Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Ази, Европын Парламентын Түншлэлийн (АСЕП) 10 дугаар уулзалтад оролцов

Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо 9 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд болсон Ази, Европын Парламентын Түншлэлийн (АСЕП) 10 дугаар уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Энэ удаагийн Ази, Европын Парламентын Түншлэлийн 10 дугаар уулзалт нь “Цаг уурын өөрчлөлт болон байгаль орчинд тулгамдсан асуудлууд” сэдвийн дор явагдаж эдгээр тулгамдаж буй асуудал нь дэлхий нийт болон олон талт хамтын ажиллагаанд хэрхэн нөлөөлж буйг хэлэлцсэн юм.

Европын Парламентын төв байранд анх удаагаа зохион байгуулж буй уг уулзалтын нээлтийн арга хэмжээнд, АСЕП-ын 9 дүгээр уулзалтыг хүлээн авч зохион байгуулсан улсаа төлөөлж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ сүүлийн жилүүдэд дэлхий дахинд болж буй өөрчлөлтүүдийг шийдвэрлэхэд АСЕМ-ын ач холбогдол нэмэгдэж байгааг тэмдэглэж, үүнд олон талт хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх механизмуудын нэг болох АСЕП-ын уулзалт нэн чухал үүрэгтэй болж байгааг онцлов.


Уулзалтын үеэр Европын Парламентаас АСЕП-ын уулзалтыг 2016 онд хүлээн авч амжилттай зохион байгуулсан Монгол Улсад АСЕМ-ын түнш орнуудын зүгээс онцгойлон талархал илэрхийллээ. Энэ удаагийн АСЕП-ын уулзаланд оролцогчид цаг уурын өөрчлөлт болон байгаль орчинд тулгамдаж буй асуудлууд нь дэлхий дахины тогтвортой хөгжил, эдийн засгийн хөгжилд шууд нөлөөлж эхэлснийг онцолж эдгээр асуудлуудыг гагцхүү хамтын хүчээр шийдвэрлэх бодит шаардлага үүсээд байгаа, энэхүү зорилгод хүрэхийн тулд Ази, Европын орнуудын хооронд уялдаа холбоог өргөжүүлэн хөгжүүлж, бэхжүүлэх нь чухал үүрэгтэй болохыг цохон тэмдэглэв.

Хоёр өдрийн турш болсон уулзалтын туршид Ази болон Европын парламентчид цаг уур, хүрээлэн буй орчны өөрчлөлт дэлхий дахины тогтвортой хөгжил, эдийн засаг, шилжилт хөдөлгөөн, аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж байгааг хэлэлцэж, уулзалтын төгсгөлийн баримт бичиг болох Хамтарсан тунхаглалыг батлан гаргав. Энэхүү тунхаглалыг ирэх 10 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Брюссель хотноо зохион байгуулагдах АСЕМ-ын Дээд түвшний арванхоёрдугаар уулзалтад танилцуулах юм.

Уулзалт Европын Парламентын Ерөнхийлөгч А.Таянигийн ивээл дор зохион байгуулагдаж, Австрали, Австри, Бангладеш, Бельги, Бруней, Болгар, БНХАУ, Хорват, Кипр, Чех, Финланд, ХБНГУ, Грек, Унгар, Энэтхэг, Итали, Казахстан, Мальта, Норвег, Пакистан, Филиппин, Польш, Румын, ОХУ, Сингапур, Словени, БНСУ, Испани, Швед, Тайланд, Их Британи, Вьетнам зэрэг АСЕМ-ын түнш орнуудаас нийт 260 гаруй төлөөлөл оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *