УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.
-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал орж ирэхэд та сөрөг хүчний гишүүний үүргээ гүйцэтгэж хатуухан үг хэлсэн. Гэхдээ УИХ-ын дарга таны үгийг тасалсан учраас иргэд таны үгийг бүрэн эхээр нь сонсож чадсангүй. Та уншигчдадаа дахин хэлж өгөхгүй юү?
-У.Хүрэлсүх анхдугаар чуулганы хуралдааны үеэр “Хар жагсаалтад орсон, эдийн засаг элгээрээ мөлхсөн улс орныг бид бүхэн хүлээж авлаа” гэж хэлж байна. Энэ хүн Засгийн газартаа ажиллаж байсан тодорхой сайд нарыг өөгшүүлж, өнгөрсөн хугацаанд маш их будлиантай зүйлүүдийг хийсэн. Өөрөөр хэлбэл, энэ хүн сайд нартаа хариуцлага тооцоогүй. Хэрвээ алдаа гаргасан, ард түмний эсрэг үйл ажиллагаа явуулсан хэн нэгэн сайдад хариуцлага тооцчих юм бол өөрийнх нь Засгийн газар уначих эрсдэлтэй байсан. Тиймдээ ч сайд нар нь дураараа дургисан хэрэг. Би тодорхой сайд нарын алдаа мадагтай зүйлүүдийн талаар чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн. Тухайлбал, хэд хэдэн цэрэг нас барчихаад байхад Батлан хамгаалахын сайд нь ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй, огцроогүй. Гадаад харилцааны сайд жолоочоороо хүртэл хар тамхи тээвэрлүүлээд Монгол Улсыг Европын хар жагсаалтад оруулсан. Сангийн сайд төсвийн үрэлгэн байдалтай эвлэрсэн. Хууль зүйн сайд ч мөн адил хариуцлага алдсан. Хуулиар хулгай хийх явдал хэтэрсэн. Хөөн хэлэлцэх хугацаагаар 1500 гаруй гэмт хэрэгтэн бидний дунд ял зэмгүй явж байна. Хөөн хэлэлцэх хугацааг зассан гэсэн боловч өнөөдрийг хүртэл шүүхээс ял авсан хүн нэг ширхэг ч байхгүй. Зөрчлийн тухай хуулиас болж 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш нэг сая 400 мянган иргэн 500 тэрбум төгрөгөөр торгуулчихаад байна. Үүнийг Монгол Улсын иргэн бүрт хуваагаад үзэхэд өлгийтэй хүүхэд гэлтгүй 150 мянган төгрөгөөр торгуульчихаад байгаа юм. Ийм хатуу хуулиар ард түмнээ гэсгээдэг Хууль зүйн сайдтай байсан. Зам тээврийн сайд нь зам тавьдаг бус хуулдаг. Ямар ард түмэн гэхээрээ тэр хүнийг УИХ-ын гишүүн болгоод гаргаад ирдэг байна аа. Уул уурхайн салбарын тухайд өнгөрсөн дөрвөн жилд 3000 гаруй лиценз олгогджээ. Мөн хуурамч бензиний асуудлыг удаа дараа хөндсөөр байхад сайд нь огт тэмцээгүй, тэмцдэггүй. Хөдөө аж ахуйн сайд нь л гэхэд салбарынхаа эсрэг ажилласан. Үр тариагаа дотооддоо тарьж хэрэгцээгээ хангадаг байсан бол гаднаас авдаг болсон. Малчдын эсрэг ажиллаж 100 мянган төгрөг байсан ноолуурын үнийг 50 мянган төгрөг болгосон.
Арьс 5000 төгрөгийн ханштай байсныг 500 төгрөг болгосон. Ноос 4000 төгрөгийн үнэтэй байсан бол мөн л 500 төгрөг болсон. Малын үнийг бог тутамд 40-50, бод тутамд 200 мянган төгрөгөөр бууруулсан. Эрчим хүчний сайд нар, салхины цахилгаан станц барих хүсэлт тавьсан компаниудаас 10 хувийн ашиг нэхэж, зөвшөөрлийг нь өгдөггүй. Тийм учраас энэ салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хоёроос гурван жилээр тасарсан. Дээрээс нь таван удаа цахилгааны үнэ нэмж ард иргэдийн халаасыг хоосолсон. Сайд нар нь ийм алдаа гаргасан. Гэтэл ард иргэд У.Хүрэлсүхийг маш их хариуцлага тооцдог, шудрага ёсны төлөө тэмцэх Ерөнхий сайд гэж итгэдэг. Харамсалтай нь танхим дотор нь ийм хүмүүс байдаг. Миний хувьд цаашдаа ийм хүмүүсийг битгий сайдаар томилооч ээ, хариуцлага тооцож чадах хүмүүс ээ сайд болгооч ээ гэдгийг л хэлэх гэж байв. Мөн хамгийн гол нь ард түмний амьдралыг сайжруулах, иргэдийн амьжиргааг өндөр түвшинд гаргах, ажлынхаа ард гарч чаддаг сайд нарыг томилоорой гэж захих гэж байсан. Харамсалтай нь УИХ-ын дарга МАН-ын даргын шаардсаны дагуу миний микрофоныг хаасан.
-Нэг талаараа эрх баригчдыг шүүмжлэлээс эмээж байна гэж харж болох уу?
-Микрофоныг минь хаах бүрт би ялж байна гэсэн үг. Тэр албан тушаалтнуудын үнэнийг нь хэлсэн учир айж, ичиж, үүнийг олон түмэнд хүргэчих вий гэдгээс болгоомжилж миний микрофоныг хаасан хэрэг. Миний үг зөв байсан нь, гүтгэлэг биш болох нь үүгээр харагдаж байгаа юм.
Миний микрофоныг хаасны дараа Ерөнхий сайд надад хандан “Томоотой байгаарай” гэж заналхийлсэн маягтай хэлж байна лээ. Зургадугаар сарын 24-нд ялалт байгуулснаас нь хойш бүх хүн түүнийг бялдуучилж, долоож байгаа. Тиймдээ ч тэр хүн амьдралаас тасарчихсан байна. Болсон бүх процессийг дурдсан шүүмжлэлийг хүлээж авахгүйгээр ийм байдлаар асуудалд хандаж байгаа нь үүнийг илтгэж байгаа юм. Бид цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг даван туулж, ард иргэдийнхээ амьжиргааг дордуулахгүй байх асуудалд хамтдаа анхаарч, ярилцаж, хэлэлцэх ёстой. Би УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайдад хандан “Эдийн засгийн хэд хэдэн асуудлаар асуулт тавьж. Шинэ бүрэлдэх Засгийн газар ажлаа хэрхэн хийхийг харна, санал, зөвлөгөөгөө өгнө. Аль болох шүүмжлэхгүй байдлаас хандана” гэж хэлсэн. Сүүлд ч тэр алдаа гаргадаг сайд нарыг битгий тавиарай гэж зөвлөх гэж байсан. Харин үүнийг шүүмжлэл гэж хүлээж авах шиг боллоо.
-Эдийн засагт үүсээд буй хүндрэлийг хэрхэн, яаж даван туулах нь зөв юм бэ?
-Ирэх хоёр жилийн хугацаанд эдийн засгийн хямрал Монголд маш хүнд нөхцөл байдлыг бий болгоно. Тийм учраас аль болох төрийн тансаглалыг багасгаж, татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй зарцуулж, эдийн засгийн гол ажиллах хүчний салбарыг авч явдаг жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, тэдний ажлын байрыг хорогдуулахгүй байх арга хэмжээ авах хэрэгтэй. Тэр тохиолдолд бид хоёр гараа өргөөд дэмжих боломжтой. Гагцхүү Засгийн газар мэргэжлийн сайд нараас бүрдэж байж энэ зөв бодлогыг хэрэгжүүлж чадна.
-Чадвартай, мэргэжлийн Засгийн газар бүрдэж чадах уу. Ерөнхий сайд тийм томилгоог хийж чадах болов уу?
-Хэн намдаа өндөр санал, олон суудал авчирсан бэ гэдэг шалгуураар шууд намын томилгоо хийгдэх нөхцөл байдалтай байгаа. Ерөнхий сайдаас гадна МАН-ын 61 гишүүн нь өөрсдийнхөө нэр хүнд, хөрөнгө мөнгөөрөө энэ сонгуульд оролцож, ялалт байгуулан гарч ирсэн. Гэтэл 62 дахь нөхөр болох У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдийнхээ хүчээр Ерөнхий сайд болчихоод буцаад Засгийн газрынхаа бүтцийг нэгнээр нь ч асуухгүйгээр шахуу оруулж ирж байна. Засгийн газрын бүтцийг батлах энэ ажилд бүлгийнхээ саналыг тодорхой хэмжээгээр авч, оролцоог бий болгож байж шийдэх ёстой байсан. Ийм байдлаар яваагүй гэдэг нь Засгийн газрын бүтэц хэлэлцэж байх үеэр харагдсан.
УИХ-ын маш олон гишүүн Засгийн газрын бүтэц дээр асуулт асууж, хариулт авч байна лээ. Бүлгээрээ энэ асуудлыг ярилцсан бол ийм олон гишүүн асуухгүй, санал хэлэхгүй байсан. Ер нь бол МАН дотор нэг хүний дарангуйлал илт бий болоод эхэлчихжээ. Эртнээс энэ хүнээ хазаарлаж, асуудалд бодитой хандахгүй бол болохгүй нь ээ гэдэг нь харагдаж байна. МАН-ын гишүүдэд зөвлөхөд өөрсдөө тодорхой хэмжээгээр оролцож, саналаа хэлж, иргэдээс авсан захиас даалгавараа төрийн бодлогодоо тусгаад явах хэрэгтэй.
–Энэ удаагийн сонгууль таныхаар ямархуу байр байдалтай болов?
-Хоёр намын сонгуульд оролцсон байдал хөрөнгө мөнгө, хүн хүч, төрийн машиныг ажиллуулсан ялгаагаараа ч тэр өөр байлаа, харьцангуй хүнд сонгууль боллоо.
МАН төрийн албан хаагчдыг дээрээс нь төрийн бүх мөнгийг сонгуульдаа ашигласан. Тэд Төрийн санг хоосортол сонгууль хийлээ. Үүний эсрэг АН байгаа боломжоороо л зүтгэж, аливаа нэг олигархын халаасанд орохгүйгээр УИХ-д нэр дэвшиж байгаа хүмүүсийнхээ тодорхой хэмжээний хандиваар сонгуульд оролцлоо. Энэ сонгууль дэндүү шудрага бус болсон.
Цаашдаа нэг зүйлийг анхааруулахад төрийн мөнгийг, төрийн албан хаагчдыг сонгуульд оролцуулсны хариуцлага тодорхой хугацааны дараа ирнэ. Тэр үед нь бид хатуу хариуцлага тооцох болно.
-Ардчилсан намын даргын сунгаа эхэллээ. Энэ намд шинэчлэгдэх шаардлага тулгарч байгааг улс төрийн хүрээнийхэн, дэмжигчид нь ч хэлж байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Бид Ардчилсан намын нэрээр төрийн өндөр албан тушаалд олон жил суусан, өнөөдөр нэр хүндгүй болсон хүмүүсээс тодорхой хэмжээгээр салж байгаа. Энэ хүмүүс Ардчилсан намд хувалз мэт байж, энэ намын нэрээр төрийн өндөр албан тушаалд томилогдож, сорчилж амьдарсан. Энэ нь ард иргэдийн дургүйцлийг хүргэсэн. 2020 оны сонгуулиар бид энэхүү хэсэг бүлэг хүмүүсээсээ салсан. АН 2024 онд илүү шинэ дүр төрхтэй, шинэ залуу боловсон хүчинтэй нам болж төлөвших цаг эхэлж байна. Тэр ч утгаараа намын даргаараа хамгийн зөв хүнийг сонгох ёстой.
-Намын даргын сунгаа албан ёсоор эхэлж байна. Ардчилсан намын хэд хэдэн гишүүд нэрээ дэвшүүлэхээр мэдэгджээ…
-2017 онд болсон Ардчилсан намын сунгаанд таван хүн оролцсон. Тэр таван хүнээс С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат дарга нар УИХ-ын сонгуульд уначихлаа. Л.Гантөмөрийгөө сонгуульд нэр дэвшүүлсэнчгүй хассан. Н.Алтанхуяг намаас хөөгдөж бие даалаа, Ж.Батзандан өөр нам руу явлаа.
Ингээд харахаар намын даргын сунгааг тун бодолцож хийх ёстой байгаа юм. Үүнээс болж нам хагардаг, гишүүд хуваагддаг, гишүүдийн хуваагдал намыг цул байх боломжийг хаадаг сөрөг үр дагавартай. Нөгөөтэйгүүр намын даргын сунгаа нь нэр дэвшсэн хүмүүстээ маш халтай болох нь харагдаж байгаа юм.