Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Багануур дүүргийн АН-ын дарга Ц.Өлзийхишиг: Төвийн эрчим хүчний 60 хувийг нүүрсээр хангадаг багануурчууд хоёр дахин илүү дулааны төлбөр төлөх ёсгүй DNN.mn

Багануур дүүргийн АН-ын хорооны дарга Цэвэгмидийн Өлзийхишигтэй ярилцлаа.


-Та Багануур дүүргийн АН-ын даргаар сонгогдоод удаагүй байна. Нийслэлийн захын дүүргийн намын ажил байдал ер нь ямар түвшинд байна вэ. Багануур дүүргийг сонгож улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон шалтгаан тань юу вэ. Ний нуугүй хэлэхэд дунд шатны намын байгууллагыг удирдаж ажиллана гэдэг тийм ч амар бишийг улс төрийн хүрээнийхэн бүгд мэднэ шүү дээ?

-Мэдээж амаргүй алба гэдгийг шулуухан хэлэх хэрэгтэй. 2016 оноос хойш АН ямар байгааг, ер нь Монголын ардчилал ямар түвшинд очсоныг бүгд мэднэ. АН-ын хувьд ерөнхийдөө дотоод бүтэц зохион байгуулалтаа шинэчлээд эхэллээ. Улмаар улс төрийн томоохон хүчний хувьд улс эх орны хөгжил дэх дараагийн үе шатны манлайллаа хэрэгжүүлэх ёстой. Тийм болохоор намын бүх шатны удирдлага зохион байгуулалтууд хийгдсэн. Дунд шатны намын дарга нар шинэчлэгдэж дараагийн удирдлагуудаа томиллоо.

Миний хувьд бол Багануур дүүрэгт дунд сургуулиа дүүргэсэн унаган иргэн нь. Мөн “Багануур” ХК буюу Багануурын уурхайд инженерээр ажлын гараагаа эхэлж байлаа. Миний өсч торнисон орчин юм. Гэтэл өнөөдөр дүүрэг маань ямар байгаа билээ. Бүгд л харж байна. Дүүргийн хөгжлийн төлөө өөрийн мэдлэг боловсрол, ажлын туршлага, ур чадвар, байгаа бүгдээ зориулах насан дээрээ ирлээ. Үүний төлөө АН-ын суурь үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийн чиг баримжааг ашиглан дүүргийн хөгжлийн дараагийн үе шатыг эхлүүлэх ёстой гэж үзсэн. Өөрийн биеэр оролцох ёстой гэсэн хувь хүний итгэл үнэмшилээр шийдвэр гаргасан. Товчхондоо улс төрийн зорилго маань энэ, үүний төлөө улс төрийн ачаанаас үүрэлцэх ёстой. Нэгэнт ингэж шийдсэн миний хувьд бүгдийг даван туулах, ажлын ард гарах л үлдлээ. Эцсийн үр дүн нь нийгмийн хөгжил шүү дээ.

-Багануур дүүргийн тухайд хөгжлийн давуу талуудыг яаж харж байна?

-Багануурын уурхай 1978 онд нээгдсэн. Өнөөдрийн хувьд тус уурхай нь төвийн эрчим хүчний 60 хувийг дангаараа түүхий эдээр хангаж байна. Бахархам хөдөлмөр эрхэлж буй хамт олон. Уурхай анх ашиглалтад орсон үеэс л Монголын өнцөг булан бүрээс илгээлтийн эзэд болсон шилдэг охид хөвгүүд цуглаж Багануур хотыг бий болгосон. Илгээлтийн эздийн байгуулсан уурхай, дүүрэг юм. Монголын гал голомт болсон Багануурын уурхайд залуу халуун насаа зориулсан ах эгч нарын минь дүүрэг билээ. Өнөөдрийн байдлаар 30 мянга орчим хүнтэй, Улаанбаатар хотоос 130 км зайтай байдаг. Мөн энэ 30 мянган хүний 15 мянга орчим нь хөдөлмөрийн насны залуучууд байгаа. Өнөөдөр харамсалтай нь эдгээр залуучуудын 7600 орчим нь л ажлын байраар хангагдаж байгаа. Үлдсэн нь ажиллая гэсэн ч ажлын байр байхгүй нөхцөл байдалтай байна. Мөн Багануур дүүрэг маань зүүн өмнөд бүсийн цахилгаан дамжуулах төв сүлжээ. Энэ сүлжээгээр дамжуулан долоон аймаг 54 сумыг эрчим хүчээр хангаж байна. Энэ хүчин чадлаараа явах юм бол 200 жилийн нүүрсний нөөц байна. Дэд бүтцийн хувьд зүүн гурван аймгийг дамнасан мянганы зам явж байна. Нүүрс тээвэрлэх хамгийн зүүн талын тээврийн төмөр замын сүлжээ очсон. Ер нь бол дэд бүтцийн бодитой, ирээдүйтэй маш сайн суурьтай. Ийм орчинд дүүргийн хүн амын маань 50 хувь нь ажилгүй байгаа нь байж болохгүй асуудал л даа.

-Томоохон хотыг түшиглэн дагуул хотуудыг хөгжүүлэх нь наад зах нь их хотын түгжрэлээс зайлсхийх хамгийн сайн арга гэж судлаачид үздэг. Өнөөдөр нийслэлийн тулгамдсан асуудал бол түгжрэл. Энэ талаар таны бодол ямар байдаг вэ?

-Өнөөдөр Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын тал буюу нэг километр квадрат талбайд 370-400 орчим хүн амьдарч байна. Энэ бол хэтийдсэн их төвлөрөл. Дөрвөн уулын дундаас хальсан асуудал. Түгжрэл, агаарын бохирдол, хөрсний бохирдол гээд хүний нийгмийн суурь хэрэгцээг хангахад бэрхшээлтэй хүндрэл чинээндээ туллаа. Гэтэл дөнгөж 130 километрийн цаана эрчим хүчний, зам тээврийн дэд бүтэц нь бүрэн шийдэгдсэн хот дүүрэг цэмцийж байна. Багануур дүүргийн 62 мянган га газар нутагт 30 мянган хүн Улаанбаатараас арав дахин сийрэг амьдарч байна. Яагаад ашиглахгүй байгаа юм бэ. Яагаад төр засгийн зүгээс тусгайлсан хөгжлийн хөтөлбөрийн тийм бэлэн суурин дээр хэрэгжүүлдэггүй юм бэ. Нөгөө дүүрэг нь ажилгүйдлийн байдалтай. Улаанбаатар хот энэ их ачааллаа өөр дээрээ хадгалалгүйгээр дагуул хотууд руугаа хуваарилах, тухайлбал Багануур дүүрэг рүү шингээж, илүү үр дүнтэй хөгжүүлж болно. Энэ бол дэлхийн өндөр хөгжсөн орнуудын жишиг. Багануур дүүрэг маань Улаанбаатар хотын тулгамдсан олон асуудлыг өөр дээрээ авч, цэгцтэйгээр маргаашийн хөгжлийн загвараа гаргаад явах бүрэн боломжтой.

-Таны ярьж байгаа бүх дэд бүтэц хөгжлийн боломжууд мөн. Төв шугам, зүүн зүгийн авто замын зангилаа, нүүрсний тээвэр гээд. Энэ бүгдийг зорчигчидтой болгох боломжтой юу?

-Өмнө нь бол зорчигчдын байсан боловч нийгэм эдийн засгийн урсгал бага учраас больсон. Гэхдээ нэг зүйл харагдаж байгаа нь зүүн гурван аймгаас ирж байгаа тээвэр ложистик, бараа таваар яагаад заавал 130 км-ийг туулаад энэ хотын бөглөрөлд ирэх ёстой юм бэ. Өдөр болгон нүүрс татаж байгаа төмөр замын боломжийг ашиглан бид бараа таваарыг Багануурт төвлөрүүлж, тээвэр ложистикийн төв бий болгох боломжтой. Орон нутгийн худалдаа эрхлэгчид, иргэд, ер нь дүүрэг, нийслэлийн аль алинд ашигтай. Энэ зүгээр менежментийн асуудал.

-Том хөрөнгө оруулалт, улс төрийн шийдвэр гэхээсээ илүү дотроо хийх менежментийн, зохион байгуулалтын асуудал гэдэг нь үнэн. Шийдвэр зориглон гаргаж чадвал Багануур дүүрэгт хөгжил ойрхон байна шүү?

-Тийм ээ. Ер нь боломж байгааг хүн бүр мэдэж байгаа. Харамсалтай нь улстөрчдийн хоосон амлалт болоод өнгөрдөг. Та сонсож байсан байх, Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулах тухай яригдаж байсан, Аж үйлдвэрийн парк мөн яригдаж байсан, Багануурын цахилгаан станц баригдаж байгаад улс төрийн шалтгаанаар барилгажилтын ажил нь зогссон. Энэ бүхэн яагаад яригдаж байна гэхээр, суурь боломж нөхцөл нь байдаг учраас яригддаг.Гол нь үүнийг ажил болгоод авч явах дүүрэг нийслэлийн түвшинд магадгүй Засгийн газрын түвшинд бодлого болгоод аваад явах эзэн байхгүй байгаа нь харагдаад байна.

-Сонгуулийн ялалт АН-д ирвэл та хамгийн түрүүнд ямар ажил хийнэ гэж төлөвлөж байна вэ?

-Миний хувьд одоо 40 нас хүрч байна. 80 орчим ажилтантай бизнесийн компани удирдаж байна. Энэ яах вэ, миний хувийн амьдрал. Манайх дөрвөн хүүхэдтэй, ам бүл зургуулаа амьдардаг. Гэхдээ яг өнөөдрийн байдалд би зөвхөн урдах амьдралаа аваад явах гэдэг түвшинд харвал нэг өөр хэрэг. Гэтэл бидний үр хүүхдийн маргаашийн ирээдүй байгаа. Эдний төлөө бид юу юу хийх ёстой вэ. АН-ын хувьд хэрвээ Багануур дүүрэг, Нийслэл, Засгийн газрын түвшинд олонх болж чадах юм бол Багануур дүүргийг цэвэр нийгэм эдийн засгийн шийдэл байдлаар нь авч явж манлайлахын төлөө зүтгэнэ. Багануур дүүргийн нийгэм эдийн засгийн судалгааг хийлгэж байна. Түрүү нь хэлсэнчлэн 7000 гаруй хүн ажилтай байгаа. Үүний дөнгөж 3000 гаруй нь төрийн болон төрийн бус байгууллагад ажиллаж байна. Гэтэл 3900 хүнийг хэн ажлын байраар хангаж байна вэ. Ерөөсөө хувиараа жижиг бизнес эрхлэгчид байгаа. Тэд маань төрөөс ямар ч дэмжлэг хүсэхгүйгээр энэ олон хүнийг ажлын байраар хангаж байна. Үнэндээ төрөөс эдгээр хүмүүст дэмжлэг хэрэгтэй. Өнөөдөр Багануур дүүргийн бизнес эрхлэгч Улаанбаатар хотын бизнес эрхлэгчээс хоёр дахин өндөр дулааны татвар төлөөд бизнесээ хийж байна. Тэгэхээр Багануур дүүргийн хөгжлийн загварууд тодорхой юм. Нэгдүгээрт, Багануурын ДЦС барих ажлыг шийдвэрлэж хувиараа бизнес эрхлэгчдэд очиж буй өртгийг бууруулах, мөн төрөл бүрийн үйлдвэрлэл хөгжүүлэх бааз суурийг бий болгох ёстой юм. Хоёрдугаарт, Багануур УБ-ыг холбосон замыг өргөтгөх, өдөр бүр нүүрс татаж байгаа төмөр замын тээврээр бараа эргэлт татаж зүүн бүсийн тээвэр ложистикийн төв болох суурийг тавих асуудлыг шийдэх. За тэгээд гэр хороолол руу тавьж буй дулаан, усны шугмыг үргэлжлүүлэн тавьж иргэдийг хувийн сууцандаа тухтай, эрүүл амьдрах боломжийг бүрдүүлэх нь хамгийн чухал. Нөгөө яригдаад байдаг Аж үйлдвэрийн парк, Оюутны хотхон ингэж байж л ажил болно. Багануур дүүрэг хотын асуудлыг боломж болгон ашиглаж, 100000 хүнтэй бие даасан хот болон хөгжих бүрэн боломжтой. Багануурчууд хөнгөн гал тэргээр ажил бизнесээ ярилцаж, төлөвлөнгөө Улаанбаатар руу зорчдог байж яагаад болохгүй гэж. Би ингэж л ирээдүйг нь хардаг.

-Багануур дүүргийг төлөөлөн УИХ-д байгаа төрийн түшээдэд энэ бүх ажлыг хийх хууль эрх зүйн боломжийг бий болгох боломж байна шүү дээ?

-Хуульчлаад 2012-2016 оны Бат-Үүл даргын үед дагуул хотуудыг хөгжүүлэх эхний алхмууд хийгдсэн. Багануур дүүргийн иргэд дагуул хот болох хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн. Үүндээр тулгуурлаж дагуул хот болгон хотын захирагч хүртэл сонгож байсан. Харамсалтай нь өнөөдөр УИХ-д иргэдийг төлөөлж байгаа хүмүүс маань хувийн ашиг сонирхлоо хараад байгаа болохоос иргэдийн хүсэл сонирхлыг хангахын төлөө ажил хийхгүй байна.

-Дүүргийн хөрөнгө оруулалтын хэмжээ ямар байдаг вэ?

-Багануур дүүргийн жилийн төсөв 14-16 тэрбум орчим байна. Үүний 11 тэрбумыг татварын орлого бүрдүүлнэ, үлдэгдэл нь хариуцсан яам, тамгын газрын багцаас орж ирдэг. 10 тэрбум нь урсгал зардалдаа явдаг. Би Атлантик сити гэдэг Америкийн нэгэн жижиг хотод очиж байсан. Тэр яагаад байгуулагдсан бэ гэхээр Америкийн баруун эргээр бизнес их хөгжсөн байдаг. Зүүн эрэгт ч гэсэн хөгжүүлэхийн тулд тус хотыг байгуулж татвараас чөлөөлснөөр бизнес хөгжих таатай орчин бүрдсэн, татваргүй учраас бизнес аялал жуулчлал хөгжөөд маш хүчирхэг эдийн засагтай хот болсон байсан.

-Амьдрах таатай орчин гэдэг бол угаас хүний мөрөөдөл, Багануур хотыг маш цэвэр цэмцгэр хот гэж бид төсөөлдөг, нэг хэсэг тийм ч байсан. Одоо бол гэр хороолол нь тэлж байгаа боловч орон сууцны хороолол гэх мэт хотын дүр төрхийг харуулах зүйл их бага харагдаж байна лээ?

-Багануурын бренд бол уурхай, бас бидний бахархал болсон цэвэр цэмцгэр хот байсан. Одоогийн манай дүүргийн хүн амын бүтэц яаж харагдаж байна гэхээр Багануур дүүрэгтэй ойролцоо 10 мянга орчим хүнтэй таван сум байгаа. Дүүргийн 9000 өрхийн 5000 орчим нь гэр хороололд, 3500-3600 орчим нь орон сууцанд амьдардаг. Өдрөөс өдөрт гэр хороолол тэлж орон сууц, барилгажилт хомс байгаа.Энэ байдлыг Багануурчууд маань мэдэж байгаа гэж бодож байна.Тэгэхээр үүнд төр бодлого хийх цаг болсон.

-Одоогийн байгаа нөхцөл байдал дээр мэдээж та хүмүүсийн үзэл бодлыг сонссон байх. Хөгжлийн бодлогыг эцсийн бүлэгт УИХ гаргана. Дүүргээс УИХ-д сонгогдсон ямар гишүүд байна вэ?

-Багануур, Налайх, Багахангай гурван дүүрэг нийлээд УИХ-ын хоёр мандаттай. Эндээс Амарсайхан, Сандаг-Очир гэдэг хоёр гишүүн сонгогдсон байгаа. Сандаг-Очир гишүүний хувьд хоёр ч удаа дүүргийн Засаг даргаар ажилласан. Дүүргийн амьдралын нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг. Уг нь ханцуй шамлан юм хийх ёстой хүн гэж миний хувьд хардаг.

-Тэгэхээр сүүлийн 7-8 жил дорвитой бүтээн байгуулалт юу ч бий болсонгүй. Нүүрсийг нь ачаад явчихдаг. Хөдөөнөөс хүмүүс нүүж ирээд гэр хороолол үүсгэдэг. Зөрөөд боловсролтой сэхээтэн хүмүүс нь Улаанбаатар руу яваад байдаг ийм нөхцөл байдалтай байна уу?

-Та түрүү нь анзаарсан байх, бид төвийн эрчим хүчний 60 хувийн түүхий эдийг хангадаг бахархалтай сайхан дүүрэг гэсэн атлаа тэнд ажиллаж амьдарч байгаа иргэд маань Улаанбаатараас хоёр дахин илүү дулааны төлбөр төлдөгийг. Ийм байж болох уу.

-Ямар учиртай юм бол…

-Том бодлого алга байна. Багануурын дулааны станцын үйлдвэрлэж байгаа өртгийн байдал тийм байгаа. Нэг ёсондоо үр ашиг муутай үйлдвэрлэлээр дүүрэг бизнес эрхлэгчдээ хангаж байна гэсэн үг. Багануурын цахилгаан станцын барилгажилт нь явж байгаа төслийг хэн нэгэн улс төржүүлээд гацаах биш барьж аваад урагшлуулах ёстой.

-Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг гэдэг нэртэй, тэгээд зогсонги байдалд орсон. Энэ асуудлаар улстөрчид бүгд л ярьж байсан. Мөн сонгуулийн өмнө маш их ярьдаг. Харамсалтай нь ажил болдоггүй. Таны хувьд бас ингээд яриад өнгөрөх хүн биш байгаа?

-Ийм үг байдаг, “Амжилттай ажил, амжилттай бизнес хийе гэвэл асуудал ол” гэж. Тэр асуудал хэр олон хүний асуудал байна гэдгээс хамаар хамгийн амжилттай ажил, хамгийн амжилттай бизнес болно гэсэн дүрэм. Яг үүнтэй адил бидэнд маш их асуудал байна. Энэ бидэнд ажил хийх, бизнесээ босгох маш их боломж байгаа гэсэн үг. Барьж аваад ажил болгох хүн л дутаад байна. Би нэг юманд харамсаж байгаа. Багануур дүүргийн АН-ын даргаар томилогдоод хэд хэдэн ажил зохион байгуулж, 100 орчим айлаар орлоо. Амьдрал ямар байна, Ямар асуудал байна гээд. Яг саяны асуудлууд үүсч байна. Бидэнд гишүүдийн авдаг хэдэн тэрбумын зээлээс жаахан нь олддог бол хийж хэрэгжүүлэх маш олон санаа байгаа тухай ярьж байлаа. Тэдэнд боломж олгох хэрэгтэй.

-Хүн амьдрах эдийн засгийн таатай орчин бүрдсэн Багануур дүүргийг бүтээж өнөөдрийн Улаанбаатараас хүмүүсийг татах улс төрийн бодлого дээр та төвлөрч байгаа юм байна гэж ойлголоо?

-АН-ын дунд шатны дарга нарын 80 орчим хувь нь залуучууд болсон. Миний хувьд зөв шинэчлэл болж байна гэж харж байгаа. Яагаад гэхээр энэ хүмүүс л ажил хийх насных гэж харж байна.Өмнөх үеийнхэн шиг аливаад хаагдаж боогдохгүй зоригтой үе. Бидний үеийн залуучууд ханцуй шамлаад ажиллахад бэлэн байна. Энэ боломжийг иргэд маань бидэнд олгох ёстой. Надад бодлого, бас боломж байгаа учраас хийе хэрэгжүүлье гэж шийдсэн.

-Төсөөлөхөд тодорхой хугацааны дараа Багануур дүүргийн хүн ам, тээвэр ложистик, эдийн засгийн өсөлт ямар түвшинд хүрсэн байх бол?

-2012-2016 онд АН Багануур дүүрэгт засаглаж байсан. Тэр үед санаачлан, энэ бодлогын эхлэл болгоод Багануур дүүргийн ерөнхий төлөвлөгөөг гаргаж нийслэлийн ИТХ-аар батлуулсан байдаг. Энэ нь 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө. Энэ төлөвлөгөө ёсоор 60 мянган хүнтэй хот байхаар төлөвлөсөн. Энэ төлөвлөгөө газар дээр хэрэгжих алхам хийгдээгүй гэсэн үг. Миний хувьд Багануур дүүргийн сөрөг хүчин болох АН-ын дарга байна. Өнөөдрөөс эхлээд Багануур дүүрэгт болж байгаа, тухайлбал яг тэр 7000 ажлын байр дээр яаж ажилтай байлгах тухай бодохын оронд, тэр 7000 ажлын байранд хүмүүсийг үзэл бодлоор нь ялгаварлаж байгаа. Манай намын батлах байна уу, манай намын даргаас бичиг аваад ир, тэгээд ажилд авна ч гэх шиг. Ажилтай болохын тулд үзэл бодлоороо барьцаалагддаг байдалтай байна. Чи АН-ын үзэл бодлыг дэмжээд тэдний хуралд суух юм бол ажилгүй болно шүү гэх жишээний. Миний хувьд үүн дээр маш том акц, арга хэмжээ авч ажиллана. Хувь хүний үзэл бодол бол Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх чөлөө. Хүн үзэл бодлоороо хэзээч ялгаварлагдан гадуурхагдах ёсгүй. Олон нийтийн байгууллагуудын дэмжлэг туслалцаа хүртэл ийм байдлаар явдаг болсон. Энэ асуудлаар Олон улсын байгууллагуудад хүртэл хандана гэж бодож байгаа. Өнөөдөр Монгол хүний эрх чөлөө, чөлөөт эдийн засагт олон улсын байгууллагууд, нэг дүүргийн удирдлага халдаж болохгүй. Үүний эсрэг бол ажиллана. Сөрөг хүчний намын даргын хувьд энэ завхралыг ярьж байна, хийж эхэлнэ, шаардлагатай бол Үндсэн хуулийн цэцэд, Олон улсын байгууллагад хандаж эхэлнэ. Мөн бизнес эрхлэгчдэд боломж олгох Олон улсын бизнесийн форум, хөрөнгө оруулалтын чуулгануудыг дүүрэгтээ зохион байгуулах цаг болжээ. АН-ын мөрийн хөтөлбөрт оруулах бодлогуудыг намын хорооны гишүүд, Бодлогын зөвлөлөөр хэлэлцүүлэх, улмаар мэргэжилийн экспертүүдээр дамжуулан судалгаанууд хийж байна. Бидэнд өнөөдөр улаан гэрэл асаасан ямар асуудлууд байгаа юм. Тэрийг шийдэх ямар боломжийг нөхөд хийгээгүй юм. Үүнийгээ хий гэдгийг шаардана. Бидэнд цаашдаа хийх ёстой ямар ажлууд байгаа юм. Богино, дунд, урт хугацаанд ямар ажлууд хийх юм. Үүнийг би АН-ын даргын хувьд дүүргийнхээ иргэдтэй хамтраад хийхийн төлөө хичээх болно. Бид хамтдаа хөгжих загвараа батлах ёстой. Энэ нь иргэдээрээ хэлэлцүүлэх. АН-ын хувьд иргэдтэйгээ ойр байж, олонхоороо дэмжигдсэн ажлыг барьж авна. Тийм дэмжлэгтэй ажил бүтдэг. Хот төлөвлөлтийн бүх зургийг иргэдээрээ хэлэлцүүлээд гаргаж ирнэ. Эрх барьж байгаа төр засгийн бодлого явцгүй бол тэднийг сонгуулиар сольж л байх ёстой. Харин эрх баригчид солигдохгүйн тулд сайн ажиллах ёстой. Муу ажиллаад байхад нь солихгүй байхаар эрх баригчид ажил болж байгаа юм байна итгэж эхэлдэг. Энэ бол аюул. Өрсөлдөөний дүнд сайн бодлого гарч, сайн бодлого иргэдийн амьдралд хэрэгждэг. Ийм нөхцөлийг бий болгох эрх нь иргэдэд өөрсдөд нь байгаа. Багануурчуудад өөрсдөд нь байгаа. Үнэхээр болохгүй байгаа юмыг сайжруулах хамгийн сайн арга бол иргэдийн сонголт шүү. Үүнийг л онцлон хэлэх байна.

Э.ТҮВШИН

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *