Хүүхэд, багачуудад биеийн тамир, эрүүл амьдралын хэв маяг, зан үйлийг төлөвшүүлэх замаар тусгай хэрэгцээт хүүхдийг өөртөө итгэлтэй болгож, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор “Ахиллис Монгол” олон улсын байгууллагаас “Багачуудын хөгжилтэй гүйлт-2023” арга хэмжээг өнөөдөр /2023.05.21/ зохион байгууллаа.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон энэхүү арга хэмжээнд “Ахиллис Хүүхэд” хөтөлбөрт хамрагдаж буй нийслэлийн ерөнхий боловсролын тусгай сургуулиудын сурагчид болон гүйх сонирхолтой хүүхэд, багачууд оролцов.
“Багачуудын хөгжилтэй гүйлт-2023” арга хэмжээнд нийт 680 гаруй хүүхэд, багачууд 6-7 нас, 8-10 нас, 11-13 нас, 14-15 насны дөрвөн ангилалд амжилттай оролцлоо.
Хүүхэд бүр тэгш эрхтэй бөгөөд ялгаатай байдлын эсрэг үзэл хандлагыг хүүхэд, багачуудад төлөвшүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээнд цагдаагийн байгууллага хоёр дахь жилдээ хамтран ажиллаж, 30 гаруй алба хаагчид хөтөч гүйгчээр оролцсон юм.
Энэхүү гүйлт нь “Ахиллис хүүхэд” хөтөлбөрийн хичээлийн жилийн хаалтын арга хэмжээ ба хөтөлбөрийн оролцогч хүүхдүүд, гүйх сонирхолтой хүүхдүүдтэй хамтдаа нэг гараанаас гарч, богино зайд уралдсан, амжилтаа тэмдэглэсэн баярт өдөр болж байгаагаараа онцлогтой байв.