Categories
нийгэм онцлох-нийтлэл

Бригадын генерал Б.Ууганбаяр: Аврах ажиллагааг гамшгийн үед бид гүйцэтгэж чадна. Чадахгүй байсан ч эцсээ хүртэл мөлхөөд ч болтугай гүйцэтгэнэ DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, Үйлчилгээний гавьяат ажилтан, Бригадын генерал Б.Ууганбаяртай ярилцлаа.


-Юуны өмнө Үйлчилгээний гавьяат ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасанд тань баяр хүргэе. Шагнал авах мөчдөө Ерөнхийлөгчийн өмнө ёслохдоо юу хэлсэн юм бэ?

-“Хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч танаа Бригадын генерал Ууганбаяр ирлээ” гэж ёсолсон. Төрийн ёс журмын дагуу ингэж илтгэх ёстой байдаг. Би болон манай хамт олон бүгд надтай адил илтгэсэн. Энэ тохиолдолд Ерөнхийлөгч хариу өгөх шаардлагагүй. Илтгэсний дараа бид дөхөж зогсоод энгэртээ одон медалиа зүүлгэх журамтай.

-Генерал гэх эрхэм хүндтэй цолноос гавьяат гэдэг тэмдэг авах ямар санагдаж байв?

-Цол, шагнал хоёрыг хооронд нь холбож бодож үзээгүй юм байна. Төрийн албан хаагч учраас гүйцэтгэх ёстой ажлын үүрэг учраас түүнийг л бодсон.

-Онцгой байдлын албатай анх яаж холбогдсон түүхээсээ хуваалцаач?

-Би Иргэний хамгаалалтын байгууллагад 1996 оноос хойш ажилласан. Иргэний хамгаалалтын байгууллага гэдэг нь тухайн үед Монгол оронд байгалийн гамшиг, хөнөөх хэрэгсэлтэй тэмцэх үндсэн том чиг үүрэгтэй Засгийн газрын агентлаг байсан юм. Булган аймгийн ЗДТГ-ын цэрэг, Иргэний хамгаалалтын штабт ахлах мэргэжилтэн мөн аймгийн онцгой комиссын нарийн бичгийн даргаар ажиллахаар очиж байв. Тэр мөчөөс л эхлэн онцгой байдлын байгууллагаас салалгүй 28 жил ажиллаж байна. Улсын Иргэний хамгаалалтын газар 2003 онд Гамшгаас хамгаалах хууль батлагдсанаар улсын Иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газар гэсэн гурван байгууллага нэгдэн эхэндээ Гамшгаас хамгаалах ерөнхий газар гэж нэрлэгдэж байв. Дараа нь 2004 онд Онцгой байдлын ерөнхий газар болон нэрээ өөрчилсөн. Үүнээс хойш орчин цагийн Онцгой байдлын байгууллага байгуулагдаад 19 жил болж байна.

Би Онцгой байдлын албаны дэд даргын үүргийг 2017 онд хүлээж авсан юм.

-Таныг дэд дарга болсны дараа дэлхий даяар цар тахал дэгдсэн. Тэр үед Шуурхай штабыг ахлан ажиллаж байсан хүний хувьд ямар нөхцөл байдалтай байсан мөн онцгой байдлын үед ард түмэн ямар байх ёстой вэ гэдэг талаас яриач?

-Тухайн цаг үед дэлхийн улс орнууд их бужигнасан. Харин тэр үед манай улс урьдчилан сэргийлж чадсан учраас бид хохирол багатай даван туулсан гэж боддог. ДЭМБ-аас Монгол Улсын хэмжээнд цар тахлаас үүдэн 40-50 мянган хүн амь эрсдэх эрсдэлтэй гэж тооцоолж байлаа. Энэ тооцооллыг одоогийн нөхцөл байдалтай харьцуулан авч үзвэл улс даяар маш амжилттай даван тууллаа гэж би дотроо дүгнэн боддог. Улсын онцгой комиссоос Шуурхай штабыг түүхэндээ анх удаа байгуулж, тус штабыг ахлах үүргийг надад хариуцуулсан. Би АНУ-ын Ойн албатай хамтран сүүлийн 10 жил орчим ослын удирдлагын тогтолцооны чиглэлээр сургалт зохион байгуулж байна. Онцгой байдлын ажиллагааны төв гэж яригддаг байсан тэрхүү сургалттай тухайн цаг үеийн нөхцөл байдал уялдсан болохоор Шуурхай штабыг ахлах хэрэгтэй хэмээн надад төрөөс үүрэг өгч, 2020 оны гуравдугаар сарын 12-нд Шадар сайдын тушаал гарсан. Ажиллагааны хүрээнд 20 гаруй байгууллагын 70 гаруй албан хаагчидтай хамтран ажилласан. “Ковид-19” өвчин нь дэлхий даяар 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд бужигнаж эхэлсэн. Монгол Улсын хэмжээнд 2020 оны гуравдугаар сарын 10-нд Франц иргэнээс анх ковид илэрсэн. Тиймээс Улсын онцгой комисс яаралтай хуралдаж, Шуурхай штаб байгуулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “ЭМЯ энэ ажилд толгойлж ажиллахад маш хүндрэлтэй. Энэхүү онцгой нөхцөл байдалд цэргийн байгууллага удирдаж ажиллах нь зүйтэй” гэсэн санал гаргасан. Үүнээс үүдэн онцгой байдлын албан хаагчид энэ ажлыг удирдаж ажиллах даалгавар хүлээн авсан юм. Цар тахлыг даван туулсны дараа Шуурхай штабт хамтран ажиллаж байсан хүмүүстэйгээ ярилцахад “Анх ажлаа эхлүүлж байхад орой 17:30 гээд л харьчих юм байх гэж бодтол тасралтгүй тэндээ хоноглон ажиллаад, нэг мэдэхэд 2-3 жил болчихсон байна лээ” гэж өгүүлж билээ. Тэр үед хүндрэл бэрхшээлтэй зүйлс маш их байсан. Гэвч бид тэр болгоныг олон нийтэд хандаж яриад байдаггүй. Хөшигний ард олон зүйлс болсон. Түүний амьд гэрч бол би. Хожим үүний талаар ард түмэндээ ямар нөхцөл байдлыг бид туулснаа хүргэнэ гэж боддог. Эдгээр олон зүйлийг даван туулсны эцэст дотооддоо арван сар өвчин гаргахгүй барьж чадсан. Түүний үр дүнд вакцинтай золгож, ард түмэн минь хохирол багатай даван туулсан. Үүнтэй холбоотой маш том дүн шинжилгээг ЭМЯ-наас хийгээсэй. Вакцин хийлгэснээс хойш яаж урьдчилан сэргийлж чадсан бэ, хэрхэн эрсдэлийг бууруулсан бэ, ямар хүмүүс эрсэдсэн бэ гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй ард түмэндээ тайлагнаасай гэж боддог. Эрүүл мэндийн салбарт учирч байсан хүндрэл бэрхшээл болгоныг Улсын онцгой комисс шийдэж ажилласан. Тэр салбарыг өвчинтэйгөө тэмцэх ажлаа л тасралтгүй хийгээсэй гэж бодон түүнээс бусад бүх хүндрэл бэрхшээл ажлуудыг Шуурхай штаб удирдлага зохицуулалтаараа хангасан. Үүний үр дүнд миний бие их доромжлол, шүүмжлэлийг үзсэн. Цар тахалтай тэмцэх ажлыг бүхэлд нь нэг том ажил гэж үзвэл түүний талыг Засгийн газар, Улсын Онцгой комисс, Шуурхай штаб, бүх шатны онцгой комиссууд, шуурхай штабт ажиллаж байсан байгууллагуудын хүчээр л давж чадсан. Үүнийг би баттай, баримттайгаар хэлж чадна. Биеэр туулсан учраас л бодит үнэн ямар байсан гэдгийг хэлж байгаа юм. Ганц эрүүл мэндийн салбар биш бүх байгууллагууд хамтдаа тэмцэж үүний ард гарсан гэдгийг л хэлэх гэсэн юм.

-Туркийн газар хөдлөлтийн дараа та онцгой байдлын албан хаагчдаа ахлаад, газар дээр нь очсон шүү дээ. Тухайн үед очиход нөхцөл байдал ямар байсан талаар хоёулаа ярилцаж байсан. Одоо эргээд харахад Монгол Улс даяар Стратегийн команд штабын сургуулилалт боллоо шүү дээ. Энэ сургалт хэр үр дүнтэй болов?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс чиглэл болгосны дагуу бид Стратегийн команд штабын сургуулилалт гэдгийг түүхэндээ анх удаа хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч газар хөдлөлтийн аюул ослоос урьдчилан сэргийлэх, тоо давтамж нэмэгдэж буй дээр ихээхэн анхаарч байгаа. Аюулгүйн зөвлөлөөс газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлаа хангахтай холбоотой Стратегийн команд штабын сургуулилалтыг зохион байгуулах шаардлагатай гэдэг үүрэг даалгаврыг 2022 оны эцсээр манайд ирүүлсэн. Тэгээд бид сургуулилалтынхаа бодлогыг боловсруулах, сургуулилтаа яаж хийх вэ гэдэг энэ зохион байгуулалтынхаа заавар дээр ажилласан. Сургуулилалтаа төлөвлөж байх мөчид буюу энэ оны хоёрдугаар сард Турк улсад асар хүчтэй газар хөдлөлт болсон. Тэр газар хөдлөлтийн голомтод Монгол Улсын эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх баг ажилласан. Газар хөдлөлтийн аюул ямар хор хөнөөлтэй юм бэ, ямар байгалийн аюул юм бэ, энэ байгалийн аюулын өмнө хүн төрөлхтөн хүчин мөхөсдөх юм байна гэдгийг тэрхүү баг бүрэлдэхүүн биеэрээ мэдэрч ирсэн.

-Та Онцгой байдлын албатай холбогдоод 28 жил боллоо гэлээ. Энэ 28 жилийн түүхэнд Монгол оронд болсон хамгийн хүнд хэцүү, бэрхшээлтэй гамшиг хэзээ нүүрлэж байв?

-Монгол оронд нийтлэг тохиолддог гамшиг нь өвлийн улиралд цас их орсноос болж бидний нэрлэж заншсанаар зудын гамшиг. Бид их азтай. Дэлхийн хүн төрөлхтөнд тохиолдож байсан том гамшигт хүмүүс олон мянгаараа нас бардаг. Бидний түүхэнд тийм зүйл байхгүй. Энэ бол аз. Гэхдээ сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, газар хөдлөлтийн эрсдэл өндөр болж байгаа. Зудын гамшигтай тэмцэхэд бидэнд цаг хугацаа олддог. Олон жил ийм зүйл тохиолдоод л байна. Менежментийг нь өөрчилмөөр санагддаг. Зуд болно гэдэг нь ойлгомжтой үед хүн бүхэн хөдөлмөрлөж, хадлан тэжээлээ бэлтгэж, жалганд ургасан халгайг хүртэл хадаад авчихдаг байгаасай. Хөдөлмөрч ард түмэн мөхдөггүй. Би зудын гамшгийн голомтод Дорнод аймагт ажиллаж байв. Буриад, халх хоёр айлд очсон юм. Тэдний амьдралын хэв маяг, нөхцөл байдлыг хүлээж авч байгаа сэтгэл зүй, тэвчээр хатуужил нь өдөр шөнө шиг ялгаатай нь харагдсан. Халх айлд ортол “Зуд болчихлоо, малаа үхүүлчихлээ, одоо яах вэ тусламж үзүүлээч” гээд буруу харж суугаад, уйлаад л байсан. Буриад айлд ортол “Би энэ жил малаа алдчихлаа. Ирэх жил энэ жилээс илүү хадлан тэжээл бэлтгэнэ” гээд настай хүн сууж байсан. Тэр үед би дотроо ямар эрс тэс ялгаатай юм бэ, ямар их хөдөлмөрч юм бэ гэж бодож байлаа. Зудын гамшигт маш том менежмент хийгээд өөрчлөх боломж бидэнд байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс болоод маш богино талбайд их хэмжээний ус орж үер болдог. Гэхдээ үерийн гамшиг Монголд дэлхийн улсуудад болдог шиг гамшгийн түвшинд хараахан хүрээгүй. Бид уг нь болдог бол дэд бүтэц, барьж байгуулж, байгууламжуудаа чанартай, стандартыг нь хангаж, сэтгэл зүрхээ зориулж, Монгол орон минь гэж бодоод хийвэл тэр зэргийн усыг даагаад л гарчихна. Ус зайлуулах шугамгүй учраас зам дээр ус тогтоод зам нь удалгүй эвдэрчихдэг. Яаж амьдраад байгаагаа бид ерөөсөө ойлгодоггүй. Хамгийн том аюул бол газар хөдлөлт болж болзошгүй нөхцөл байдал. Тэрнээс л урьдчилан сэргийлэх бэлтгэлээ хангамаар байна.

-Та дэлхийн олон орноор сургалт семинарт явж байсан хүн. Олон улсад ийм үед яаж хүлээж авч, өмнө нь яаж бэлтгэж ажилладаг юм байна?

-Сургалт, семинарт олон явсан. Тэр улс орны зохион байгуулалт, дэг журам, бэлтгэл бэлэн байдал гэх мэт хийж буй ажлуудыг нь хараад хувь хүнийхээ хувьд дотроо маш их атаархаж, бачуурдаг. Бид яагаад хийж болдоггүй юм гэж. Жишээ нь, Японд нэг сургалтад суулаа. Тэгсэн манайхаар бол наадмын цэнгэлдэх хүрээлэн шиг байгууламжийн сандлын дор нь газар хөдлөлт болбол ард түмэндээ тусална, хангана гээд био жорлонгоос авахуулаад хүрз, жоотуу, хувцас, цахилгаан үүсгүүр бүгдийг нь цэгцтэй хураачихсан байсан. Бидэнд тийм юм байхгүй шүү дээ. Зовлон үзсэн ард түмэн гэдэг юмыг хийхийн төлөө, төгс төгөлдөр болгохын төлөө зүтгэдгийг харсан. Японд байхдаа нэг өдөр гудамжинд явж байтал хүүхдүүд гялгар тор барьчихсан аав ээжтэйгээ хог цэвэрлээд явж байв. Сониучирхаад “яаж байгаа юм бэ” гэтэл “хүүхдийг багаас нь байгаа орчиндоо цэвэрч, соёлтой байлгах хүмүүжлийг олгохын тулд бид ингэж байгаа юм аа” гэсэн. Монгол орноо зарим улсуудтай харьцуулахад үнэхээр сэтгэлээр унахаар зүйл байдаг. Тэд яагаад ингэж хийж бүтээгээд, нэг ард түмэн шиг, нэг хүн шиг урагшаа зүтгэж болоод байдаг юм бол. Монголоо яаж өөрчилж, юу хиймээр юм бэ дээ гэж бодогддог. Сая БНТУ-д үүрэг гүйцэтгэх явцад бидний комбинзон хүнд, ариун цэвэр сахихад маш хэцүү. Тиймээс өмд цамц нь салдаг, уян хатан, өнгө үзэмж сайтай, биенд суучихсан байвал зүгээр. Олон улсад багаж хэрэгсэл гэхэд л бага оврын, өндөр технологитой болчихсон. Тэр давчуу орон зай руу мөлхөж ороод ажлаа хийх боломжтой гэх мэт асуудлыг ОБЕГ-ын дарга, МУ-ын Шадар сайдад танилцуулсан. Бид энэ талаар дорвитойхон ажил хийж, өөрчлөлт оруулахгүй бол болохгүй юм байна гэдэг нэгдсэн ойлголтод хүрсэн. Энэ мэтийн харьцуулж боддог зүйл их бий. Бодоод бодоод миний чадал хүрэх биш дээ.

-Онцгой байдлын алба гэдэг онцгой шүү дээ. Энд тэнд харахад халширмаар, шоконд ормоор зөндөө юм болдог байх. Таны сэтгэл санаанаас гардаггүй, хүнд хэцүү байдалд орж байсан үе хэзээ вэ?

-“Эко алтан Заамар”-ын осол болоод таван хүний цогцсыг хайхад маш хүнд байсан. Цогцосуудын зарим нь тасарчихсан, маш өндөр даралтын эрэг нурсан болохоор хүний яс нь бутарчихсан. Бид найм хоног хайгаад, найм дахь хоног дээрээ сүүлийн цогцсыг гаргасан. Ар гэр нь ирчихсэн. Хажуу талын эрэг нь маш зузаан цастай мөстчихсөн. Тэр мөс албан хаагчдын дээрээс уначих вий дээ гэж айгаад яг хажууд нь хамт л байлаа. Тэгвэл аврагчдад маань итгэл найдвар төрүүлнэ гэж бодсон юм. Өөрийгөө дарга гэж бодоод өндөр эрэг дээр нь гараад алсаас хараад зогсож байх юм уу. Үгүй шүү дээ, хажууд нь суугаад зовлонг нь хуваалцаад, тэдэнтэйгээ ярьж хөөрөөд, хажууд нь байх хэрэгтэй. Тэр газар үнэхээр өндөр эрсдэлтэй байсан. Усны ослоор явахад олон хоног усанд байчихсан цогцос загасны мах шиг болчихдог. Хувцаснаас үнэр нь гардаггүй. Манай залуучууд залуу болохоороо ороод л тэврээд гаргаад ирдэг. Залуу учраас л зоригтой байдаг. Өнөөдөр Монгол оронд Онцгой байдлын албан хаагч л янз бүрийн газраас хүний цогцос гаргаж байна. Жорлон дотор жирэмсэн эмэгтэй эхэсээ унагаачихлаа гэхэд манай ажилтнаар гаргуулахаар жорлон руу оруулсан. Үнэнийг хэлэхэд би заримдаа албан хаагчдаа өмөөрөөд уурлаж бухимдах, хэрэлдэх үе их гардаг. Гамшиг осол болчихоод байгаа юм уу, яагаад хариуцсан байгууллага нь шат тавиад орж болдоггүй юм, яагаад заавал Онцгой байдлын албан хаагчийг жорлонгийн нүх рүү оруулах ёстой юм гэж дарга нарт нь уурлаж, дургүй хүрсэн үед хэлэх үгээ хэлдэг. Үнэхээр гамшиг осол болоод давагдашгүй нөхцөл байдалтай тулгарсан үед бид үүргээ гүйцэтгэнэ шүү дээ. Зарим үед би ширүүн үздэг. Манай албан хаагчид, залуу хүмүүст хийморь лундаа гэж байна. Хууль хүчний байгууллагынхан манай ажилчдыг гамшгийн бус нөхцөлд үүрэг гүйцэтгүүлээд өөрсдөө зургийн аппаратаар зургийг нь дараад, хараад зогсчихдог. Сэлэнгэ аймагт таван хүүхдийн усны ослоор ажиллаад гаргаад ирлээ. Тэгсэн хэдэн хууль хяналтынхан зургийг нь дарчихаад “одоо энэ хар уутандаа хийгээдэх” гээд нэг уут аваад манай албан хаагч руу шидэж байна. Тэр үед би хажууд нь байсан. Дүрс гээд уур хүрээд, “юу гэнэ ээ та нар” гээд л босоод ирсэн. “Та нар ажлаа хийгээч” гэж тэдэнд хэлээд явъя гээд хэдэн аврагчдаа аваад явсан. Үндсэн үүргээ бид гамшгийн үед гүйцэтгэж чадна. Чадахгүй ч байсан эцсээ хүртэл мөлхөж байгаад ч болтугай ажиллана. Гэхдээ жирийн үед манай албан хаагчдыг тэгж ажиглахад би туйлын дургүй, айх ч үгүй. Юунаас ч айхгүй. Хууль хүчнийхнээ өмөөрөх ямар байгууллагын хүн байна, тэр надад огт хамаагүй. Би онцгой байдлын байгууллагын нэг эд эс. Аврагчдынхаа нэг эд эс нь би учраас өмөөрдөг. Өмөөрнө.

-Залуусаараа хамгийн их бахархаж байсан үе хэзээ байв?

-Монголын ард түмэн мэдэж байгаа. Малын өвчин гарсан ч манай залуучууд очно. Машины дугуй ариутгаад л зогсож байна. Уг нь энэ ажлыг мал эмнэлгийн салбарынхан хийх ёстой. Постон дээр гарахаар манай хэд гадна талд нь зогсоод л байж байна. Түймэр гарах, хүн алга болох, машин мөргөлдөх, усанд осолдох, зуд болоод өвс тэжээл хүргэж өгөх, машин шаварт суух, цасанд машин суух, үер болох гэх мэт маш олон тохиолдолд манай залуучууд л явдаг. Эд маань зуны амралтгүй шахам гол дагаад завин дээр суугаад урьдчилан сэргийлээд, аврах ажиллагаагаа хийгээд л явдаг. Үүнтэй хэн ч маргахгүй. Дулааны шугамын халуун усанд унаад ялзарчихжээ гэхээр манай албан хаагчид л явдаг. Бүх юманд манайхан л явдаг. Тушаал өгөхөөр гараад л явна. Тайлбар сонсдоггүй. Энэ залуучуудаараа бахархахгүй бол би өөр юугаар бахархах юм бэ. Надад өөр бахархах зүйл байхгүй. Энэ хэдээрээ л бахархдаг.

-Орчин үеийн онцгой байдлын байгууллага үүсч хөгжөөд 19 жил болоход төрийн байгууллагуудаас хамгийн нэр хүндтэй нь. Ард түмний сэтгэл ханамжийн баталгаа болсон ганц байгууллага танайх шүү дээ. 19 жилийн түүхэнд онцгой байдлыг нэр хүндтэй авч явахад залуусын оролцоо маш их байгаа. Та залуучууддаа хандаж үг хэлээч?

-Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газар гурав нэгдээд орчин цагийн Онцгой байдлын байгууллага бий болсон. Тэр шийдэл нь ч зөв байсан. Маш шуурхай, удирдлагын шат дамжлагагүй, хүнд сурталгүй. Дэлхийн бусад улс орон манай улсын тогтолцоог зөв гэдэг. Харин ч Онцгой байдлын асуудал эрхэлсэн яамтай болох хэрэгтэй. Манай хоёр хөрш ийм яамтай болчихлоо. Урд хөрш саяхан ийм яамтай болсон. Дэлхийн улс орон болгон Онцгой байдлын асуудал эрхэлсэн яамтай болсон. Манайх л Засгийн газрын агентлаг гэж яваад байгаа. Залуучууддаа хандаж хэлэхэд, та нартайгаа 28 жилийн амьдралыг хамт тууллаа. Орчин цагийн онцгой байдлын байгууллага байгуулагдаад 19 жил нэг туган дор мөр зэрэгцэж ажиллалаа. Та бүхэн ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа гэдгийг баттай хэлье. Онцгой байдлын албаны 19 жилийн түүхийг мэдэх хүний хувьд хэлэхэд, залуучууд маань л хамаг ачааг үүрээд зүтгэж байгаа. Ард түмнийхээ итгэл найдварыг дааж, улс орныхоо аюулгүй байдлыг хангах манаанд тасралтгүй зогсож, хүндрэл бэрхшээл гарсан ч тайлбар тавихгүйгээр зүтгэж байгаа. Залуучууд минь хичээгээрэй, “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж үг бий. Та бүхний ирээдүй гэрэл гэгээтэй, дардан, хурдны зам шиг байгаа шүү. Хамгийн гол нь хичээх л хэрэгтэй. Хичээгээд үр дүнгээ үзээрэй. Замаасаа битгий няцаарай. Та бүхэнтэйгээ чадахаа хүртэл хамт шүү гэж хэлмээр байна.

С.ОТГОНБАЯР

Ө.АНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *