бурхан багшийн танка хөрөг байдаг юм. Нэг удаа Ажаагийнх маань зуны амбаарт байхдаа их борооноор бурхан дээрээ дусаал дусааж, бага зэрэг сэвтээгээд өөрөө өвдөж билээ. Нэг лам нь бурхнаа сэвтүүлж л гэсэн биз. Бурхнаа хотод байдаг хүү над руу явуулав. Би сэргээн засварлахын урчуудаар сайхан засуулаад буцаан аваачиж өгч билээ. Ажаа маань бурхнаа сайн авч яваарай л гэсэнсэн. Хэчнээн үед ч хэчнээн ч монголчуудын зорин ирж мөргөсөн, хүсэл мөрөөдлөө, зовлон гунигаа нимгэлүүлсэн Жарун Хашорын алдарт суваргын дээдийн адис шүншиг, рид хүчинд хэн ч итгэн мөргөх бус уу.
Буддагийн мэлмий зорин ирсэн хүмүүсийн хувь заяаг, дотоод сэтгэлийг харах бус дэлхий даяархныг ширтэн харж, энэрэн нигүүлсэн байдаг нь бурхны шавь нарын итгэл үнэмшил болно.
Оросын эрдэмтэн Эрнст Мулдашев, Буданатын энэ нүд бидний мөнхийн эрэл болсон алдарт Шамбалын орны агуу нууцыг хадгалсан Кайласыг харж байх шиг гэж таамагласан. Би бол Буданатын энэ гайхалтай мэлмий монголчуудын их оройлох шүтээн Бурхан Халдуныг ч харж байгаа гэж хэлмээр санагдана. Рерихээс эхлээд Мулдашев хүртэл Шамбалын орны эрэлд хатан, Кайлас уулыг их онолдуулдаг. Тэрхүү Кайласын хэлбэр байдал, оройн дүр хөрөг нь Бурхан Халдуны дээд оройтой яг л адилхан санагддаг юм.
ИХ БОГДЫН ИХ ШИЛГЭЭЛТИЙГ САНАВ
Нэгэн мянга есөн зуун ерэн найман оны намар Баянхонгор аймгийн нутаг дахь түүх соёлын дурсгалт зүйлсийн талаар ном бичихээр томилолт өвөрлөн явахдаа Их Богдын газар хөдлөлтийн урт соривыг гайхан мөшгиж, мөн тэр их аюулын амьд гэрчүүдтэй уулзаж явснаа санав. Тэр үед би тэр тухай юу гэж бичиж байж вэ.
1957 оны 12 дугаар сарын 4. Энэ өдрийн гай гамшгийг хэн ч урьдчилан таасангүй. Шинжлэхүй ухаан ч урьдчилан мэдээлсэнгүй. Өглөөгүүртэнгэр цэлмэг. Арц Гурван Богд хаадын сэнтий эсгэн, дүнхийдгээрээ дүнхийж байлаа. Харин уулнаас ан амьтас бэл рүү бууж, хонь малынзах бараадахыг ажигласан Их Богдын малчид, энэ нэг жигтэй юм болох нь, чухам юу учрах нь вэ гэдгийг тааж ядан байлаа.
Бага үдийн хэрд /11 цаг 38 минутад/ гэв гэнэт зүйрлэшгүй аюумшигт дуу чимээ нүргэлэн, газар дэлхий донслон, сэрвээ зоондоо байгаа бүхнээ сэгсчин унагаж эхлэх нь тэр. Улаан тоос манаран бүчиж, уул хад, асга цохио бүгд шажигнан нурж эхлэв. Мал адгуус л хамгийн зөнч байсан шүү гэж энэ аюумшгийг эсэн мэнд туулсан малчид ярьж байв. Тэр үед нэг малчин тэмээтэй жонжуулан явж байж. Гэтэл юу ч болоогүй байтал тэмээ нь зогтусан зогссоноо хэвтээд өгч, хаа хөөжийг ч үл хайхран босдоггүй. Гэтэл удалгүй их чимээ гараад, урдуур нь их хагархай үүсч, бас дахин их чимээ гарч арханд нь их хагархай үүсээд дахин нүргэлэхдээ зөрөөд аньж байхыг нүдээр харж, их аюулыг эсэн мэнд гэтэлсэн тэр нэгэн эр ачит тэмээгээ насан турш сэтэрлэн дураар байлгасан гэдэг.
Говь-Алтайн нурууны ноён оргил Их Богд, Бахар уул, Бага Богд, Арц Богд ууланд голлон умард өргөргийн 450, дорнод уртрагийн 1000 солбицолд гадаад голомтод тохиолдсон газар хөдлөлтийн талаар газар зүйч О.Намнандорж гуай бичвэрлэн үлдээсэн байдаг.
Их Богдын ар өвөр орой, хажуу хавирган салбар уулс ихээр бяцран нурсан. Их Богдын арын хагархай нь Орог нуурын урд ар зэрэглээ гэдэг газар Жаран Богд, Дулаан Богдын араар, Монголын хоолойн урд ар, Бага Богдын ар хормойгоор замнан Өвөрхангайн Зүүн Богд сумнаас зүүнээ орших Өлзийт хошуу өнгөрч, 200 км орчим хагарчээ.
Их Богдын арын гол хагархай баруун хойш үргэлжлэн Хүүхэт хөтлийн хойт ар, Хөнөгийн хоолойн урд ар, Ноён, Тариат, Орцог уулын ар, Бахар уулын энгэрээр явсаар Баянцагаан уулын ар дагаж үргэлжилсэн. Энэ гол их хагархай шулуунаар 400 км хүрчээ.
Их Богдын өврийн хагархай нь шулуунаар 100 км, Их Богдын арын хагархай нийлээд шулуунаар 500 км гаруй хагарчээ. Их Богдын Битүүтийн амны эх зүүн хойно орших Тээлийн даваа, Ягаан даваа хоёрын хоорондох 3180 м, Хөвийн нурууны 5-6 км хянга эрс цавчим оргилууд 1957 оны 12 дугаар сарын 4-нөөс буюу газар хөдөлсөн өдрөөс эхлэн 1958 оны эхний 3 сарыг дуустал дөрвөн сарын турш үргэлжлэн нурсаар, тоос манан татуулсаар дундуураа аажим сэтрэн хотойж, нурсан аварга хар цохионы газар шороо нь Битүүтийн амны хэдэн газрыг битүүлэн дарсаар 200-300 метр өндөр далан болж, дөрвөн хэсэг нуур болон тогтжээ. Битүүтийн аманд байсан Гурван чавганцын ангал хэмээх сүрт цохионууд нурж үгүй болжээ.
Битүүтэд буй Чөтгөр яарах, Сүүл унжих, Дөрөө хавирах гэх мэт газрууд нурсан. Мөн Их Богдоос урагш 200 км-т орших Сэрвээ, Гилбэнт, Нэмэгт, баруун тийш Бахар, Баянцагаан, Аргалант, Гичгэнэ уулын хад үлэмжхэн нуржээ.
Их Богдын Битүүтийн амны бууцанд байсан Ханд, Дорж гэж хоёр айл газар хөдлөхөөс хэдхэн хоногийн өмнө нүүж, Их Богдын нурууны цагаан газар буусан байв. Газар хөдлөхөд тэдний өвөлжөө газар доор оржээ. Битүүтийн амны Чимидийн өвөлжөө, Ягаан Бөөрийн өвөлжөө, Их өвөлжөө бүгд газар доор орсон байна. Азаар тэнд нэг ч айл байсангүй. Их Богдын газар хөдлөлтийн гамшигт өртөн нас барагсдын дурсгалд зориулсан хөшөөг Богд, Баянговь сумын нутагт босгож байв.
Түүхэнд Говь-Алтайн гэж нэрлэгддэг Их Богдын газар хөдлөлт тэр үед дэлхий ертөнцийг доргион сандаасан 12 баллын хүчтэй хөдлөлт болсон гэдэг.
Аймшигт газар хөдлөлтийн доргио Монгол даяар тархаж, элдэв яриа домог болон яригдаж, айдас хүйдэст Монгол Улс автан байхад үүнийг бичигч зургаан сартай нялзрай амьтан нэхий өлгийд тайван нойрсож байжээ. Дэнзэн гуайн ач хүүг хараад үүнийг бодож өмнө эрт бичсэнээ эгүүлэн санахын учир энэ.
Байгалийн зөн совин нь хүмүүнээс олон хувь илүү адуу мал, тэмээ элдэв ааш авир гарган, эздээ гай гамшгаас аварсан олон тохиолдлыг энэ гамшигт өртөж явсан хуучцуул ярьдгийг тэр үед тэмдэглэн авч байсансан. Миний Туркмен анд зохиолч Ораз Ягмур нэгэнтээ;
Туркмен адуу их зөнч шүү. Үүнийг л газар хөдлөлтийн шинжлэх ухаан судалж урьдчилсан зөнг мэддэг болох ёстой. 1948 онд Ашгабатад хүчтэй газар хөдөлсөн гэдэг. Үрэгдэгсдийн тоо зуун мянгаас ч хол давсан. Тэр үед адуу малтайгаа байсан хүмүүс тэднийхээ ааш авирыг ажиглан, аль эрт аюулгүй бүсэд очицгоосон байдаг юм гэж ярьсан нь ч санагдана.
ДЭЛХИЙН ЗУЛАЙ ЖОМОЛУНГМА “ИНЭЭМСЭГЛЭХЭЭ” БОЛИВ
Цаст Гималайн уулсын тэргүүн оргил Жомолунгма /8848 м/ нь Балба улсын нутаг болно. Дэлхий нийтээрээ Эверест хэмээн нэрлэдэг энэхүү оргилыг монголчууд мөн л Жомолунгма гэж нэрлэсээр ирсэн. 1953 онд Гималайн ноён оргил Эверестэд авирсан Дэнзэн Норгойгоор монголчууд бахархдаг. Дэнзэн Норгой бол Балбын шерпа үндэстэн, бурхны шашинтан. Эверестэд гараад бууж ирснийхээ дараа өөрийгөө монгол гарал үүсэлтэй гэдгээ дэлхийд зарлаж байжээ.
Шерпачууд уулархаг нутгийн хүмүүс болохоор Гималайд авирдаг хүмүүсийн ачаа барааг үүрч оргилд гарахад нь тусалдаг улс. Монгол дээл өмсөж, Цагаан сараа өргөн тэмдэглэдэг тухай доктор О.Нямдаваа номдоо дурджээ. Их хүн, ардын жүжигчин Д.Чимэд-Осор багш маань, чи монгол хүний нэрийг дэлхийд мандуулж явдаг хүмүүсийг мэдэж яв. Гималайн их уулсын ноён оргил Жомолунгма буюу Эверестэд хөл тавьсан анхны монгол хүн бол Монгол угсааны балба үндэстэн Дэнзэн Норгой юм шүү. Энэ хүний нэр Монголын нэртэй цуг ямагт өргөгдөн явах учиртай гэж ярьдаг байж билээ.
2014 оны их цасан нуралганы дараа хөтөч нар Эверестэд авирахыг зогсоохыг албан ёсоор шаардаж байсан ч уулын спортынхны хувьд үл тоох зүйл мэт өнгөрчээ.
Газар хөдлөлтийн дараахан уулын спортынхноос мэдэгдэхдээ, төв отог цасан нурлаганд дарагдан даваа гаригийн байдлаар 20 уулчин нас барлаа. Бямба, ням гаригийн хоёр их хэмжээний цасан нурлага, хүчтэй газар хөдлөлтөөс болж төв отгийн майхнууд, уулчдын олс, шат зэрэг нь шуурганд алга болжээ. Аялал жуулчлалын албанаас мэдэгдэхдээ, 20 хүн ууланд нас барж, 60-аас илүү хүн гэмтэж бэртсэн мэдээ ирэв гэжээ. “Seven Summit Treks”-ын захирал Мингма Шерпа, яг одоо экспедицүүд агаарт л байна. Бид юуг ч таамаглаж чадахгүй байна гэжээ. Бараг бүх уулчид хөтөч болон туслах /уулчдын олс, шатыг засч янзлан өгч, Эверестийн оргилын чигийг заадаг хүмүүс/ -ууд доошлон бууцгааж байна. Зарим багийнхан хэдийнэ буцаж ирсэн, тэдний майхан отог бүрэн устан үгүй болжээ.
Хүчтэй газар хөдлөлтийн улмаас Бямба гаригийн үдэд Эверест уулын төв байрны дээр байрлах 1, 2 дугаар отог хоорондох бүсүүдэд үхлийн цасан нурангаар шуурах үед 10 хүн нас барж, олон хүн айдаст автжээ. Тэд 5 дугаар сарын дундуур дэлхийн хамгийн өндөр оргилд авирах оролдлого хийхээр байрлаж байжээ. Аялал жуулчлалын яамны эх сурвалж мэдээлэхдээ, Дотоод хэргийн яам аврах багийг бусад муж дахь газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүс рүү дайчилсан учир Эверест дэх бүс рүү нисдэг тэрэг, аврагчдыг нэн даруй илгээх боломжгүй гэжээ. 2014 оны 4 дүгээр сарын 18-нд төв отгийн дээрх бүсэд цасан нуранги шуурахад 16 хөтөч нас барж, өнгөрсөн жилийн экспедицийг цуцалж байжээ. Гэсэн ч Засгийн газраас энэ хавар 370-аас илүү хүнд зөвшөөрөл олгосон байна. Азаар Эверестийг зорьсон Монголын хоёр уулчин энэхүү сүйрэлд өртсөнгүй буцжээ.
Нэр төр, алдар гавьяа руу тэмүүлэх нь Эверест рүү зүтгэхээс ч өндөр учир дэлхийн олон олон аавын хөвгүүд зориг үл мохон, сүнс ч төөрөм цасан цагаан үхлийн зүг авирсаар. Хэрвээ жирийн хүмүүс тийш зүглэвэл цаст оргилуудыг тойрсон уулчдын хэчнээн олон тэнэмэл сүнс биднийг тойрон эргэлдэх бол. Тэд бидэнд юу гэж хэлэхийг хэн мэднэ. Дэлхийн зулай дээрээ гаргах хүнээ л гаргахаас, хэн хүнийг яахин таалах билээ. Агуу их Бурхан Халдун ч мөнөөх хүлээж авах хүнээ л хүлээн авдгийг монголчууд мэднэ шүү дээ.
“ЕРТӨНЦИЙН ТООС” БУЖИГНАСААР
Катмандугийн тэнгэрт өдөржин шөнөжин авран хамгаалахын нисдэг тэрэг ийш тийш сүлжилдэн тачигнан ниснэ. Хувцастайгаа зүүрмэглэн аядах үед хүмүүс хашгиралдан саравч маань шажигнаад явчихна. Чичиргээ ирэхийг хүмүүс андахаа больж. Гадаа бөөгнөрсөн хүмүүс, айдсаа жаахан дараад хэсэг хугацааны хойно дахин хувцастайгаа хажуулна. Энэ үе цагт Катманду даяар бүх хүмүүс гадаа гудамжинд амьдарч байлаа. Тэдэнд балга уснаас эхлээд идэх хоол, нөмрөх дулаан зүйл хэрэгтэй. Хамгийн түрүүнд хөрш Хятад, Энэтхэг хоёр тусалж эхлэв. Аврагчдаа, хоол хүнс, эм тариа ирүүлж байлаа. Мөн өөрсдийн онгоцоороо иргэдээ татаж байна. Катмандугийн бүх байшингийн суурь хагарсан гэж тэд ярина. Энэтхэг, Хятадад ч байшингууд эвдрэл цууралд өртжээ.
Шөнийн 03 цагийн үест Катманду жаахан анирт дарагдан, хагасхан дугхийж байх шиг.
Бодол санаанд газар хөдлөлтийн гамшигт гаслан уйлаан эргэлдэнэ. Монголчууд бид ийм газар хөдлөлт, их сүйрэл гамшгийг үзээгүй гэж үү. Үзсэн, үзэх үзэхдээ хэд хэд үзсэн ч бурхан тэнгэрийн авралаар Монголын их уулс тэр зовлонг дангаараа үүрч гарчээ. Хүн амьтан үрэгдсэн нь цөөн. 1903, 1905, 1957 оны их газар хөдлөлтүүдийг монголчууд аль хэдийнээ мартчихсан Улаанбаатартаа батгана мэт шаваад, сэндвичин байшинд жарган сууцгаана.
Аль тэртээ наяад оны эхэн үед Монголын радиод хамт ажиллаж байсан ахмад сэтгүүлч Б.Шаравнямбуу ах Улаангомын газар хөдлөлтийн тухай сэтгэл зүссэн хууч ярьдаг байсан нь санагдаад ирэв.
Улаангомын газар хөдлөлт гэдэг нь 1905 оны 7 дугаар сарын 9-нд Хан Хөхий, Булнайн нуруунд газар хөдөлснийг хэлж байгаа юм. Тэр цагийн Улаангомын хийдийн яг дэргэдэхнүүр хагарал явсан аж. Улаангомын хийдэд эрдэм номдоо их шамдангуй сайн лам болох төлөвтэй нэгэн хүү байж. Түүний хувь заяаг багш нь нэгэнтээ үзээд, тун гайхан, хачин юм, ийм сайн хүүгийн заяа нь төөрчихсөн байх юм. Удахгүй ертөнцийн тоосонд дарагдан үгүй болох юм байна гэж төлөгт нь буулаа. Удахгүй, тэгээд ертөнцийн тоос энэ юу гэсэн үг вэ? гэж зиндаа лам нартайгаа ярилцаад, хүүгийн заяаг тайлахдаа ертөнцийн тоосны утгыг ухаж, удахгүй манай нутагт байгаль дэлхийн их гамшиг болж магадгүй юм байна гэцгээжээ.
Энэ явдлаас хойш нэгэн сарын дотор мөнөөх гамшигт их газар хөдлөлт болж, газар дэлхий нүжигнэн цууран хагарч эхэлжээ. Яг энэ үед мөнөөх төөргөө үзүүлсэн арван хэдтэй лам хүү таван настай дүүгээ хөтлөн малд явж байжээ. Хоёр хүүхдийн яг урдуур газар хагарч эхлэх үед дүүгээ хөтөлсөн ламбанди харайгаад гарах үед таван настай дүү нь цаад ирмэгт нь үлдээд ах нь гүн их ангал руу орхимжоо хийсгэн үгүй болжээ. Тэр их ангалд олон мал адгуус ч унаж. Нөгөө газрын хагарал болсон газарт гэр орныхон нь ирж, өчнөөн урт аргамж залган амьд мэнд байж магадгүй гэж авран авахыг оролдсон гэдэг. Тэр их ёроолгүй ангалын ёроолоос олон хоног үхэр мал мөөрөлдөн, хонь ямаа майлалдан шуугиж зүрх зүсэж билээ гэж хуучцуул дамжуулан ярьсаар өнөөдөртэй золгожээ. Ертөнцийн тоос гэдэг нь замаар давхин яваа морьтой хүний юм уу, машины тоос хараахан бишийг өгүүлэх юун.
Өнөө эртний их өв соёлтой Балба улсыг дэлхий даяараа хөдлөн байж “ертөнцийн тоосон” дундаас нь авран гаргах үлджээ.
Бурхан Халдуны урианхан, Дэлгэржавын Жүмпэрэлийн САРУУЛБУЯН
Катманду-Улаанбаатар
2015.04.25-05.04