Categories
мэдээ цаг-үе

Б.Тамир: Вирус дагасан сорилт бидэнд цахим сургалтын давуу талыг нээж өглөө


Covid-19 халдварын улмаас сургуулиудын үйл ажиллагааг хязгаарлаж, сурагчид теле хөтөлбөрөөр хичээлээ заалгаад чамгүй хугацаа өнгөрлөө. Улсын хэмжээнд явуулж байгаа арга хэмжээнээс гадна сургуулиуд дотоод нөөц бололцоогоо ашиглан олон аргаар сургалтаа үргэлжлүүлж байна. Тэр дундаас дэвшилтэт технологи ашиглан сургалтаа явуулж байгаа Улаанбаатар Элит олон улсын дунд сургуулийн захирал Б.Тамиртай ярилцлаа.


-Сүүлийн үед үүсээд байгаа онцгой нөхцөл байдлын улмаас хүүхдүүд маань хичээл сургуульдаа явахгүй нэлээд удлаа. Хэдийгээр аргагүй нөхцөл байдал байгаа ч хүүхдүүд бүр зуны амралтаас ч урт хугацаагаар хичээлээсээ завсардаж байгаад багш, мэргэжилтнүүд өөр өөрийн байр сууриа илэрхийлж байгаа нь анзаарагдаж байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ онцгой нөхцөл байдал улсын ч биш дэлхийн хэмжээний онцгой нөхцөл байдал болоод байгааг бид харж байна. ДЭМБ-аас ноцтой байдлын хэмжээг сургалтын өндөр гэдэг ангиллаас бүр илүү ангилал руу оруулаад зарлачихлаа. Яах ч аргагүй нөхцөл байдал ийм болж, хорио цээрийг зарлаж байгаа нь зүй ёсны асуудал болж байна. Манайд томуу, томуу төст өвчний их дэгдэлтийн үеэр өвөлдөө бас ийм арга хэмжээ авч ирсэн. Энэ удаад байдал илүү айхавтар болж байна. Гэхдээ үүний нөгөө талд хүүхдийн сурах асуудал ч босч ирж байна. Үндсэндээ гурван сар хичээл тасалдаж байгаа нь хүүхдэд их хортой. Болж буй бүхэн бидэнд хаа хаанаа шинэ сорил болж ирж байна.

-Боловсролын яамнаас теле хөтөлбөрүүдээр хичээл зааж байгаа ч сургуулиудын хөтөлбөрийн онцлог, түвшин өөр байгаа гэсэн яриа гарч байгаа. Танай сургууль хичээлээ арай өөр аргаар, илүү өгөөжтэй хэлбэрээр өгч байгаа тухай яригдаж байна. Танайх яг ямар зарчмаар хичээлээ явуулж байгаа вэ?

-Хэдийгээр нөөц бололцоогоо ашиглаад улсаас теле хичээл явуулж хувь, улсын хамаагүй бүх сургууль сургалтаа өөр өөрийн аргаар явуулах гэж үзэж байна. Гэхдээ сургуулиуд өөр өөрийн хөтөлбөрүүдтэй болохоор ялгаа гарч байгаа нь үнэн. Хувийн сургуулиуд өөр, өөрийн онцлог, баяжуулсан хөтөлбөртэй. Улаанбаатар Элит, Орчлон, Бритиш сургууль гээд цөөнгүй сургууль Кембрижийн хөтөлбөртэй, УБ дахь Олон улсын сургууль Ай Би хөтөлбөрөөр явж байх жишээтэй. Математик, байгалийн шигжлэх ухааны хичээлүүдээр төрөлжсөн Сант, Олонлог, Оюунлаг бас өөр, өөр эрчимжүүлсэн хөтөлбөртэй. Хувийн сургуулиуд янз бүрийн платформ ашиглаад хичээлүүдээ явуулж байна. Тэр дундаа мэдээлэл технологийн давуу талыг ашиглаад хичээлүүдээ явуулах боломж байна. Эмпати сургуулиуд болон манай сургуулийн хувьд Майкрософт компанийн “Офис365” программыг ашиглаад Монгол Улсын дөрвөн хотод байрлах таван сургуулийн 2000 гаран сурагчдадаа сургалтаа явуулж байна. Энэ маань интернэт орчинд хаанаас ч хамаагүй, ажиллах боломжийг олгодог программ учраас Эмпати сургуулиуд болон манай сургууль жилийн өмнөөс албан ёсны эрхтэйгээр авч ашиглаж ирсэн. Харин энэ удаад энэ программынхаа боломжийг ашиглаж, хичээлээ онлайн явуулж байна.

-Энэ яг ямар зарчмаар ажиллаж болдог программ вэ. Мэдэх хүмүүс нь мэдэж байгаа ч мэдэхгүй хүмүүст нь энгийнээр тайлбарлаж өгөхгүй юү. Сургалтыг яг ямар зарчмаар явуулж байна вэ?

-Сургуулийн бүртгэлтэй бүх хүнд онлайн ажиллах боломжийг хангаж өгдөг Майкрософт компанийн “Офис 365” дээрЭмпати, Элит сургуулийн багш нар салбар салбараараа групп үүсгээд дотооддоо ажилладаг байсан л даа. Математик, байгалийн шинжлэх ухааныхан, монгол эсвэл англи хэлнийхэн, бага анги, дунд, ахлах ангийнхан гээд групп үүсгээд хоорондоо харилцахдаа бид ашигладаг. Энэ нь ямар нэг ажил, төсөл дээр олон хүн нэгэн зэрэг ажиллах боломжтой. Эдгээрээс Тeams гээд программыг бид сургууль хоорондоо хуралдах гэх мэтээр ашиглаж байсан бол анх удаа хичээл заахаар сургалтдаа оруулж ирлээ.Тeams программыг банкныхан, харилцаа холбооныхон зэрэг олон салбартай байгууллагууд түгээмэл ашигладаг л даа. Өнөөдрийн энэ түгжрэлд, эсвэл орон нутагт байгаа ажилтнуудтайгаа үүгээр холбогдож ажлаа явуулж цаг, мөнгө хэмнэдэг олон газар байгаа. Тэгвэл үүнийг хүүхдүүдэд хичээл заахад ч ашиглахад боломжтой гэдгийг бид өнгөрсөн өдрүүдэд харлаа. Анги ангиар нь групп үүсгээд багш нь байнга онлайн байж байдаг, дэлгэц, камераа ашиглах цагтаа ашиглаад дэлгэц дээр хичээлээ үзүүлэх үедээ дэлгэцээ ашиглах, томьёо бичих бол яг бичиж байгаа агшнаа харуулаад явах боломжтой. Бага ангийн хүүхдүүдэд үсэг яг яаж бичиж байгаагаа бас нэг бүрчлэн харуулаад явах боломжтой ийм программ дээр хичээлээ явуулж байна. Тун боломжийн үр дүнтэй байна.

-Тэгэхээр бараг л ангидаа сууж байгаа мэт дэлгэцийн цаанаас бүгд холбоотой байх нь ээ. Телевизээр теле хичээл үзэж байгаа бага насны хүүхдүүд багш асуултад хариулахгүй байна гээд байгаа гэсэн яриа ч гарсан байсан даа…

-Алсын зайн сургалтууд нэг талаас асуудлыг шийдэж байгаа ч нөгөө талдаа сул талуудтай. Ер нь одоо манайд сургуулиудын явуулж байгаа аргууд давуу болон сул талуудтай л байгаа. Эхлээд улсаас явуулж байгаа теле хичээлүүдийг голлож байсан сургуулиуд өөрсдөө ажиллах арга барилаа ч өөрчилж эхэлж байгаа нь анзаарагдаж байна. Цахимаар даалгавар өгөөд эргээд цахим хэлбэрээр авч шалгаж байгаа нь хүүхдийн бие дааж сурах чадварыг сайжруулдаг. Нөгөө талдаа хүүхэд яг цагаа зөв зохицуулж, хичээлээ цаг тухайд нь өгөх хэрэгтэй болно. Бага насны хүүхдүүдийн хувьд харин энэ амаргүй болж эхэлдэг. Даалгавраа бие дааж хийгээд, интернэт сүлжээ ашиглаад цаг тухайд нь явуулна гэхэд асуудал гарч эхэлнэ. Бас ердийн танхимын сургалтаар хичээлдээ идэвхтэй оролцдоггүй хүүхдүүд энэ үед зайны сургалтаас тасарч эхлэх тал бий. Айл бүрт интернэт орчин, хүүхэд бүрт цахим хэрэгсэл нь байна уу гэхээс ч эхлээд асуудал гарч эхэлнэ. Зарим эцэг, эхчүүд энэ үеэр хүүхдүүдээ хөдөө амраах гэж явуулсан, эсвэл гадаад руу гэр бүлээрээ явсан гэх тохиолдлууд ч байна.

Манай сургалтын хувьд бүгд тал талаасаа онлайн байгаа тохиолдолд хичээлдээ хэн, хэн сууж, оролцож байгаа нь харагддаг. Хичээлийн ирцээ авна, онлайн ангидаа байгаа сурагчдаа бүгдийг нь харж байна. Сургуулийн хэмжээнд хичээлийн ирц 80-85 хувьтай байна. Кембриджийн шалгалт өгөхөөр бэлдэж буй ахлах ангиудад ирц 90-ээс дээш хувьтай харагддаг. Телевизийн хичээл, видео хичээлээс гадна интерактив харилцаанд орж байгаа нь манай гол давуу тал. Мэдээж, яг сургуулийн орчинд байгаа шиг байж чадахгүй ч тухайн нөхцөлдөө багш хүн бүртэй холбогдож, асуулт тавьж, хариулт авах боломжтой.Сурагчдынхаа ээж, аавтай нь бас бид холбоотой байдаг.

-Хүүхэд бүр камертай байхыг шаардаж байгаа юу. Хичээлээ нээчихээд өөр зүйл хийгээд явахыг хянаж чадах уу?

-Бид заавал камертай байх шаардлага тавихгүй байгаа. Тухайн хүүхэд хүсвэл камераа өгөөд ил сууж болно, дүрсээ харуулахгүй ч байж болно. Багш хичээлийн онцлогоосоо болоод хүүхдүүдийн микрофоныг нээж болно. Эсвэл байнга нээлттэй байж ч болно. Бага ангийн хүүхдүүдийн хувьд бүгд нээлттэй бол дор бүртээ юм яриад байдаг бол энэ хичээлийн давуу тал нь багш өөрөө ярих үедээ бусдыг нь хаачихаад тодорхой үедээ нээгээд явах ч боломжтой. Анги танхимд биш, харин өөрийнхөө тааваар байж чадах гэр орондоо хичээл нь хийгдэж байгаа нь нэг талаас хүүхдүүдэд таатай орчинг мэдрүүлж байгаа нь анзаарагдаж байгаа. Дунд, ахлах ангийн хүүхдүүдэд энэ платформ бүр ч илүү давуу талыг олгож байгаа нь харагдаж байна. Шинээр программ дээр ажиллаж сурахаас эхлээд ойлгохгүй зүйлээ микрофоноо нээгээд багшаасаа асууна, харилцан ярилцана. Зургаа аваад явуулж, файлаа шэйрлэхээс эхлээд. Төгсөх ангийн хүүхдүүд А level хичээлийн бэлтгэлээ ч үүгээр явуулахад асуудалгүй байгаа учраас бусад сургуулийн төгсөх ангийн хүүхдүүдэд тулгарч байгаа асуудал манайханд харьцангуй бага гэж бид үзэж байгаа.

-Өдөрт хэдэн цагаар хичээллэж байгаа вэ?

-Бид эхэндээ теле хичээлийн дагуу 20 минутаар явуулж байснаа 30 минут болгож өөрчилсөн. Бага ангийнхан өдөрт дөрвөн цагийн хичээл орж байгаа. Гуч, гучин минутаар дундаа арван минутын завсарлагатай. Өдөрт 10:00-12:30 цагийн хооронд хичээлтэй байна гэсэн үг. Дунд, ахлахынхан 12:30-аас эхлээд таван цагийн хичээл орж байгаа. Яг хичээллэдэг зарчмаараа өдрийн найман цагийн хичээл үзээд явж болох ч хүүхдийг дэлгэцийн өмнө олон цагаар уях нь эргээд хортой учраас бид ийм зарчмаар ажиллаж байна.

Цахим сургалт хичнээн өөр ч гэсэн танхимын сургалтын үед тохиолддогтой ижил төстэй,заримдаа хөгжилтэй зүйлүүд бас болж байна. Хичээл ороход ангидаа очилгүй гадуур зугаалаад явдаг бага ангийн сониуч хүүхдүүд байдаг даа, тэд маань жишээлбэл хуваарийн дагуу орох ангийн хичээлдээ биш, өөр ангийн хичээлийн группүүдэд, эсвэл дууссан хичээлийн “танхимд” үлдсэн явж байх жишээтэй. Сургалтын менежерүүд маань хичээлээ хянан цахим анги болгоны группэд ордог, тэгээд тэрүүгээр зугаалж яваа хүүхдүүдээ гаргаж ангид нь оруулж байх жишээтэй бас хөгжилтэй юм болж л байна.

Хими, физик, биологи зэрэг байгалийн шинжлэх ухааны хичээлийн туршилтуудыг хүртэл цахимаар харуулан хичээлээ сонирхолтой явуулж болж байна. Хичээлийн даалгавруудаа Майкрософтын Формс программыг нь ашиглаж өгөөд, явцын шалгалтаа хүртэл авчихаж байна. Энэ программ шалгалтын асуулт болгоноор дүн шинжилгээ хийгээд хүртэл өгөх юм билээ.

-Сургуулиуд ямар аргаар хичээлээ өгөөжтэй өгөх талаар хэр хэрэндээ толгой гашилгаж байх шиг байна. Танай энэ арга тун сонирхолтой санагдаж байна. Танай аргаар хичээлээ явуулъя гэвэл энэ программыг худалдаж авахад үнэтэй юу?

-Мэдээж энэ программ өөрийн гэсэн үнэтэй. Гэхдээ “Майкрософт” компани сургалтын байгууллагуудад маш таатай нөхцөл санал болгодог шүү гэдгийг хэлмээр байна. Өнөөдрийн нөхцөл байдал бидэнд олон зүйлийг сургаж байна. Улс орны хувьд ч, сургууль багш нарын хувьд ч, эцэг эх, хүүхдүүдийн хувьд ч тэр. САРС, МЕРС, энэ удаагийн Ковид өвчин нь тодорхой давтамжтай тохиолдож байна. Цаашдаа бидний өмнө ямар ч сорилт тулгарахыг мэдэхгүй байгаа тохиолдолд бид юунд ч бэлэн байх шаардлагатай болж байна. Нөгөө талаас энэ удаагийн нөхцөл бидэнд танхимын сургалтыг алсын зайн сургалттай хослуулах боломж байгааг ч харуулж өглөө. Муу зүйлд ч сайн тал байдаг гэгчээр бидэнд том сургамж өгч байна. Хүүхдүүд маань биеэ дааж сурч байна. Технологийн давуу талыг зөвхөн тоглоом тоглох, хоорондоо “чатлах” дээр бус өөрсдөдөө мэдлэг олох тал дээр ашиглаж сурч байна. Багш нар ч самбар ашиглаж хичээлээ заадаг байсан бол актив боард, төрөл бүрийн программ ашиглаж, мэдлэгээ түгээж сурч байна. Үүнд зориулж сургалтын шинэ арга барилыг сурч, олж байна. Өөрсдөө ч их урамтай байгаа нь харагддаг.

-Өөр ямар шинэ боломжийг та нар энэ хугацаанд олж нээв?

-Бид Teams-ээ ашиглаад эцэг, эхийн хурлаа хийж үзлээ. Аравдугаар ангийн хүүхдүүдийн дараа жилийн A level анги, мэргэжил сонголттой холбоотой эцэг, эхчүүдтэйгээ уулзах шаардлагатай байсан. Тэгээд уламжлалт хэлбэрээрээ уулзах гээд үзсэн чинь энэ цаг үед тэгж цугларч уулзаад байх зөв үү гэсэн яриа гараад энэ платформоо ашиглаад хурлаа хийж үзэхээр шийдсэн,үзсэн. Ирц 60 хувьтай байлаа. Тун боломжийн ажил боллоо гэж бид дүгнэсэн. Гэрээсээ, ажлаасаа тэр бүү хэл машин дотроосоо эцэг, эхчүүд хуралдаа оролцсон. Их хотын цаг наргүй, гацаа түгжрэл их энэ цаг үед бид энгийн бусад үед ч ашиглаж болох юм байна. Томчууд учраас ашиглах дүрмээ тайлбарлачихаар асуудалгүй явчихаж байна лээ. Асуултаа микрофоноо нээгээд асууж болно, чатаар бичих ч боломжтой.

-Коронавирус бидэнд сургамж бас боломжуудыг ч өгч байгаа талаар дээр ярилаа. Ер нь сургалтын тогтолцоонд ашиглаж болох технологийн ямар дэвшлүүд байж болох вэ?

-Манай сургууль үндсэн гурван программ ашигладаг. Эхнийх нь бол мэдээж “Майкрософт”-ын энэхүү программ. Эндээс Sharepoint программ, Teams, Outlook, Onedrive-ыг өргөнөөр ашиглаж байна. Бүх хичээлээ бид бичлэг болгон ашиглаж байгаа. ЭргээдStreamпрограммаар нь нөхөөд үзэж, хичээлийг нь давтуулахаар бол ээж, аавууд нь харах боломжтой.

Мөн Номч программыг бид ашигладаг. Сургууль, эцэг эхийн хоорондын холбоог идэвхжүүлэх бүрэн боломжтой. Бид өмнө нь АНУ-ын Coolsis гэдэг программыг ашигладаг байсан бөгөөд дотоодын компани ижил төстэй, зарим тал дээр илүү шийдэл бүхий программыг санал болгоход бид талархан хүлээж авсан. Нөгөө талаас манай салбар сургууль болох Дархан Эмпати сургуулийн төгсөгч энэ компанийг үүсгэн байгуулаад ажиллаж байхад төрөлх сургууль дэмжих нь зүй ёсны хэрэг байлаа. Сурагчдын өдөр тутмын хичээлийн хуваарь, даалгавар, хичээлдээ суусан, хоцорсон, хичээлийн идэвх оролцоо, хоолондоо орсон, автобусанд суусан буусан мэдээлэл гээд олон боломжийг өгдөг.Цаашид номын сангийн бүртгэл, хоолны төлбөр зэргийг Номчийн систем, картаа ашиглаж хийхээр төлөвлөж байна. Сургууль дээр бэлэн мөнгө авч явах шаардлагагүй болж, хүүхдүүдийнхээ хэрэгцээг хянах боломжтой болно. Гол нь энэ апплейкшнээ бүрэн дүүрэн ашигладаг болох нь чухал юм билээ. Нөгөө талаас бид хамтдаа хөгжиж урагшилсаар байгаа гэж хэлж болно. Манай сургуулийн онцлогт тааруулсан нөхцөлүүдийг бид санаачилж, энэ компани маань шийдлийг гаргаж улам боловсронгуй болгоход хамтдаа хичээж л байна.

Хүүхдүүдийг хөгжүүлэх, сургах зөвлөмжүүдийг ч энэ программаас гарах датанд үндэслэн өгөх боломжтой. Бас датагаа ашиглаад судалгаа гаргах ч боломж байгаа юм. Тухайлбал, оройд эцэг эхчүүд 20-22 цагийн хооронд энэ аппликейшнээр нэвтэрч, 20-30 минут зарцуулаад хүүхдүүдийнхээ сурлагын явц, шалгалтын дүнтэй танилцаад, хүүхдүүдээ унтахаас өмнө ярилцаж чаддаг бол программаар нэвтэрч огт үзэхгүй байгаа, эсвэл 22 цагаас хойш нэвтэрч орсон ээж, аавуудын хүүхдүүдтэй харьцуулахад сурлагын амжилт нь дор хаяж 10 хувь илүү байгаа нь харагддаг юм. Бид хамтарч дата дээр дүн шинжилгээ хийхэд ингэж анзаарагдаж байна. Энэ бол дата дээр тулгуурласан судалгаа учраас маш бодит. Энэ мэтээр олон судалгаа, дүн шилжилгээ хийж, ажлаа сайжруулах боломжтой. Ер нь энэ платформыг ашиглаад хүүхдүүдэд өгсөн агуулгаа гүнзгийрүүлээд шалгалт, асуумж, зөвлөгөө ч олноор гаргах боломж байгаа юм. Би түрүүн дурдсан, манай сургууль номын сангийн мэдээллээ бас Номч-той хамтран электрон болгож байна гээд. Хүүхдүүд ямар ямар ном байгаа, чухам аль ном хэдийд сулрахаар байгааг эндээсээ харах боломжтой болно. Бид эргээд нэг хүүхэд дунджаар ямар хугацаанд ямар төрлийн номуудыг сонирхон уншиж байгаа судалгааг ч энэ датагаа ашиглаад гаргаж болох жишээтэй. Ер нь цаашдаа энэ чиглэл рүү улам бүр орно доо. Эцэг эхчүүдэд хялбар болгохоос гадна багш нарт ч мэдээллээ оруулахад хялбар болгох хөгжүүлэлт хийж байгаа юм билээ.Ирээдүйд бүрэн утгаараа цогц, сургуулийн мэдээллийн удирдлагын систем болж хөгжинө гэдэгт итгэдэг.

-Технологийн эрин үед бид энэ чиглэл рүү татагдаж орохоос аргагүй юм даа. Танай сургууль гурван томоохон программ ашиглаж байгаа гэлээ. Гурав дахь нь юу вэ?

-Энэ нь Education city гээд платформ байгаа. Цахим сургалтын платформ л доо. Манай нэгээс дөрөвдүгээр ангийн сурагчид насны онцлогтоо таарсан аргаар суралцах боломжтой. Бид мэргэжлийн студи, программистуудын бүтээдэг анимэйшн агуулгуудыг сургуулийнхаа орчинд хийх боломжгүй л дээ. Тиймээс насны онцлогт нь тааруулан энэ платформыг нэмэлтээр ашигладаг. Бага ангийн сурагчид маань хүүхэлдэйн кино үзэж байгаа юм шиг, тоглоомын орчинд хичээл даалгавраа хийх боломжтой гээд ойлгоход болно. Багш нар даалгавраа тавина, хүүхдүүд тоглонгоо даалгавраа хийж, багш нар нь хянана. Энэ нь Английн платформ. Манайх Кембрижийн хөтөлбөртэй болохоор энэ программын хичээл, даалгаврын агуулга нь таардаг юм.

-Үнэхээр хорио цээр тавигдсан байгаа энэ үед хүүхдүүдэд сурах боломжийг нь тасалдуулалгүй бас нөхцөл байдалд нь тохирсон аргаар өгнө гэдэг хаа хаанаа шинээр сурах ёстойг ойлгуулж байна л даа. Ээж, аавуудын зүгээс юун дээр анхаараасай гэж хэлмээр байна вэ?

-Үнэхээр онцгой нөхцөл байдалд бүгдэд шинэ бас чамгүй сорилт болж байна. Гэхдээ бүгд энэ нөхцөл байдлыг ойлгож хичээх нь зөв болов уу. Энэ бол амралт биш. Тиймээс амралтаар нь хөдөө явуулдаг шиг явуулчихаж болохгүй. Сурах үйл явц үргэлжилж байх ёстой. Ингэхийн тулд болж өгвөл тусдаа өрөөнд үгүй бол дэргэд нь телевизээ хангинуулаад суугаад байлгүйгээр тэдэнд сурах нөхцөл байдлыг нь хангаж, болж өгвөл гар утсаар биш, дэлгэцээр харах боломжийг хангахаас эхлээд анхаарлаа илүүтэй хандуулах нь чухал байна. Хичээлээ үзсэн үү, ойлгосон уу, юуг ойлгохгүй байна вэ гэдгээс эхлээд. Шалгах, загнахаас илүү харилцан ярилцаж байвал үр дүнтэй. Манай сургуулийн хувьд Streamпрограммаар эргэж үзээд хүүхдүүдтэйгээ эргэж ярилцаж байгаарай гэж бид хүсч байгаа. Зайны сургалт танхимын сургалтаас өөр. Хүүхэд бүрийн сурах арга барил, анхаарал төвлөрөх хугацаа өөр. Дэлгэцийн өмнө үр бүтээлгүй суугаад байх магадлал өндөр учраас хий дэмий хүүхэд ядрах гээд байдаг. Бие дааж суралцаж дадаагүй хүүхдэд өнөөдрийн нөхцөл байдал амаргүй байгаа учраас ээж, аавын оролцоо тун чухал байна. Зорилгогүй байх, цагийн хуваарьгүй байх буруу гэдгийг ойлгуулж богино хугацаанд үр дүнтэй суралцахад хүүхдүүддээ туслаарай гэж зөвлөмөөр байна. Тодорхой дэглэм, цагийн хуваарь хүүхдийг зорилготой, эмх цэгцтэй, үр дүнтэй байлгадаг тул бид даалгавар өгөхөөсөө илүү цагийн хуваарийн дагуу хичээлээ орох нь чухал гэж харж байгаа.

Ер нь олон зүйлд бид хаа хаанаа суралцах ёстой гэдэг нь харагдаж байгаа учраас ямар ч нөхцөл байдалд бэлэн байх ёстой болж таарч байна. Хэрэв дэгдэлт буурахгүй энэ хэвээрээ үргэлжлээд байвал яах вэ, дахиад сунгах хэрэгцээ гарвал яах вэ гэж бодож бүх сургууль бэлтгэлтэй байх ёстой. Одоо бол эндээсээ сургамж аваад бүгд л бэлэн байх шаардлагатай болж байна. Хүүхдийн сурах үйл явц тасралтгүй, тогтмол жигд, бас өгөөжтэй байх ёстой.

Ч.ЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *