Categories
мэдээ нийгэм

Багануур дүүрэгт нарны цахилгаан станц байгуулна

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Японы “Шарп” корпорацийн Эрчим хүчний шийдэл салбарын ерөнхий менежер Тацуяа Сатотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд Багануур дүүрэгт 20 мВ бүхий хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулж, тухайн бүс дэх айл өрхүүдийг эрчим хүчээр хангах аж.

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсны дараа нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Багануур дүүрэгт буюу нүүрсний олборлолтын бүсэд эрчим хүчний тогтвортой эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүчээр бий болгох үүднээс уг төслийг хэрэгжүүлэх гэж байна. Монгол Улсад сүүлийн 14 жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаагаа явуулж ирсэн учраас “Шарп” корпорацитай хамтарч ажиллахаар сонгосон” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гуравдугаар бүлгийг бүхэлд нь байгаль орчин, ногоон хөгжилд зориулсан. Түүнчлэн Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, ногоон хөгжилд тулгуурласан үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгийн өсөлт бий болгож иргэдийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавьсан байдаг гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *