ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Одоогоор түймрийн нөхцөл байдал ямар байна?
-2017 он гарсаар 151 удаагийн ой хээрийн түймэр гарсан. Өнөөдрийн байдлаар бол долоон түймэр асч, 12 түймрийг цурманд оруулчихлаа. Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдуудад гарч байгаа түймэр, Төв аймгийн Эрдэнэ суманд хоёр түймэр асч байгааг унтраахаар ажиллаж байна. Одоогоор түймрийн голомтод онцгой байдлын 448 алба хаагч, хүчний байгууллагаас 308 алба хаагч, орон нутгийн гамшгаас хамгаалах алба хаагч, дайчилгаагаар ажиллаж байгаа 432 хүн байгаа. Нийтдээ 1200 орчим бие бүрэлдэхүүн түймрийг унтраах ажилд дайчлагдаж байна. Нийт түймрийн 68 нь долдугаар сар гараад тохиолдсон байгаа. Бид Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүргийн дагуу зургадугаар сарын 27-нд улсын хэмжээнд бүх түймрийг унтраасан байсан. Энэ их утаа униар тэр тусмаа долдугаар сарын 10-наас хойш гарсан. 20 гаруй түймэр шинээр гарсан байх жишээтэй.
-Засгийн газраас ч холбогдох байгууллагуудаас ч тэр түймрийг унтраах арга хэмжээг оройтуулсан нь нөхцөл байдал хүндрэхэд нөлөөлсөн гэх шүүмжлэл байна?
-Аливаа ажлыг зохион байгуулахдаа сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдвэрлэж болохгүй. Бид чинь улстай, улс нь удирдлагатай. Бүх зүйлийг шат дараалсан зохион байгуулалттайгаар хийх ёстой. Түймэр гарлаа гэхэд эхний ээлжинд тухайн орон нутгийн харьяа онцгой байдлын алба хаагчид ажиллана. Үүнтэй зэрэгцэн орон нутгийн Засаг дарга түймэр унтраах арга хэмжээ зохион байгуулна. Хэрвээ хүч хүрэхгүй бол бид хоёр шатны арга хэмжээ буюу үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтарч ажиллана. Улсын онцгой комисс хуралдаж чиг үүрэг өгнө. Үүний дагуу түймрийн нөхцөл байдалтай холбогдуулаад шуурхай арга хэмжээ авч Шадар сайд тодорхой үүрэг даалгавар өгсөн. Засгийн газар ч энэ асуудлыг хэлэлцлээ. Улсын онцгой комиссын хуралдааныг зохион байгуулж чиглэл бүрт тодорхой үүргүүдийг өгсөн. Хууль зүйн сайдад түймэр дэгдээсэн нөхдүүдэд хариуцлага тооцох, Эрүүл мэндийн сайдад түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад шаардлагатай эрүүл мэндийн тусламжийг үзүүлэх хэрэгтэй, Зам тээврийн сайдад яаралтай нисдэг тэрэг галын голомтод ашиглах хэрэгтэй байна гэх мэтчилэн салбар бүрт үүрэг өгсөн. Ингээд түймрийн нөхцөл харьцангуй тайван байдаг Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр зэрэг аймгуудаас хүч нэмж, тэндээ нэг ээлжийн бүрэлдэхүүн ар талаа хариуцаж үлдээсэн. Дээр нь Өвөрхангай, Архангай аймгуудаас нэмж алба хаагчдаа татсан. Манай аврах тусгай ангийн бүрэлдэхүүн Сэлэнгэ аймаг дахь Хүдэр, Ерөө гээд гурван том түймэр дээр, Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан түймрүүдэд одоо ч ажиллаж байгаа. Мөн зэвсэгт хүчний 300 гаруй бие бүрэлдэхүүн түймрүүд дээр ажиллаж байна. Маш богино хугацаанд дайчилгаа зохион байгуулаад түймрийн голомтуудыг дарж авлаа.
-Суурин газартай ойрхон байна гэсэн яриа гарсан. Ийм тохиолдол байна уу?
-Сэлэнгийн Түнхэлд ой хээрийн түймэр суурин газартай нэлээд ойртсон тохиолдол бол гарсан. Түнхэл тосгон нь ой модон дунд байдаг онцлогтой учраас түймэр нэлээд ойртсон. Гэхдээ яг айлын иргэн, аж ахуй нэгжийг хохироосон, айлын хашаа галд өртсөн зүйл бол гараагүй. Хажууханд нь Мандал суман дээр онцгой байдлын хэлтэс байдаг. Тиймээс энэ бие бүрэлдэхүүн шуурхай очиж ажиллаж түймрийг унтраасан. Батсүмбэр суманд бол суурин газраас 6-7 км зайтай түймрийг дарсан байгаа.
-Долдугаар сар буюу наадмын үеэр ихэнх түймрүүд дэгдсэн гэсэн. Гол шалтгаан юу байв?
-Түймрийн эцсийн шалтгааныг цагдаагийн байгууллага тогтоодог. Өмнөх жилийн цагдаагийн байгууллагаас гаргасан түймрийн шалтгааны дүн мэдээллийг харж байхад нийт түймрийн 70-80 хувь нь хүний буруутай үйлдлээс болж гардаг. Татсан тамхиа дутуу унтраагаад орхидог, аялал зугаалгаар явж байхдаа галаа дутуу унтраадаг, бага насны хүүхдүүдийг шүдэнзтэй их ойр байлгадаг. Үүнээс болоод хөдөөний айлын хүүхдүүд гэрээсээ шүдэнз авч гараад жалганд зурж гал алддаг тохиолдол гарсан. Цогтой үнсээ гаргаад асгачихдаг, машин техникийнхээ аюулгүй байдлыг хангадаггүй. Зарим машины яндан оч баригчгүй явснаас болж түймэр гардаг. Байгалийн хүчин зүйлүүд бас байна. Салхитай үед мод хоорондоо үрэлт үүссэнээс болж гал гарсан тохиолдол хүртэл бий. Гэхдээ энэ бүх шалтгаанаас 80 хувь хүний буруутай үйлдлээс болж гал гарсан байдаг. Мэдээж халалт нөлөөлсөн.
-Өнөө жил арай л их түймэртэй байх шиг. Хэдий хэмжээний га талбай түймэрт өртөөд байна вэ?
-Энэ жил өмнөх жилүүдийг бодвол түймрийн гаралт 80 хувиар илүү байна. Гэхдээ 1996 онд Монгол Улс 450 гаруй түймэртэй байсан. Үндсэндээ бүхэлдээ шатаж байсан. Яг тиймэрхүү цаг агаарын нөхцөл өнөө жил тохиолдож байна.
-ОХУ-аас агаарын тусламж авах талаар яригдаад чимээгүй болчихлоо. Энэ асуудал юу болсон бэ?
-ОХУ-аас энэ талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэсэн хариу ирүүлсэн. Гэсэн хэдий ч энэ цаг мөчид байгаль, цаг агаарын хувьд таатай нөхцөл бүрдсэн. Бороо хур орсон. Ер нь олон жилийн туршлагаас харахад байгалийн хүчин зүйл бороо түймрийг унтраахад асар их нөлөөлдөг. Тухайн үед Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс орон нутгуудад ажиллаж тодорхой хэмжээгээр үүлэнд нөлөөлж пуужингаар харвах ажиллагааг зохион байгуулсан. Үүний дүнд бороо орлоо. Зөвхөн онцгой байдлын газар бус бүхий л салбар байгууллагуудын хамтын ажиллагаа чухал л даа. Олон хүний хүч хөдөлмөр орж байгаа. Байгалийн таатай боломж үүссэн учраас бид дэмжлэг авахаа түр азнасан.
-Монголд жижиг эйр компани олон бий. Тэдний онгоцыг ашиглах боломж байгаагүй юм уу?
-“Томас эйр” гээд компани хоёр онгоцоор өөрсдийнхөө зардлаар түймрийн голомттой газруудад ус цацсан. Өөрсдөө санаачилга гаргасан, бид дэмжсэн.
-Энэ удаагийн нөхцөл байдал ямар ч байсан нэн түрүүнд онгоцтой болох хэрэгтэй гэдгийг харууллаа. Онгоцтой болох талаар яриа хэр урагштай байна вэ?
-Ой хээрийн түймэр, энэ нөхцөл байдал үүсэхээс өмнө онгоцны асуудал яригдаж байсан. Онцгой байдлын газар нисэх нэгжтэй болох асуудлыг тавьсан байгаа. Онцгой байдлын газарт нисдэг тэрэг маш хэрэгтэй. Зөвхөн ой хээрийн түймэр гэлтгүй бусад болзошгүй аюулын үед нисдэг тэрэг хамгийн чухал үүргийг гүйцэтгэнэ. Газар хөдлөлөө гэхэд маш хурдан хугацаанд газар хөдлөлтийн бүст өртсөн иргэдийг зөөх, нүүлгэн шилжүүлэх, гэмтсэн хүмүүсийг зөөх гээд ач холбогдол өндөр. Өмнө нь бид түймэрт өртсөн, төөрөөд алга болсон, хүнд гэмтсэн хүмүүсийг нисдэг тэргээр зөөж байсан тохиолдол бий. Усанд хүн осолдлоо гэхэд маш шуурхай очоод аврагч хүргээд аврах боломж байх юм, ой хээрийн түймрийг гарахаас нь өмнө тандалт хийж болж байна.
-Түймрийн үеэр монголын төр хөрөнгөтөн ихтэй байж ганц нисдэг тэрэг авч чадахгүй бол ард иргэд хандив босгоод авч өгье гэсэн яриа газар авсан. Ер нь хэр их хөрөнгө шаардах вэ?
-Нисдэг тэрэгний үнэ харилцан адилгүй. Тухайлбал, “МИ-171” гээд нисдэг тэрэгний орчин үеийн хүчин чадал сайтай нь 20 орчим тэрбум төгрөгийн үнэтэй байгаа. Зөвхөн нисдэг тэрэгний үнэ. Үүнийг бид авахын тулд захиалга өгнө. Түргэн тусламж үзүүлэх, өвчтөн зөөх хэлбэрээр ашиглана гэвэл дотор нь суурилуулах тоног төхөөрөмж нэмж захиална, эсвэл ус цацах, гал түймрийн чиглэлээр гэвэл мөн л нэмэлт тоноглол захиална гээд үнэ нь нэмэгдээд явна. Жижиг оврын нисдэг тэргүүд аль улсад үйлдвэрлэгдснээсээ шалтгаалаад арай бага үнэтэй байх жишээтэй. Маш олон улс орны нисдэг тэрэгний судалгааг хийж байна. Илүү тохиромжтой нь “МИ-171” гээд ОХУ-д хэрэглэж байгаа нисдэг тэрэг. Манай улсад ч хоёр ажиллаж байгаа. Нисдэг тэрэгний асуудал тун удахгүй шийдэгдэх байх.
“МАНАЙ ЗАЛУУС
ҮНЭХЭЭР НЭГДЭЖ, ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ ЧАДДАГ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ БИД ХАРЛАА”
-Ард иргэд сайн дураар түймэрт дайчлагдсан. Гэхдээ сайн дураараа оролцсон иргэдийг түймрийн голомт руу орохыг хориглосон нь иргэдийн урмыг хугаллаа гэж их яригдсан…?
-Иргэнийхээ амь насыг нэн түрүүнд хамгаалах нь бидний үүрэг. Шаардлагатай тохиолдолд хувь хүн, аж ахуй нэгжийг дайчилна гээд Засгийн газрын тогтоолд тусгаад өгчихсөн байгаа. Гамшгаас хамгаалах тухай хуульд иргэн хүн дээрх мэргэжлийн байгууллагуудын чиг үүргийг дагана гэж. Энэ хүрээнд бид ард иргэдийг түймэрт дайчилсан. Гол нь энэ удаа ард иргэд түймэрт их санаа зовниж, түймэр унтраах ажилд идэвхитэй нэгдлээ. Гэхдээ манайхаас сайн дураараа түймрийн голомт руу явахыг хориглосон. Учир нь бид хамгийн түрүүнд иргэнийхээ амь насыг хамгаалах үүрэгтэй. Түймрийн голомтод ажиллана гэдэг иргэн бүрийн очоод хийчих зүйл биш. Өнгөрсөн онд салхитай шуургатай үед зургаан метр өндөр галын багана үүсчихээд хуйларч байсан. Тэгэхээр дэмжье, тусалъя гээд ирсэн иргэдийг галын фронт руу оруулчихвал ямар ч нөхцөл байдал үүсэхийг хэлж мэдэхгүй шүү дээ. Ойн түймэр гурван хэлбэрээр шатдаг. Нэгдүгээрт модны дээд үзүүрээр асдаг. Биднийг унтрааж байхад дээгүүр шатаад цаана тархчихдаг. Хоёрдугаарт газрын доогуур модны үндэс, хөвд шатаад газар авчихдаг. Зарим газраа хөвд өвс хүний бэлхүүсээр татдаг. Гурав дахь нь газар дээр ил харагдаж байгаа түймэр. Харагдаж байгаа галыг цохиод унтраагаад байж байтал ард 20, 30 метрийн цаана газар доороос гал авалцаад ирдэг. Ингээд галд хашигдах аюул гарах нь бий. Энэ талаар би Сүхбаатарын талбайд цугларсан залууст хэлсэн. Тэдний зарим нь сандаалтай, шорттой ирсэн байх жишээтэй. Залуус түймрийн талаар мэдлэг мэдээлэл дутмаг явж гэж маш сайхан хүлээж авсан. Харин бид хоол хүнс, хандив тусламж үзүүлэхийг хориглоогүй. Үнэхээр манай иргэд сайхан сэтгэлийн угаас боломж бололцоогоороо бээлий, хүрз, чийдэн бариад ирж байсан. Хоёрхон хоногийн өмнө талбай дээр цугларсан залуус яриад “түймэрт ажилласан хүмүүсээ татахаар хоёр автобус явуулчихлаа” гээд их сайхан зохион байгуулалттай оролцож байгаа залуус. Тиймээс Засгийн газар, Онцгой комисс, Онцгой байдлын байгууллагын нэрийн өмнөөс энэхүү тусламжийн аян өрнүүлсэн, хандив өргөсөн, гар биечлэн оролцсон хүмүүстээ талархсанаа илэрхийлье. Монголчууд, манай залуус үнэхээр нэгдэж, эх орныхоо төлөө дуугарч, босч чаддаг юм байна гэдгийг бид харлаа.
-Зуны улиралд усанд осолдож амиа алдах тохиолдол эрс нэмэгддэг. Өнөө жил ч гэсэн усны ослоор амиа алдах тохиолдол их байгаа гэсэн?
-Өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Он гарсаар 72 хүн усанд амь эрсэдсэн байна. Үүнээс 13 нь хүүхэд байна. Зургаан сард хүн усанд үйж амиа алдсан 30 тохиолдол гарлаа. Өдөр бүр нэг хүн усанд осолдсон гэсэн үг. Олон жилийн судалгаанаас харахад баяр наадмын өдрүүдэд усны ослын тоо нэмэгддэг. Нийслэлийн хэмжээнд өнөө жил энэ байдал гайгүй байсан бол хөдөө орон нутагт ослын тоо их байсан.
-Ослын шалтгааныг тодруулвал?
-Амь эрсэдсэн 72 тохиолдолд дүн шинжилгээ хийгээд үзэхэд усанд сэлэх гээд осолдож байна, голд тоглож байгаад осолдож байна, амиа хорлох гээд осолдож байна. Тэрбүү хэл нууранд хонио угаах гэж ороод хонь нь живэнгүүт дагаж ороод амиа алдсан тохиолдол гарлаа. Гэр бүлийн ах дүү хүүхдүүд усанд осолдож байна. Тогтоол усанд осолдох тохиолдол гарлаа. Гэртээ хүүхдээ торхтой усанд оруулж байгаад осолдох тохиолдол гарлаа. Аав ээж нь хөзөр тоглож байхад хүүхэд нь усанд осолдсон тохиолдол хүртэл гарч байсан.
-Усны осол ч тэр, зам тээврийн осол ч тэр иргэдийн хайнга, хайхрамжгүй үйлдлээс л үүсч байна. Энэ байдлыг хэрхэн цэгцлэх ёстой юм бол оо?
-Сэтгэл эмзэглүүлэм осол их байна. Онцгой байдлын газраас гол усны ослоос сэрэмжлүүлэг хүргэдэг хэдий ч манай иргэд нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргачих юм. Хайхрамжгүй, амь насандаа хайргүй юм, үр хүүхдээ хайрлахгүй юм, өөрийгөө хайрлахгүй юм. Өнөөдөр манай улсад хямрал, янз бүрийн аюулт гамшиг тохиолдоогүй. Гэтэл зүгээр явж байгаад усанд явж ороод амиа алдчих юм. Ер нь энэ тал дээр томоохон үндэсний хэмжээний бодлого гаргахгүй бол төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага тайлбарлаж, сэрэмжлүүлээд байсан ч жилдээ 100 гаруй хүн усанд осолдож байна. Буурахгүй байна. Авто ослууд байна. Дийлэнх нь эцэг, эхээ дагаж хөдөө орон нутаг яваад осолдож байна. Өвөл болно. Салхи, шуурга, хальтиргаа гулгаатай байна гээд хэлээд байхад замд гарч төөрч, осол аваарт ордог. Иргэдийн оюун санааг өөрчлөх, ёсзүйтэй болгох, эх орноо хайрлах, иргэнийхээ үүрэг хариуцлагыг ухаарах зэрэг асуудлыг бодлогоор нь, системээр нь өөрчлөх хэрэгтэй гэж би хувьдаа бодох болсон. Иргэдийг зөв систем, бодлогоор зохион байгуулаад, уриалаад ажиллавал үр дүнд хүрч болно гэдгийг бид сая түймрээр харлаа шүү дээ.