Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Түвшинбаяр: Өдөрт авах ёстой хэмжээний илчлэгээ аваад байвал илүүдэл жинд хүрэхгүй DNN.mn

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяртай ярилцлаа.


-Сахар бидний биед яаж нөлөөлдөг юм бэ?

-Эхлээд сахар буюу гюлкоз гэдэг нь хүний биеийн энергийн эх үүсвэр, түлш гэсэн үг. Тиймээс сахарыг хэвийн түвшинд нь хэрэглэх ёстой, аль болох нийлмэл нүүр уснаас. Яагаад гэвэл нийлмэл нүүрс ус хоол боловсруулах замд удаанаар шимэгдэж, биеийг энергиэр хангаж боловсордог. Нүүрс ус өдрийн нийт илчлэгийн 60 хувийг бүрдүүлдэг. Цусан дахь сахарын хэмжээ ихэсвэл хэвлий орчмын таргалалт үүсч, илүүдэл болж хувирна. Цаашилбал зүрх судасны өвчин, даралт ихсэх, хорт хавдар гэх мэт халдварт бус өвчний анхны шалтгаан болдог.

-Ямар сахарыг хэр хэмжээнд хэрэглэх ёстой вэ?

-Сүү, жимс гэх мэт бүх хүнсний бүтээгдэхүүнд энгийн сахар агуулагддаг. Энэ нь цусан дахь сахарын хэмжээг ихэсгэж, таргалалт үүсгэхгүй. Өдөрт хэрэглэж байгаа нийт илчлэгийн таваас доош хувийг сахар эзлэх нь зүйтэй. Насанд хүрсэн хүн өдөрт 20-30 гр, хүүхэд 10-15 гр сахар хэрэглэнэ.

-Бидний хоол хүнсэнд сахар агуулагдсаар байхад нэмэлтээр ундаа, амттан хэрэглэх шаардлагагүй юу?

-Тийм, дэлгүүрийн лангуун дээр байгаа ундаа, жигнэмэг, резинэн чихэр, торт, зайрмаг гээд ихэнх бүтээгдэхүүн сахарын агууламж өндөртэй. Ойролцоогоор 100 мл ундаанд 10 орчим грамм сахар агуулагддаг, харин гурилан бүтээгдэхүүн ундаанаас ч их сахартай. Тэгэхээр шошго сайн уншиж занших хэрэгтэй.

-Сахарын хэрэглээгээ багасгавал таргалалт, шүдний өвчлөл хэдэн хувь багасах вэ?

-Илүүдэл жин гэдэг хэрэгцээт илчлэгээсээ илүү хэмжээний калор хоол хүнснээсээ авч байгаагийн үр дүн. Хэрвээ өдөрт авах ёстой хэмжээний илчлэгээ аваад л байвал илүүдэл жинд хүрэхгүй. Шууд тэдэн хувь багасна гэж тодорхойлох боломжгүй. Хүн амын дунд илүүдэл жингийн асуудал эрчимтэй нүүрлэж байна. Насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг нь таргалалттай. Сүүлийн үеийн судалгаагаар өсвөр насныхны таргалалт огцом нэмэгдэж байгаа нь анхаарал татаж байна. Өсвөр насны таван хүүхэд тутмын нэг нь таргалалттай, таван жилийн өмнө энэ тоо тав дахин бага байсан. Хүүхдүүдийн 40 хувь нь өдөр бүр чихэрлэг ундаа ууж байна. Жигнэмэг, кекс гэх мэт чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээ 60 хувьтай байна.

-Чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээ яагаад ийм өндөр байна вэ?

-Хямд өртөгтэй, чанаргүй учраас. Нөгөө талаар хүүхдүүдийн идэвхтэй хөдөлгөөн буурсан.

-Өсвөр насандаа илүүдэл жинтэй байх нь ямар хор уршигтай вэ?

-Өсвөр насандаа таргалалттай байсан таван хүүхдийн дөрөв нь насанд хүрсэн хойноо илүүдэл жинтэй байна. Харин хэвийн жинтэй байсан таван хүүхдийн хоёр нь илүүдэл жинтэй болох магадлалтай. Өсвөр насанд өөхөн эсийн тоо олширч таргалалт үүсдэг, харин насанд хүрсэн хойно өөхөн эс томордог. Тэгэхээр өсвөр насанд байхад өөхөн эсийн тоо нэмэгдчихсэн бол таргалах эрсдэл өндөр л гэсэн үг.

-Энэ жил манай улс 210 сая литр сахартай ундаа худалдаалж, түүнд 522 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ их хэмжээ юу, үүнийг багасгахын тулд гадны орнууд ямар арга хэмжээ авдаг юм бэ?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, гадны орнуудад сургуулийн орчимд зарахыг хориглосон хүнсний жагсаалт байдаг. Чихэрлэг хүнс гэдэг нь 100 граммд 10-аас дээш грамм сахар агуулагдахыг хэлнэ. Манай улсад энэ тушаал батлагдсан л даа, хэрэгжилт муутай.

-Яаж хэрэгжүүлэх вэ?

-Сургуулийн захиргаа, эцэг эхчүүд, бизнес эрхлэгч, орон нутаг хороо дүүргийн засаг захиргааныхан гэрээ байгуулж хамтарч ажиллах шаардлагатай.


Сахартай ундаа хэрэглэх нь шүдийг чихэр идсэнээс чилүү гэмтээдэг


“Дөл дент” эмнэлгийн нүүр амны их эмч Б.Шүрэнцэцэгтэй ярилцлаа.


-Шүдэнд сахар хэрхэн нөлөөлдөг вэ?

-Шүд цоорох өвчин нь нүүрс ус, цаг хугацааны давтамжаас шалтгаалдаг. Нүүрс ус гэдэг нь зөвхөн сахар биш бидний өдөр тутамд идэж байгаа бүх хоол хүнсэнд агуулагддаг. Сахартай ундаа хэрэглэх нь шүдийг чихэр идсэнээс ч илүү гэмтээдэг. Сахарыг бүрэн хорих боломж, шалтгаан байхгүй, шүдээ бүрэн цэвэрлэх нь чухал байдаг. Ил харагдаж байгаа цагаан хэсэг бол шүдний хамгийн хатуу, нягт хэсэг. Энэ нягт хэсгийг нэвчиж, сийрэгжүүлэх боломж сахар буюу гюлкозонд л байдаг. Цооролтоос сэргийлэхийн тулд глюкозын хэрэглээг хянаж, бүрэн цэвэрлэх хэрэгтэй.

-Шүдний цооролт сахарын их хэрэглээ, дутуу цэвэрлэгээнээс л үүсдэг юм байна, тийм үү?

-Тийм, мөн яаж хооллох нь чухал. Жишээлбэл, та гурван ширхэг чихэр ажилдаа авч явлаа гэж бодъё. 10 минутын зайтай нэг нэгээр нь идэх, гурвууланг нь нэг дор идэх хоёр маш их ялгаатай. Тэр гурван чихрийг нэг дор идчихвэл шүд цоорох эрсдэл багасна.

-Шүдийг цоорохоос нь өмнө хараад мэдэх боломж бий юу?

-Хүмүүс өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг. Харин шүдний өвчин бол хэлж ирдэг. Цоорохоос өмнө шүдэн дээр цагаан толбо үүснэ, дараа нь шаргал болж, бүр удвал хар өнгөтэй болно.

-Шүдээ яаж угаах ёстой юм бэ?

-Сүүлийн үед сойзоо норгоод шүдээ угаа, дараа нь оогоо шүдэндээ түрх гэж зөвлөдөг болсон. Учир нь оонууд ихэвчлэн фторын найрлагатай, фторыг шүдэнд түрхсэнээр шүд цэвэр, бат бөх болно. Фторыг цэвэр шүдэнд түрхэх ёстой.

-Шүдний өвчлөлийг багасгахын тулд их хэмжээний сахар агуулсан амттан, сахартай ундааг хорих хэрэгтэй юу?

-Бүтээгдэхүүний үнийг нэмж, хорих нь айхтар ач холбогдолгүй байх. Амттай зүйл идэх, уух хүсэл хүүхэд бүрт л байдаг. Үнийг нь нэмэхээс илүү чанар, аюулгүй байдалд нь анхаарч, эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл олгоосой л гэж хүсч байна.

-Бид ямар нэг зүйл идээд араас нь шууд шүдээ угаах ёстой юү?

-Хүний шүд өдөрт таван удаа юм идэхэд өөрийгөө цэвэрлэх чадвартай. Одоо өдөрт таван удаа хооллодог хүн ховор болчихсон. Телевиз үзэнгээ нэг юм иднэ, утас харангаа нэг боорцог идчихнэ, чихэр, шоколад, зайрмаг гээд олон төрлийн юм иддэг болсон. Тэгэхээр та өдөрт таваас дээш удаа хооллосон л бол шүдээ угаах ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *