Categories
мэдээ цаг-үе

Б.Өлзийбаяр: Хөрөнгийн зах зээл хямралыг боломж болгодог

“Ард капитал” үнэт цаасны компанийн ерөнхий захирал Б.Өлзийбаяртай ярилцлаа.

-Хөрөнгийн зах зээл Монголд хүчтэй дэлгэрээгүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд яригдаж, судлагдаж, хэрэгжиж, хөрөнгө оруулагчид уг салбарыг сонирхож эхэлсэн байна. Салбарын талаар иргэдэд мэдээлэл өгөхгүй юу?

-Нийгэмд хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголт муу байна. 25-26 жилийн өмнө бид төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос чөлөөт зах зээлд суурилсан тогтолцоо руу шилжиж орсон. Ингэснээр хувийн өмч, хувийн хэвшил бий болж бидэнд бүх зүйл шинэ байсан. Хувийн компанийг яаж байгуулах, хэрэгцээт санхүүгээ хаанаас босгодог вэ гээд юм бүхэнд суралцаж эхэлж байгаа. Үүний зэрэгцээ санхүүгийн зах зээлтэй холбоотой мэдлэг, мэдээлэл хомс. Өмнө нь банк гэж байсан өнөөдөр ч түүгээрээ л ойлгож хардаг. Мөнгө хэрэгтэй бол банкинд л ханддаг. Гэтэл санхүүгийн зах зээл гэдэг хоёр том баганатай. Нэг нь банкны салбар буюу мөнгөний зах зээл. Нөгөө нь хөрөнгийн зах зээл. Энэ хоёр зэрэг хөгжиж байж улс орны эдийн засаг тогтвортой байдаг. Өнөөдрийг хүртэл бид үүнийг ойлгоогүй. Мэдээж эхлээд банкны салбараа бэхжүүлнэ, дараа нь хөрөнгийн зах зээлийг анхааръя гэх мэтээр шат дараатай хийх шаардлага байсан байх. Өнөөдөр хямралын энэ үед бид нэг зүйлийг ойлгож авлаа. Санхүүгийн зах зээлийн тогтолцооны эрсдлийг олж харж, зөв тогтоогоод хүндрэлийг дахин бий болгохгүйн тулд яах ёстой юм. Хөрөнгийн зах зээлийг яаж зөв ашиглах ёстой юм гэдгийг хаа хаанаа ойлгоод эхэлчихсэн. Хувийн хэвшил, банкууд, төр засаг ч.

-Яаж?

-Хувийн хэвшил яаж ойлгож, хүлээж авч байгаа вэ гэхээр банк ганц дангаар монопольчлоод өндөр өртөгтэй зээл олгож байна. Хувийн хэвшил хүүгийн дарамтад орж улам хүндэрсэн. Банкууд ч өөрөө эрсдэлд орчихлоо. Иргэд хөрөнгөө банкинд хадгалуулдаг. Тэр мөнгийг банк зээл болгож гаргахдаа хэнд өгөх вэ. Өнөөдөр хувийн хэвшлүүд хүнд байдалд орж, авсан зээлээ найдвартай эргэн төлөх чадавхтай нь хэд байна вэ гэхээр ховор болчихож. Бас банк их хэмжээний үл хөдлөх хөрөнгө барьцаалаад авчихсан. Эргэлтэд оруулах гэхээр эдийн засаг суларсан учраас худалдан авагч байхгүй. Бодлого боловсруулж байгаа хүмүүс үүнийг ойлгож эхэлж байна. Хямралыг далимдуулаад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг олж харсан гэдэг нь энэ. Ингэж байж Монголын санхүүгийн зах зээл улам тогтвортой, эрсдэл багатай болох юм. Хувийн хэвшилд боломжийг нь олгож, хэрэгцээт санхүүг нь саадгүй босгох юм байна. Нэг бол банк эсвэл хөрөнгийн зах зээл рүү оч гэж. Тэгэхээр үүнийг ойлгоод авчихлаа. Одоо бодлого болгож хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

-Бодлого гаргаж, эрх зүйн орчинг боловсруулахдаа юуг анхаарч, чухалчлах ёстой вэ?

-Татварын ямар таатай орчин бүрдүүлэх юм. Хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг яаж хамгаалах вэ. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд бүтээгдэхүүн хэрэгтэй. Өмч хувьчлалыг хөрөнгийн зах зээлээр явуулдаг байна гэх мэтээр цогц бодлого гаргах хэрэгтэй. Гаргасан бодлогоо зөв хэрэгжүүлээд эхлэх юм бол зөвхөн хөрөнгийн зах зээл бус улс орны эдийн засагт асар том хувь нэмэр болно. Бодитой жишээн дээр ярих хэрэгтэй. Сая Засгийн газрын бонд ихээр арилжаалагдлаа. Олон нийт Засгийн газрын бондыг Хөрөнгийн биржээс худалдаж авах боломжийг нээлттэй болголоо. Нөгөө талаар банкин дахь хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авахаар болсон. Эндээс юу анзаарагдаж байна вэ гэвэл хадгаламжийн орлого дээр татвар тавьсан бол нөгөө талд Засгийн газрын бондын хүүгийн орлого нь татваргүй байгаа. Хөрөнгө оруулагч, иргэд хаана татварын таатай орчин бий болсон байна, хаана өндөр өгөөжтэй байна тийшээ л хөрөнгө оруулдаг. Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авч эхэлсэнээр хөрөнгийн зах зээлийн эргэлт ихэсч Засгийн газрын бондын арилжаа идэвхжиж байх жишээтэй. Он гарсаар 317 тэрбум төгрөгийн Засгийн газрын бондын арилжаа хийгдчихээд байна. Шууд хэлбэл ард иргэд ийм хэмжээгээр хадгаламжаас мөнгөө татаж эргэлтэд оруулсан байна гэсэн үг. Цогц бодлого гаргаад хэрэгжүүлэх юм бол энэ байтугай хөгжил ирнэ.

-Иргэд уламжлалт аргаар мөнгөө банкинд хадгалж байгаа гэлээ. Тэгвэл хөрөнгийн зах зээлд оруулсанаар юунд хүрэх юм?

-Ашиг олох зорилгыг хөрөнгө оруулалт гэж ойлгодог. Яах гэж хүн хөрөнгийн зах зээл рүү хөрөнгө оруулдгийг хувьцаан дээрх жишээгээр ярья. Хувьцаанаас хоёр төрлийн ашиг олно. Нэгдүгээрт ханшийн зөрүү. Өөрөөр хэлбэл өнөөдөр 100 төгрөгөөр үнэд хүрэхээр нь зардаг. Нөгөө хувилбар нь ногдол ашиг. Компани ашигтай ажилласан бол жилийн эцэст хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараадаг. Засгийн газрын, компаниудын бонд бас байна. Ийм бүтээгдэхүүнүүд байна. Хөрөнгө оруулалтын төрөл бүр өөрийн гэсэн эрсдэлтэй, өөрийн гэсэн өгөөжтэй. Эрсдэл өндөр байх тусмаа өгөөж нь өндөр байдаг. Ямарваа нэг зүйлд буюу банк, компани, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийхдээ мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч, эрсдлээ сайн тооцож байж орох ёстой. Өөрийнхөө эрсдэл даах чадварыг тооцуулж, зөвлөгөө авч байж хөрөнгө оруулалтынхаа зөв хувилбарыг сонгох хэрэгтэй.

-Анхлан орж байгаа хүн юуг анхаарах ёстой вэ. Мөнгөний хэмжээнээс эхлээд мэдэх зүйл их байх?

-Хүн бүрийн боломж өөр, өөр. Хүн тухай бүрт зохицсон боломж байдгаараа энэ салбар онцлогтой. Жишээ нь хөрөнгийн бирж дээр 235 компанийн хувьцаа арилжаалагдаж байна. Тэр бүхэн өөр өөр бүтээгдэхүүнтэй, хувьцааны үнийн сонголт ч олон хэлбэр. Сонголт их. Ямар компанийн хэдэн хувьцаа авах вэ гэдгийг мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч эрсдэл, ирээдүйг тооцож байж авсан нь дээр байдаг. Анх орж байгаа хүн учир утгагүй их гүйлгээ хийгээд эхэлбэл эрсдэл нь дагаад өснө. Хамгийн гол нь арилжаанд ороод үзчих хэрэгтэй. Тэгэхээр компанийн хувьцаа авна гэдэг чинь ингэж дансаа нээдэг, захиалгаа өгдөг, эзэмшлийг ингэж бүртгэдэг юм байна гээд бүхнийг мэдэж авна. Хувьцаа эзэмшээд эхлэхээр хувьцаа эзэмшигчдийн хуралд суух, тайлан сонсох, Удирдах зөвлөлийг сонгоход нь саналаа өгөх гэх мэтээр суралцаад явна.

-Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн шинэ үе хямралын энэ мөчлөгөөс эхэлж байна гэсэн үг үү. Одоо эхэл эсвэл гэж хэлэх гээд байна уу?

-Одоо л эхэл. Одоо тоглож эхэлсэн хүн ирээдүйд хожно. Яагаад гэвэл бид эдийн засгийн хувьд хүнд байна. Хямрал өөрөө боломжийг бий болгодог. Бүх зүйл, бүх төрлийн хувьцаа хямдарчихсан байгаа. Ийм үед хөрөнгө оруулах хэрэгтэй байдаг. Эдийн засаг сайжирч эхлэхэд хувьцааны ханш өсч эхэлнэ. Ийм процесс өмнө явагдаж байсан. 2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал гэж болж байлаа. Дараа нь эдийн засаг сайжирахад Монголын бүх үзүүлэлт хоёр дахин өссөн. Дөрвөн мянган төгрөг байсан Багануурын хувьцаа 42 мянга, таван мянган төгрөгийн ханштай байсан Могойн голын хувьцаа 80 мянган төгрөг болтлоо өссөн гээд эргэлт ингэж л явагддаг.

-Хувьцааны ханш тэдэн хувиар буурсан гэдэг тоон үзүүлэлт байна уу?

-Буулгүй яахав. 2010 оны өмнө хувьцаа ямар байсан яг тэр цэг дээрээ хүрч буурсан. Эдийн засаг дандаа өсөлттэй байх юм шигээр бодож, сэтгэж бодлогогүй явсны гороор эргээд байсан байран дээрээ ирчихэж байгаа юм.

-Сайн хувьцаа, муу хувьцааг ямар томьёоллоор тооцож боддог юм. Хэр хугацааны өмнө үнийн савлагааг урьдчилж харж болох вэ?

-Байлгүй яах вэ. Тийм учраас ард иргэдэд хандаж “Мэргэжлийн байгууллагад ханд” гэж зөвлөдөг. Ялангуяа хөрөнгийн зах зээл рүү орж, хувьцаа авах гэж байгаа бол. Яаж санхүүгийн тайландаа анализ хийдэг юм. Ямар үзүүлэлтүүдийг нь харж, ямар томьёогоор үр ашгийн тооцоогоо гаргаж ирдэг юм гэх мэтээр бүхнийг мэргэжлийн байгууллагад хандаж, заалгаад авчих хэрэгтэй. Хувьцааны үнэ ханш гэдэг мэдээлэл, итгэлцэл гэсэн үг. Хүн хөрөнгө оруулалт хийгээд эхэлсэн л бол байнга мэдээллийн цэнэг авч байх ёстой. Хувьцаа гэдэг чинь мөнгө. Санхүүгийн тайлан баланс дээр ч гэлээ мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгөд хувьцаа ордог. Манайхан мэдэхгүйгээсээ болоод асуудалд хэнэггүй ханддаг. Банкинд мөнгөө хадгалуулчихаад мартдаггүй бол мэдэхгүйгээсээ болоод цэнхэр, ягаан хувьцаагаа мартсан байх жишээтэй. Бас хувь хүний хариуцлага өндөр байх шаардлагатай. Өмчөө захиран зарцуулахын тулд ханшийн мэдээллээс эхлээд бүхнийг авч байх ёстой. Хэрвээ өөрөө чадахгүй бол өмнөөс нь менежментийг нь хийж өгдөг систем хүртэл байна.

-Хөрөнгийн биржид хувьцаагаа арилжиж байгаа 235 компани байгаа юм байна. Яг өнөөдөр үнэт цаасны компани хэд, тоглогч хэд байгаа вэ?

-Үнэт цаасны 60 орчим компани байдгаас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь 40 гаруй. Оролцогчдын хувьд 700 орчим мянган хүн данс нээлгэсэн байдаг. Үүнээс дөрвөн мянга орчим хүн идэвхтэй оролцдог юм билээ.

-Одоо ямар компанийн хувьцаа авбал ашигтай вэ?

-Мэдээллийг өгөх нь бидний үүрэг. Боловсруулаад шийдвэрээ гаргах нь хөрөнгө оруулагчдын эрх. Одоо дэлхийн зах зээлд нүүрсний ханш өссөөр байгаа. Хөрөнгийн биржид бүртгэлтэй жижиг Таван толгой компанийн жишээг харахад хувьцааных нь үнэ 2000-2800 төгрөгөөр арилжиж байсан бол өнөөдөр таван мянган төгрөг давчихлаа. Ногдол ашиг хуваахад нэг хувьцаа нь 800 гаруй төгрөгийн үнэлгээтэй байх жишээтэй. Эрдэнэс Таван толгойн хувьцааг ч гэлээ арилжаанд оруулмаар л байна. Энэ алхмыг хийснээр компанийн засаглал сайжрахаас эхлээд давуу тал их.

-Уул уурхай ашигтай юу эсвэл бусад компанийн хувьцаа өгөөжтэй байдаг юм уу?

-Дан ганц салбар руу хэзээ ч хөрөнгө оруулалт хийж болохгүй. Багц бүрдүүлэх ёстой. Багц бүрдүүлнэ гэдэг нь өөрсдийнхөө эрсдлийг тархаан байршуулна гэсэн үг. Ингээд олон хувьцаа авчихаар нэгийнх нь ханш суларч байхад нөгөөгийнх нь чангарч алдагдлаа нөхдөг. Багцаа бүрдүүлэхдээ мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг авч, судалгаа хийснээр эрсдэл багасна гэсэн үг.

-Гадагшаа гарч тоглоно гэвэл?

-Болно. Ийм боломжийг үнэт цаасны компаниуд олгож байгаа. Одоогийн байдлаар дөрвөн компани гадаадын арилжаанд зуучлах тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа.

-Иргэд энэ төрлийн мэдээлэлтэй болохын тулд хэдэн төгрөг зарцуулах шаардлагатай вэ?

-Бид зах зээлээ хүн бүрт ойлгуулах шаардлагатай байгаа учраас ихэнх брокерийн компани үнэгүй зөвлөгөө өгч байгаа. Үнэгүй хичээлүүд явуулж байна. Иргэдэд хандаж хэлэхэд банкнаас гадна хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийгээд ажиллаад үзээч гэж хэлэх байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *