Асашёорюү Д.Дагвадорж Залуучуудын өвлийн олимпийн аварга, тэшүүрийн тамирчин Б.Сумъяаг Япон улсын Биеийн тамирын дээд сургуульд суралцуулахаар ярьж байгаагаа өчигдөр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн.
Тэрбээр “Өчигдөр Б.Сумъяагийн ээж надтай утсаар холбогдож, охиноо гадаадад суралцахад туслах боломжтой эсэхийг асуусан. Ээжийнх нь хүсэлтийн дагуу Японы биеийн тамирын дээд сургуулийн захирал миний дэмжигч хүнтэй холбогдлоо. Тэрбээр манай сургуульд сайн тамирчин сургавал нээлттэй шүү гэдэг саналыг өмнө нь надад тавьж байсан. Түүнтэй холбогдож Б.Сумъяагаа бараг тус сургуульд суралцуулахаар болчихлоо” гэв.
Харин хариуд нь Б.Сумъяа “Танд чин сэтгэлээсээ маш их баярлалаа. Таны итгэлийг алдахгүй цаг мөч бүхэнд хичээх болно” хэмээжээ. Ийнхүү Асашёорюү Д.Дагвадоржийн тусламжтайгаар Монгол Улсын анхны өвлийн олимпийн аварга Б.Сумъяа Япон улсад суралцах боломж бүрдэж байгаа юм.
Норвегийн Лиллехаммер хотноо 2016 онд залуучуудын өвлийн II олимп зохион байгуулагдсан. Тус наадмын гүйлтийн тэшүүрийн төрөлд Б.Сумъяа Үндэсний олимпийн хороодын нэгдмэл багийн уралдаанд оролцон залуучуудын олимпийн алтан медаль хүртсэн билээ. Ингэснээр Монгол Улс өвлийн олимпийн төрлөөр анх удаагаа Олимпийн аваргатай болсон түүхтэй билээ.