Categories
мэдээ цаг-үе

Баартуугийн Зангад: Монголын домогт уран бүтээлчдийн дууг би бараг аялсан даа, аялсан

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Баартуугийн Зангадтай уулзаж хөөрөлдлөө.


-Монголын нийтийн уянгын дууны нэрт мастер, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Жамбалын Шараагийн 80 насны ой сайхан боллоо. Та энэ уран бүтээлчийн олон сайхан дууг дуулсан биз?

-Монгол Улсын консерватори Монголын хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, хөгжмийн зохиолч Ж.Шараагийн маань 80 насны ой болон “Уянга яруу дэлгэрхэн дэлхий” шинэ номын нээлт, “Эх орны уянга-2” цомгийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэж байгаад уран бүтээлийн хамтран зүтгэгч хүний хувьд би талархалтай хандаж байна. Шараа маань түрүү зууны жараад оноос уран бүтээлийн гараагаа эхэлж, нийтийн дууны ертөнцөд авьяас билгээ сорьж эхэлсэн. Мянга есөн зуун жараад он гэдэг Монголын зохиолын дууны их ургацын жилүүд байсан л даа.

-Урлагийн их тэсрэлт, алтан үеийнхэн гэж яригддаг даа?

-Тийм. Зохиолын дууны их ургацын жилүүд байсан л гэж би хэлнэ. Тэр үед зохиолын дуу бичдэггүй хөгжмийн зохиолч гэж байгаагүй. Агуу их хөгжмийн зохиолч Самбын Гончигсумлаа, Г.Бирваа, Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Дагвын Лувсаншарав гуай гээд бүгд дууны төрлөөр уран бүтээлээ гайхамшигтай туурвиж байлаа. Тэдэн дотроос хамгийн залуу нь манай Шараа байсан. Онгод цалгилсан цэл залуухан тэр насандаа нийтэд хамгийн их түгсэн “Хавар ирлээ шүү, хүүхнүүдээ”, “Хар ус нуурын шагшуурга”, “Дуучин болов оо, би”, “Гэгээн өглөө сайн байна уу” зэрэг сайхан уран бүтээлүүд туурвисан нь өнөөдөр Монголын дууны урлагт байр сууриа эзэлсэн хүнд хэлэх үгтэй, хүнд сонсгох хөгжим дуутай болгожээ. Намайг яваад ороход охид бүсгүйчүүдийн дунд “Хавар ирлээ шүү, Зангад аа” гэх онигой ч маягийн яриа тархсан л байсан. Бид хоёр Хөгжим бүжгийн сургуулийн намхан шар байшингийн 35, 36 гэсэн зэргэлдээ хоёр өрөөнд ажилладаг байлаа. Шараа Намсрайжавын шүлгээр “Чиний минь хайр” гэсэн дууг 1962 онд зохиосныг би дууллаа. Тэрнээс хойш 1968 он хүртэл зохиосон “Миний ээж”, “Мөрөөсөл”, “Эх орны тухай дуу” гээд бараг бүх дууг нь дуулсан шүү. Тэр сайхан дуунуудын анхны дуулагч болсон би азтай хүн юм даа.

-Шинэ, хуучин он солигдох мөчид таны дуулсан шинэ жилийн дуу эгшиглэх ч бас сайхан шүү?

-Жаран хоёр онд ардын жүжигчин С.Гончигсумлаа гуай “Сүлд модны наадмын дуу”-гаа бичиж, агуу их яруу найрагч Жамцын Бадраа гуай шүлгийг нь бичсэн. Арванхоёрдугаар сарын 29-нд бичлэгт орж 31-нд эх орон даяар араажаваар цацагдаж байлаа. Тэрнээс хойш энэ жил тавин долоо дахь жилдээ дуулагдаж байна даа.

“Сүрлэг Монгол орныхоо

Өлчир жавхааг бадраасан

Сүлд модныхоо наадамд

Өвлийн элчийг тойруулцгаая аа…” гээд сайхан ч үгтэй дуу даа. Хожим энэ дууг соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа хоёртой шинэчлэн дуулсан шүү дээ. Гончигсумлаа гуай, Бадраа гуай нарын энэ дуу аялагдахгүйгээр хоёр он солигдох тухай төсөөлөхийн аргагүй юм. Тийм агуу дуу юм. Шинэ жилийн тухай олон ч уран бүтээлч өрсөлдсөн. Тэднээс ингэж он жилийн хойно шалгарч цолгорч үлдэнэ гэдэг уран бүтээлийн чанарын талаар ярихаас аргагүйд хүргэнэ.

-Алтан үеийнхэн маань зохиол бүтээлээ ёстой чин сэтгэлээсээ л туурвидаг байсны шинж дээ?

-Ахмад үеийнхэн маань зохиол бүтээлээ хийхдээ онгод хийморио цалгиулан байж туурвидаг байж. Ахмад үеийнхэн уран бүтээл хийхдээ мөнгөний талаар ярьдаггүй, мөнгөөр цэгнэж уран бүтээл хийдэггүй сэтгэлийн болоод авьяасын уран бүтээл туурвиж байсныг эндээс тодорхой харж болно.

-Та Шараа гуай шиг наяад насны босго алхчихсан хүн. Урлагийнхан тэтгэвэрт гардаггүй гэсэн үг байдаг. Та шинэ уран бүтээл туурвиж байна уу. Мэдээж дуулуулах урилга бол их ирдэг биз ээ?

-Яах вэ, яахав. Олны буянаар урилга ирнэ. Би бол зохиогч, бүтээл туурвидаг хүн биш, гүйцэтгэгч уран бүтээлч учраас олны дэмээр энэ агуу уран бүтээлчдийн бүтээлийг олон түмэнд хүргэх сэтгэлийн хөвч минь алдраагүй байна. Хоёр он солилцох мөчид “Сүлд модны наадмын дуу”-г дуулуулах сонирхол, дуулж өгөөч гэсэн хүсэл тэмүүлэл ирдэг юм. Одоо хүртэл ирж л байна. Саяхан Монголбанкны сүлд модны наадамд очиж дууллаа. Бас Ховд нутгийнхаа залуучуудын сүлд модны наадамд дууллаа. 29-нд Монголын залуучуудынхад, 31-нд “Алтан сарнай” ёслолын ажиллагаанд дуулна. Шараагийнхаа дуунуудыг ч дуулдаг. Тэр дуунуудыг дуулахаар хорин хэдтэй залуу нас минь л их бодогдоно доо. Ная гарсан хүмүүст сэтгэлд үлдсэн бүтээл гэдэг залуу насыг эргүүлж авчрах сэтгэлийн их боломж дурсамжийг нээж өгөх юм даа.

-Ховдын шинэ жил гэснээс нутагтаа ойрд очив уу?

-Ойрын хоёр жилд очсонгүй. Нутгаа сэтгэлдээ байнга тээж л явах юм. Радио телевизийн сувгууд өргөн дэлгэр нээгдэж, зам харгуй сайхан болчихсон. Зориод очъё гэвэл бүрэн боломж бололцоо байж байна. Гэхдээ нутгийн зон олонтойгоо утас цахилгаан, зурагтаар өдөр болгон шахуу л уулзаж байна даа.

-Нутагт чинь таны хамаатан садан олон бий юу?

-Бараг байхгүй дээ. Миний төрсөн дүүгийн дөрөв таван хүүхдүүд л байдаг юм. Тэдэндээ л очно. Очихтой зэрэг таних хүнгүй шахам болчихож. “Чи хэний хүүхэд вэ” гэж аав ээж, удам судрыг нь асууж байж таних жишээний болох юм даа.

-Өнөө ганц дуутай дуучин л цээжээ дэлдэж хөгжмийн зохиолчид, яруу найрагчдаас мөнгө нэхдэг болчихсон цаг үед та “Би зүгээр л нэг гүйцэтгэгч уран бүтээлч” гэж их даруухан загнаад байгаа юм биш үү?

-Монголын агуу домогт яруу найрагч, хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг би бараг аялсан даа, аялсан. Тэднийхээ хийж бүтээснийг түмэн олонд хүргэж нэр хүнд олж авчихаад, тэднийгээ үгүйсгэх, үл тоомсорлох тиймэрхүү ёс суртахуунгүй зүйл яавч байж болохгүй. Тэд маань анхдагчид байхгүй юу даа. Тийм учраас анхдагчдынхаа ач буянаар л өдий зэрэгтэй явж байгаа гэдгээ сэтгэлийнхээ гүнд ухамсарлаж явах нь уран бүтээлч бидэнд ер нь чухал бол уу даа.

-Шинэ оны босгон дээр настан буурал та ямар сайхан ерөөл хэлмээр байна?

-Эх орны дөрвөн зүг найман зовхист ажиллаж амьдарч байгаа сэтгэл сайт ард түмэн минь шинэ ондоо өнгөлөг өөдрөг байг. Ямар ч үед монголчууд бид эв эетэй, эвсэг найрсаг байж, бие биенийхээ хатуу ширүүн үгийг сонсож чаддаг сэтгэлийн тэнхээтэй ард түмэн шүү. Энэ сайхан уламжлалаа битгий умартаарай. Сайн сайхан аж төрж эх орныхоо бүтээн байгуулалтад авьяас хүчин төгөлдөр зүтгэж, юу санасан есөн цагаан хүсэл чинь бүтэж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье ээ!


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *