2017 он
Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуулийн арван жилийн нэг ангийг онцолж байна. 1984 онд 1Б ангид элсэн орж байсан сурагчид өдгөө салбар бүрт ажил хөдөлмөрөөрөө манлайлан ажиллаж байгааг нь дурдахад таатай байна. Тавдугаар сургуулийн ойролцоох 4-5 байранд ангийнх нь дийлэнх сурагчид амьдардаг гэр ойрхон учраас гудамж метрлэх үедээ Бага тойргийн тэрүүхэн хавьдаа цуглачихна. Черта тоглож, дээс эргүүлж, орцонд гитар “нүдэж”, конькитай гулгаж, бөмбөг хөөж явсан нь тэдний гол тоглоомууд байсан гэнэ. Сайн болсон охиндоо захидал бичдэг байсан үе болохоор захиа зөөлцөж явсан гэгээхэн дурсамжаа ярилцан хэн маань хаана юу хийж байна вэ гэцгээсээр сурагч ахуй үеэсээ хойш анх удаагаа олуулаа саяхан уулзалджээ. Ангийн андуудыг эхнээс нь тоочоод бичье. Нидерландын улсын Гааг хот дахь Олон улсын шүүхийн өмгөөлөгч Н.Орчлон бол тус ангийн хөвгүүдийн нэг. Тэрбээр анх Цагдаагийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгсөөд цагдаагийн мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад Америкт сургууль төгсч тэндээ өмгөөлөгчийн товчоонд ажиллажээ. Тэгээд сүүлийн арав гаруй жил Голландын Гааг хотын Олон улсын эрүүгийн шүүхэд өмгөөлөгчөөр ажиллан олон улсын хэмжээнд үйлдсэн ноцтой гэмт хэргүүдийг шүүн таслах арга хэмжээнд оролцож байна. Манай улсын бахархал болсон хуульч, өмгөөлөгчдийн нэг түүнийг хобби сонирхлынхоо хүрээнд явуулдаг фэйсбүүк дэх Монголын Үнэртэй усанд дурлагчдын клубын админ гэдгээр нь олон хүн бас андахгүй сайн мэднэ. Ямар сайндаа түүнийг Монголын үнэртэй усны хаан хэмээн нэрийдчихсэн байхав. Эдний ангид хуулийн байгууллагад ажиллагсад нэлээн олон бий. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс, Тусгай албанд олон жил ажиллаад цэргийн байнгын тэтгэвэртэй гарсан Л.Мишигбаатар. Хөөрхөн охин Сувдаа нотариатчаар ажиллаж байна. Л.Мишигбаатар одоо ч багын хөгжөөнч, шооч зангаа гээгээгүй. Ахлах дэслэгч Ц.Оргил бол Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс ажлын гараагаа эхэлж Улсын мөрдөн байцаах газарт үргэлжлүүлэн ажиллаж байсан бөгөөд өдгөө олон хэрэг дээр амжилттай сайн оролцсон өмгөөллийн хууль зүйн хувийн товчоо ажиллуулж байна. Ц.Оргил их даруу зантай, хэр баргийн зүйлд түрүүлж дуугараад байдаггүй, анзаарагддаггүй хүү байсан бол одоо их сайхан залуу болсон гэлцэх. Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт ажилладаг Ш.Төгсжаргал, Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтэст бүртгэгчээр ажиллаж байгаад одоо Иргэний бүртгэл мэдээллийн төвд улсын бүртгэгчээр ажиллаж буй Дүүрэнжаргал нарыг нэрлэе. Сурагч ахуй үеэсээ эхлэн үерхэж гал голомтоо бадраасан хосын нэг О.Энхбат, Б.Түмэндэлгэр нар эдүгээ гурван сайхан хүүтэй, ангийнхаа уулзалт дээр хөтлөлцөөд ирцгээдэг гэсэн. Өрхийн тэргүүн О.Энхбат нь Европоос манай улсад тахь нутагшуулж, устах аюулд хүрээд байсан тахийн тоо толгойг олшруулахад гар бие оролцож, орчуулагчаар ажиллаж байсан түүхтэй. Гэргий Б.Түмэндэлгэр нь банк санхүүгийн салбарт нэртэй, удам залгасан банкируудын нэг. Банк бус санхүүгийн хувийн бизнестэй. Сонирхолтой нь О.Энхбатын ээж Б.Түмэндэлгэрийн аавтай нь нэг сургуульд суралцаж байсан, бага байхын гэр бүлийн найзуудын хүүхдүүд тул нэгнийхээрээ орж гардаг найзууд байсан гэнэ. Ангийнхан нь тэр хоёрыг төрөхөөсөө эхлэн хоёр биендээ заяагдсан хосууд гэцгээдэг. Дараачийн хос бол Виктор, А.Уянга нар. Сурагч байхдаа хоорондоо төдийлөн таарамжгүй байсан учраас ангийнхан нь тэднийг гэрлэсэн гэдгийг нь сонсоод бяцхан цочролд орсон нь бий. Үнэндээ Виктор хүү багын Уянгаадаа сайн байсан бөгөөд сайн гэдгээ илэрхийлэх арга нь уурлуулж өдөх байсан тухайгаа хуучилсан удаатай. Эднийх бас банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг бөгөөд бизнесээ өргөжүүлж аяллын болооод ахуйн хэрэглээний газ үйлдвэрлэх бизнес рүү оржээ. Энэ ангид банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлдэг дараагийн нэг хүн бол Д.Уянга. Тэрбээр Монгол Улсын гавьяат жүжигчин “хөх чоно” С.Дамдины охин. Багадаа “Уул усны үр сад”, “Алт амилах цагаар” уран сайхны кинонд тоглож, дүр бүтээж байсан. Багын царайлаг, хөөрхөн гэдгээрээ ангийн хөвгүүдийн харцыг булааж явсан нь бий. Ангийн андуудын нэг Баатархүүг хүний сайхан зан чанар бүхнийг тээсэн хүн чанарын жинхэнэ илэрхийлэл юм гэдгийг онцлон хэлж байв. Баатархүү автобус баазад жолоочоор ажиллаж байсан, одоо хувийн бизнес эрхэлж дэлгүүр ажиллуулж байгаа аж. Эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож инженерээр ажиллаж байгаа залуус олон бий. Шинэ нисэх онгоцны буудалд инженерээр ажиллаж буй Б.Батхүү, цахилгаан угсралтын хувийн компанитай Зоригтбаатар, “Сод Монгол” группт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хариуцсан инженер Т.Дашжав, ХБНГУ-д микробиологийн чиглэлээр суралцаж байсан, одоо барилгын бизнес эрхэлж буй Л.Батбаяр. Ангийн охин М.Отгонтуул Л.Батбаяр нар хуучны нэрлэдгээр Гал командын нэг байранд амьдардаг бөгөөд хичээлдээ цуг явдаг байжээ. Нэг бүтэн сайн өдөр цүнхээ барьчихсан хоёулаа хөтлөлцчихсөн хичээлдээ явж байхыг нь Д.Уянга гэрийнхээ цонхоор харчихаад “Та хоёр хаачих гэж байгаа юм” гэхэд нь “Хичээлдээ явах гэж байна” гэтэл “Өнөөдөр бүтэн сайн өдөр шүү дээ” гэж хэлж байсан хөгтэй дурсамжаасаа хуваалцав. Зоригтбаатар, Содбаяр нар ангидаа бие томтой, сургуулийнхаа анхаарал татсан хөвгүүд, “атаман”-уудын тоонд багтана. Содбаяр багын спортод дуртай хөл бөмбөг чадамгай сайн тоглодог, багын хоббигоо ажил мэргэжил болгон хөл бөмбөгийн шүүгч, дасгалжуулагчаар ажиллаж Монголын хөл бөмбөгийн спортод өөрийн үнэлшгүй хувь нэмрээ оруулж яваа. Түүний үздэг нэвтрүүлэг нь спортын суваг, эрхэлдэг хувийн бизнес нь спортын барааны дэлгүүр. Зоригтбаатар, Содбаяр хоёрын сурагч үеэс эхэлсэн андын үерхэл өнөөдөр ч бат бөх хэвээр. Гэр бүлийн найзууд болцгоосон бөгөөд гэргий нар нь тэднийг өвдөх үед нь эхнэр шиг нэгэндээ анхаарал халамж тавьчихдаг гэхэв. Гадаадад ажиллаж амьдран суугаа ч ангийнхаа фэйсбүүк группт өдөр болгон мэндчилж мэндээ мэдэлцэж суудаг хүмүүс бас бий. Г.Өлзийбаясгалан, Г.Баянжаргал нар АНУ-д ажиллаж амьдарч байгаа бол Японд Үүрцайх, БНСУ-д Рэгзэнчимэг, Мөнхбаяр нар, Бельгид Л.Дэмбэрэлсүрэн, Отгонцэцэг нар байна. Л.Дэмбэрэлсүрэнг багад нь бие жижигтэй байсан болохоор нь өөдөс гэж хочилно. Нэг удаа ангийн анд нь гэрт нь очоод хаалгыг нь тогшиж Дэмбэрэлсүрэн байна уу гэхэд аав нь байхгүй гэж хэлжээ. Л.Батбаяр буцаж явахдаа нэлээн бодож байгаад дахиад хаалгыг нь тогшиж “Өөдөс байна уу?” гэхэд аав нь “Байгаа” гэж хариулсан гэнэ лээ. Өөдөс гэдэг хочоор нь дуудсаар байгаад аав нь хүртэл хүүгийнхээ бүтэн нэрийг мартахдаа тулсан хөгжилтэй түүхээс сонсов. Анги дотроо битгий хэл сургуульдаа царайлаг гэдгээрээ анхаарал татсан Г.Баянжаргалд ангийн хөвгүүд бүгд сайн болж байсан талтай. Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, яруу найраг О.Дашбалбарын охин Д.Мөнгөндалай тус ангид суралцаж байсан. Д.Мөнгөндалай “Өдрийн сонин”-ы Улс төр, гадаад мэдээллийн албаны даргаар ажилладаг. Тус ангийнхан спорт, урлагаар жигдхэн сайн. Бүгд л гитар дарчихна. Урлагт ажиллаж буй хүмүүс бий. Монголын нэртэй балетчдын нэг болох Ганзориг ОХУ-д балетын хот болох Перм хотод суралцаж ажиллаж байсан. АНУ-д бас балетаараа ажиллаж байжээ. Хүүхдийн ордны “Цэцэг-2” хамтлагт бөмбөрчин хийж байсан Наранбат багынхаа сонирхлоо үргэлжлүүлэн хамтлаг байгуулан одоо ч урлагийн салбартаа хөгжмөө тоглосоор яваа. Багын хөдөлгөөнтэй, дүрсгүйдүүхэн Наранбат хог ачдаг машины араас нэг удаа зүүгдчихжээ. Жолооч толиндоо хараад бууж ирээд уурлаад хөөж. Тэгтэл жолоочийн хөл, Наранбатын хөл жолоочийнхтой яг ижил дугуйдуу майга байсан нь хүмүүсийн инээдийг хүргээд авч. Бага тойргийн хүүхдүүд хичээлээ давтахдаа мойл жимс түүж идэнгээ Засгийн газрын ордны сааданд тухалчихдаг байсан аж. Бага ангид Нарантуяа багш тэднийг дааж байсан бол чанга хатуу гэдгээрээ алдартай тооны Сүрэн багш, Норжмаа багш, Саранцэцэг багш нар тухайн ангийг ээлж дараалан дааж авч байжээ. Нэг удаа Зайсан толгойгоос Сүрэн багштайгаа нийлчихсэн уулын уруу руу вагон шиг ар араасаа залгалдаад чарга ч байхгүй бөгсөөрөө гулгаж явсан дурсамжаасаа хуваалцсан. Тухайн үед яасан ч их цас ордог байв, цасаар байлдаж тоглон, окоп ухан нуугдаж тоглодог байсан тухайгаа бас дурссан. Царайлаг охин болох Баянжаргалын байрны орцны үүдэнд сул асгасан хайрга чулуун дотроос анар чулуу түүж тоглодог байсныгаа бас санаж ярив. Ардын сурган хүмүүжүүлэх багшаар ажиллаж буй Д.Хишигжаргал, М.Өлзийжаргал нар байна. М.Өлзийжаргал төгөлдөр хуур их сайн тоглоно. “Шар толгойт” Л.Гансүх хаанаас ч харсан танигдахаар тод алтан шаргал үстэй. Хөвгүүд дүрсгүйтэх үед багш нар нь шар толгойтдоо хэн цуг байсан бэ гэдгийг дор нь илрүүлэн азаартуулчихдаг байсан гэнэ. Ичих үедээ час улаан болчихдог Болормаа “Говь” компанид ажилладаг, багадаа лам болж маань мэгзмийг найзууддаа зааж явсан Ч.Сүхбат одоо төрийн байгууллагад агентлагийн даргаар ажиллаж байгаа юм байна. Отгончимэг багадаа таеквондогоор хичээллэж байгаад хожмоо таеквондогийн багш болжээ. Партизаны сангийн аж ахуйд хувийн фермэр хийж буй Ойжүд, томоохон захуудын жимсний худалдааг атгасан Отгонбаяр, төрийн бус байгууллага ажиллуулдаг Учрал, “UBS” телевизэд багын зураг зурах хоббигоо мэргэжил болгосон Тулга хувиараа эрхлэх аж ахуй эрхэлж буй Н.Баянжаргал, Мөнх-Очир, үнэт эдлэлийн бизнес эрхэлдэг Ичинхорлоо, Нансалмаа, Минжин, Сүхбаатар, Гантулга, Сүмбэр, Баярмагнай, Оюунчимэг, Цогтжаргал, Ундрах, Бат-Эрдэнэ, Энхтуяа нарыг нэрлэе.
1Б-8Б анги хүртлээ нэг ангид тохой залган сууж эрдмийн өргөөнөө номын дууг хамтдаа сонссон 39 сурагчийн амьдралын нэгээхэн дурсамж түүхээс хуваалцлаа. Эдүгээ ид хийж бүтээх идэр насан дээрээ яваа залуус эргээд сурагч ахуй үедээ очиж, амьдралын жаргал, зовлонгоо хуваалцан аль болох уулзалдахыг хичээдэг болжээ гэцгээж байсан юм.
1988 он
1990 он