Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэвдорж: Засгийн газрын тэргүүн “Маскаа сайн зүү” гэж хэлсэн нь л утааны эсрэг хийсэн ганц ажил

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Эрх баригч намын дотоод хагарал УИХ-ын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ байдал цааш хэрхэх бол?

-МАН-ын дотоод хэрүүл Монгол төрийн хэрүүл болж хувирсан. Өнөөдөр зөвхөн УИХ дахь МАН-ын бүлэг хуваагдаагүй. Яам, анентлаг, аймаг сумдад талцал хуваагдал бий болчихсон. Хоёроос дээш гишүүнтэй аймгуудын МАН-ынхан хуваагдчихсан. Хагарлыг бий болгож байгаа улстөрчдийг дагаж аймаг, сумдынхан нь ч хуваагдчихаад байгаа. МАН-ын энэ дотоод зодоон төрийн зовлон болж, УИХ-ыг гацаанд оруулж байна. Үүнийг шийдэх нь МАН-ын асуудал. Бидний хувьд УИХ-ын чуулгандаа сууж, хуралдуулахын төлөө байна. Бид хуулиа биелүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын Дэгийн тухай хуулиар УИХ-ын гишүүн хүндэтгэх шалтгаангүй бол чуулганы хуралдаандаа сууна гэсэн заалт бий. Энэ заалтыг бид биелүүлж байгаа.

Үүсээд буй нөхцөл байдлыг шийдэх гарц нь Үндсэн хуулийн Цэц болчихлоо. Цэц дээр хэд, хэдэн асуудлууд очсон. Тэр асуудлуудыг шийдэхгүй гацаанд оруулах, Монгол төрийг муухай харагдуулах зорилго Цэцэд байна уу гэж харагдаж байна. Тэгэхээр Цэц доторхой шийдвэрүүдийг хурдан гаргах хэрэгтэй. Мөн аль ч талаасаа бодсон МАН дотроо учраа ололцох нь зөв.

-МАН-ын Бага хурлаас УИХ-ын даргыг өөрөө огцрох нь зөв гэсэн зөвлөмж гаргажээ. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Миний хувьд МАН-ын дарга, цэрэг хэн ч байсан бүгдийг нь огцруулах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Бүхий л үед, аль ч оронд улс төрийн сөрөг хүчний хийх ёстой үндсэн эрхүүдийн нэг нь бол эрх баригч хүчнийхээ Засгийн газар болон албан тушаалтнуудыг огцруулах байдаг. Тэр эрхийг минь гуйвуулж эрх баригчдыг дэмжигч болгох гэж зарим хүмүүс яваад байх шиг байна. Тиймээс би МАН-аас У.Хүрэлсүх, М.Энхболд болон ямарваа нэгэн албан тушаалтнуудыг огцруулахаар оруулж ирвэл дэмжиж кнопоо дарах болно. Бүгдийг нь огцруулахад бэлэн байгаа.

АН-ын бүлгээс УИХ-ын даргыг огцрох нь зөв гэсэн байр сууриа илэрхийлсэн. Энэ байр суурь хэвээрээ. 60 тэрбумын асуудал дээрээ тодорхой хэмжээний хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа юм. Энэ болж буй үйл явц хоёр хүн ярилцаж суугаад учраа олж болох хэмжээний асуудал. Нэг намд хамт зүтгэж явсан хэрнээ ингэтлээ хоёр тал руугаа харна гэж байхгүй. Тиймээс хүмүүсийг хооронд нь эвлэрүүлэх ажлыг МАН-ын лидерүүд, тодорхой албан тушаалтнууд хийх ёстой. Улмаар М.Энхболд, ажил хийхгүй байгаа У.Хүрэлсүх гээд төрийн ажлыг гацааж буй хүмүүс огцорч, энэ үйлдлээ зогсоох хэрэгтэй.

МАН-ын Бага хурлаар М.Энхболдыг огцор гэсэн утга бүхий тогтоол гарсан гэж ойлгосон. Тогтоол нь албажиж гараагүй байх шиг байна. Хэрвээ тогтоол нь албажиж гарах юм бол улс төрийн өөр нөхцөл байдлууд дахиад үүсэх байх гэж харж байгаа.

-Тухайлбал?

-МАН төрийн дээр гарч суусан гэсэн үг болно. Тэгэхээр энэ асуудал Үндсэн хуулийн зөрчил рүү очно. Шууд Дээд шүүхэд очих ёстой. Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргасан учраас энэ нам татан буугдах эрхээ бүрэн хангасан явдал болно.

-Энэ үймээний хажуугаар АН-д хагарал үүссэн. Нэг намд зүтгэж явсан хүмүүс ингэтлээ хагаралдаж болохгүй талаар та дээр дурдлаа. Тэгэхээр АН энэ асуудлаа цаашид хэрхэн шийдэх вэ?

-Манай намын Улс төрийн шийдвэр гарсан. Улс төрийн шийдвэрээр Засгийн газрыг огцруулах нь зөв гэсэн зөвлөмжийг бүлэгт ирүүлсэн. Үүний хүрээнд бүлэг шийдвэр гаргаж Засгийн газрыг огцруулах талд нэгдэнэ гэсэн шийдвэр гаргасан. Гэсэн ч АН-ын бүлгийн гурван гишүүн бүлгээсээ эсрэг кноп дарсан. Тийм учраас Улс төрийн намын дүрмийн дагуу хариуцлагаа хүлээсэн юм. Харин М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах асуудал дээр Улс төрийн зөвлөлөөс ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Иймд АН-ын гишүүд бид бүхэн өөр, өөрийн байр сууриар хандаж байгаа. Өөрсдийнхөө эрхийн хүрээнд асуудалд хандаж байна гэсэн үг.

-УИХ-ын гишүүд Л.Болд намын гишүүнээсээ гарахаа мэдэгдсэн. Түүнийг намаас гарсан тохиолдолд АН бүлэггүй болох эрсдэлтэй байгаа. АН-аас Л.Болд гишүүнийг намаасаа албан ёсоор хассан уу?

-Л.Болд гишүүн намын дүрмийн дагуу намынхаа анхан болон дунд шатны байгууллагад гишүүнчлэлээсээ хасагдах тухай өргөдлөө өгөх ёстой. Тэрээр өнөөдрийг хүртэл хасагдах өргөдлөө өгөөгүй. Намын даргад л гишүүнээсээ хасагдах өргөдлөө өгсөн. Энэ бол хүлээн авах субьект нь биш. Тиймээс Л.Болд гишүүн намын дүрмийн дагуу дахин өргөдөл бичиж байгууллагад өгөх хэрэгтэй. Тэр хүртэл намын гишүүнээс хасах тухай эсэх асуудал байхгүй. Тиймээс АН-ын бүлэг хэвээрээ байгаа.

-Ц.Элбэгдорж, М.Энхболд нар МАНАН бүлэглэл, шударга бусын хонгилыг бий болгосон гэж УИХ-ын зарим гишүүд хэлж байгаа. Үнэхээр ийм зүйл байдаг юм уу?

-МАНАН бүлэглэл хэзээ үүссэн, хэн байгуулсан бэ гэдэг асуудал өөрөө харьцангуй ойлголт л доо. Хамгийн анхны эвсэлийн Засгийн газар 2004 онд байгуулагдсан юм. 2008 оны долдугаар сарын 1-ны үр дагаврын хүрээнд дахин эвсэлийн Засгийн газар байгуулагдсан. Түүнээс хойш ч хэд хэдэн удаа байгуулагдсан байдаг. Энэ бүхэнд манай намын лидерүүд өөрсдөө явж очиж орцгоосон.

Энэ хүмүүсийг МАНАН гэж ойлгож байгаа. Цаашдаа АН аливаа асуудалд бие даасан байдлаар хандах хэрэгтэй. Эрх барьж байгаа бол эрх баригч шиг дангаараа байх, сөрөг хүчин бол мөн л үүргээ гүйцэтгэж ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна.

-Мөн Л.Оюун-Эрдэнэ гишүүн төрийн томоохон албан тушаалтнууд Сингапурт очиж бүхий л хуйвалдаанаа зохиодог гэж ярьсан. Таны хувьд УИХ-ын гишүүн болсноосоо хойш энэ яриад буй шударга бус зүйлтэй нүүр тулж байв уу?

-Би 2016 оны долдугаар сарын 1-ний өдөр анхны чуулгандаа орсон. Тэр өдрөөс эхлээд л би 60 тэрбумын асуудал буюу хууль бус томилгооны талаар шүүмжлэлтэй хандаж эхэлсэн. Мөн бүтэн нэг жилийн турш М.Энхболд гэдэг хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч болгохгүйн төлөө тэмцсэн. Тэр үед надад шүүмжлэлээ зогсоо гэсэн зүйл ирж байгаагүй. М.Энхболд гэдэг хүн Ерөнхийлөгч болж чадаагүй. Тэр үеэс хойш энэ хүн улс төрийн карьерийн хувьд уналтын байдалд орсон гэж хэлж болно. Энэ үед нь хойноос нь өшиглөж байгаа хүмүүс маш олон байна. Шүүмжлэх асуудал бол бий. 60 тэрбум байсан зүйл. Энэ схемийн хүрээнд АН-ыг дэмждэг 30 гаруй мянган төрийн албан хаагч ажлаасаа халагдсан. Энэ хүмүүсийн эрхийн төлөө, тэдгээрийг ажилгүй болгосных нь төлөө би МАН-тай байнга тэмцэнэ, шүүмжилнэ.

-УИХ-ын чуулганы хуралдаан зургаа дахь удаагаа хойшиллоо. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам эзэнгүй байсаар байна. Энэ байдал хэдийд төгсгөл болж төрийн ажил урагшлах бол?

-Өвөлжилт хүндэрч байгаа энэ үед ХХААХҮ-ийн яамыг удирдлагатай болгох ажил хамгийн чухал. Үүний ард олон мянган малчин иргэд, өрх айлууд хохирох хэмжээнд хүрчихээд байна. Мөн оноос өмнө УИХ хуралдаж Алтны тухай хуулийг зайлшгүй хэлэлцэх шаардлагатай. Энэ хуулийг хэлэлцэхгүй бол он гараад алтны нөөц ашигласны төлбөр болох 2.5 хувь тэг болно. Энэ татвар тэг болох юм бол маш олон сөрөг үр дагаврууд гарна. Нэгдүгээрт, оны эцсээр алтаа тушаах гэж байсан компаниуд ирэх онд татваргүй болохоор нь тушаахыг эрмэлзэнэ. Татвараас хуулийн дагуу зугтах боломжийг олгож байгаа юм. Хоёрдугаарт, алтны татвар 2.5 хувиараа байвал ирэх онд бид 50 тэрбум, таван хувь байвал 100 тэрбум төгрөгийн орлого олно. Алтны тухай хуулийг бид оноос өмнө хэлэлцэж чадахгүй бол энэ орлогоосоо татгалзаж байгаа явдал болно.

-Өнөө жил Засгийн газраас утаа бууруулахын эсрэг ямар ажил хийсэн бэ?

-Шинэ Засгийн газар утааг бууруулахын тулд нэг ч зүйл хийгээгүй. 54 тэрбум төгрөгөөр яндангийн шүүлтүүр авч өгөх тухай асуудал ярьсан. Харамсалтай нь энэ нь нийгмийн хүчтэй шүүмжлэлд өртсөн. Дээрээс нь Засгийн газар эрчим хүчний тооцооллоо буруу хийсэн. Нэг шүүлтүүр гурван кВт.цаг эрчим хүч хэрэглэх юм. 100 мянган янданг цагт гурван кВт-аар хангах боломж манай өнөөдрийн эрчим хүчний системд байхгүй. Хэрвээ үүнийг ашиглаад эхлэх юм бол өнгөрсөн намрынх шиг тэг зогсолт хот даяар бий болно. Өвлийн хүйтэнд тэг зогсолт болох юм бол хот нийтээрээ хөлдөнө. Тэд тооцооллоо буруу хийсэн байна гэдгээ хамгийн сүүлд нь мэдсэн. Үүнийгээ хаацайлахын тулд “Олон нийтийн шүүмжлэлд өртсөн учир шүүлтүүрийн асуудлаа зогсоосон” гэж байгаа. Үүний дараа найман тэрбум төгрөгөөр хүүхэд, эмэгтэйчүүдийг цэвэр агаарт гаргах тухай ярилаа. Мөн л шүүмжлэлтэй тулгарснаар энэ асуудал зогссон. Үүнээс өөр ямар ч ажил хийсэнгүй. Харин Засгийн газрын тэргүүн нь “Маскаа сайн зүү” гэж хэлсэн л утааны эсрэг хийсэн ганц ажил нь болж байх шиг байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *