МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Б.Пүрэвдагватай ярилцлаа.
-МАН “XXI зууны улс төрийн намын хөгжил-массын намаас бодлогын нам руу” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Уг хурлыг гардан зохион байгуулсан хүний хувьд шинэ зууны улс төрийн нам ямар байх ёстой гэж бодож байгаа вэ?
-Юуны өмнө хэдэн мэдээлэл өгье гэж бодлоо. МАН хэд хоногийн өмнө 97 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Нам цаашдын зорилтын хүрээнд төлөвлөгөө гаргасан. Намын 28 дугаар Их хурлаас бүрдсэн намын удирдлагууд өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Удирдах зөвлөлөө хуралдуулж Намын шинэчлэл хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хүрээнд таны асуусан эрдэм шинжилгээний хурал боллоо. Уг хурлын хүрээнд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулга хийсэн. XXI дүгээр зууны улс төрийн нам ямар байх вэ гэдэг дээр хэд хэдэн зүйлийг тодорхойлж болно. Өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулиар 100 гаруй мянган иргэн цагаан хуудсаар санал өгч аль ч намын нэр дэвшигчийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Энэ нь ялангуяа улс төрийн намуудад том мессэж өгсөн л дөө. Улс төрийн намууд өөрчлөлт шинэчлэлт хийх цаг нь болсон байна гэдгийн хамгийн том хатуу сануулга энэ байлаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх “Монгол Улс хөгжихгүй байгаа, өнгөрсөн 20 гаруй жилд улс орон хөгжөөгүй нь монголчуудаас шалтгаалсан юм биш. Өнгөрсөн 20 гаруй жил улсыг удирдсан улстөрчид, улс төрийн намуудын харалган бодлогын үр дүн” гэж хэлж байсан. Өнөөдөр улс төрийн нам зайлшгүй шинэчлэгдэх шаардлагатай болсон. Тэр утгаараа Намын шинэчлэл хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж байгаа юм.
МАН 2018 оныг намын анхан шатны байгууллагаа бэхжүүлэх жил болгон зарласан. Энэ үйл явц МАН-д хамаатай бус Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 28 намд хамаатай. МАН шинэчлэгдлээ гээд энэ систем бүрэн шинэчлэгдэнэ гэж байхгүй.
-Улс төрийн намын үйл ажиллагааны чиглэл энэ зуунд хаашаа чиглэх ёстой вэ. Манайд байгаа дүр зураг бол нам нэрээр мөнгөжих, эрх мэдэл албан тушаалын төлөөх тавагтай хоол мэт төсөөлөөд байна л даа…
-XXI зууны улс төрийн намуудын шинэчлэл явцуу эрх ашиг, хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлоос ангид байж бодлогын нам болоход чиглэгдэж байна. Бодлогын нам гэдэг бол бодлого боловсруулах институци. Германд гэхэд таван давхар том байшинд улс төрийн ажилтан есхөн хүн ажилладаг. Бусад хүмүүс нь судалгаа, шинжилгээ хийдэг. Тэндээ бодлого боловсруулж, дүн шинжилгээ хийж, зөвлөгөө өгч, хариуцлагын асуудлыг хөндөж байна. Намаа санхүүжүүлэх түвшинд хүрсэн тинк танкууд байдаг.
Манай улс төрийн намууд сонгуулийн дөрвөн жилийн циклиэр бодлого боловсруулах бус алсын хараатай бодлогоо шинжлэх ухаанд суурилуулан гаргаж ирэх бодлогын нам болох ёстой.
-МАН 200 мянган гишүүнтэй, АН 180 гишүүнтэй хэмээн гишүүнчлэлээрээ уралддаг. Улс төрийн намууд гишүүнчлэлдээ анхаарах ёстой юм уу. Хатуу гишүүнчлэлийг эсэргүүцдэг хүмүүс цөөнгүй бий?
-Олон улсад байгаа улс төрийн намуудыг харж байхад нэг хэсэг нь хатуу гишүүнчлэлтэй байхыг дэмждэг бол нөгөө хэсэг нь хатуу гишүүнчлэлгүй явдаг. Бодлогын нам болохын эхний том алхам нь хатуу гишүүнчлэлээс татгалзах явдал л даа. Монгол Улсын тухайд хатуу гишүүнчлэлээс татгалзах хөрс суурь нь хараахан бий болоогүй байна. Бид ардчилалд шилжээд 28 жил болж байгаа. Энэ том суурь шинэчлэлийг хийхэд цаг нь болоогүй. Цаашдаа хатуу гишүүнчлэлээс татгалзах тухай асуудал яригдах нь дамжиггүй. Өнөөдөр бэлэн биш байна.
-Эрдэмтэд улс төрийн намуудын тухайд ямар байр суурийг түлхүү илэрхийлсэн бэ. Ер нь бол улс төрийн намуудыг шүүмжлэх нь элбэг байдаг л даа…
-Судлаачдын илтгэлийг харахад шүүмжилж байгаа байр суурь байгаа бол нөгөө талдаа сайшааж буй зүйлс ч байна. Ялангуяа намын санхүүжилттэй холбоотой асуудал дээр өмнө нь явж ирсэн зарчмыг хатуу шүүмжилж байсан. Улс төрийн намын санхүүжилт ил тод биш байгаа нь иргэдийг эргэлзэхэд хүргэдэг. Магадгүй бохир мөнгө эргүүлдэг гэдэг хардлагыг бий болгосон нь үнэн. Цаашид МАН уг санаачилгыг гартаа авч санхүүжилт дээрээ ил тод нээлттэй байхаар бодлого боловсруулахаар ажиллаж байна.
-Намын санхүүжилийг хэрхэн шийдэх ёстой юм бэ. Гишүүнчлэлийн татвараар мэдээж хангалттай санхүүжилт босгож чадахгүй. Сонгуулиар нэр дэвшигчээсээ татвар авах эсхүл бүлэглэлүүд, бизнесийнхнээс дэмжлэг аваад явцгаах юм уу. Эсвэл төрөөс санхүүжүүлэх нь зөв үү?
-2005 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулийг өнөөдөр бид мөрдөж байна. Уг хуулинд дөрвөн удаагийн шинэчилсэн найруулга хийсэн. Хувь хүн нэг сая, аж ахуйн нэгж гурван сая төгрөгийн хандивыг жилд нэг удаа өгч болно гээд заачихсан. Санхүүжилтийн асуудал өнөөдрийг хүртэл маргаантай явж ирсэн нь улс төрийн намууд Улс төрийн намын тухай хуулиа дагаж мөрдөж ирээгүйтэй холбоотой.
Түүнчлэн өнөөдөр мөрдөгдөж буй Улс төрийн намын тухай хууль энэ цаг үед нийцэхээргүй алдаатай гарсан нь харагддаг. Төрөөс нэг саналыг 1000 төгрөгөөр үнэлж, нэг суудлыг 10 сая төгрөгөөр бодож улс төрийн намд жилд нэг удаагийн санхүүжилт олгодог. Барууны орнуудад улс төрийн намууд дэмжлэг, хандиваар явдаг. Намын дотоод санхүүжилтийг бид ил болгож байж одоо яригдаж буй энэ бүх асуудлуудаас ангижрана. Удахгүй хэлэлцэгдэх Улс төрийн намын тухай хуулиар энэ бүх асуудал тодорхой болох байх. Уг хуулийн шинэчилсэн найруулгыг хийж буй ажлын хэсэг ч гэсэн мөн адил энэ тал дээр түлхүү анхаарч ажиллаж байгаа гэсэн. Цаашид барууны орнууды жишгийг даган хоёр намын системтэй явах юм уу, олон намын системтэй байх юм уу гэдгээ сонгох зайлшгүй шаардлагатай. Манай орны хувьд одоо олон намын системтэй явж байгаа. Гэсэн ч санхүүжилтийн системтэй холбоотойгоор цөөн нам үлдэх, бусад намуудын тухайд хааж, нээх гээд олон асуудал хөндөгдөж байгаа юм. Тиймээс энэ шинэчилсэн найруулга улс төр судлаачид, улс төрийн намд ажиллаж буй бидний залуусын хувьд уг хууль ихээхэн итгэл найдвар төрүүлж байгаа гэдгийг хэлье.
-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг гишүүд дэмжих болов уу?
-Эхний ээлжинд гэхэд 800 хүний гарын үсэг, иргэний үнэмлэхээр баталгаажуулаад улс төрийн нам байгуулаад явах нь зөв үү, буруу юу. Олон нам байх нь зөв үү, намуудын чанарыг яаж дээшлүүлэх вэ, санхүүжилт, гишүүнчлэлийг хатуу байлгах уу гэдгээс эхлээд олон зүйлд хариулт өгөх гол суурь нь Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болчихоод байна. Парламентад үнэмлэхүй олонхын суудал авсан МАН-ын гишүүдийн хувьд уг хуулинд дорвитой өөрчлөлт оруулъя гэсэн хүсэл зорилго бий.
Улс төрийн намын тухай хууль Монголын Улс төрийн амьдралыг зохицуулах эцэг хууль гэж хэлж болно.
-Хоёр жилийн өмнө Ардчилсан нам “Фракцийн бус бодлогын нам байя” гэсэн уриатай хэлэлцүүлэг хийгдэж байсан. Энэ удаа МАН “Массын намаас бодлогын нам руу” уриатай явж эхэллээ. Хоёр намын нэг чиг нь бодлогын нам болох юм байна. Гэсэн ч баруун, зүүний үзэлтэй хоёр өөр нам өнөөдөр бодлого, зарчимаараа ялгарах зүйлгүй болчихлоо л доо. Бодлогын нам болно гэхээр гоё сонсогдож байна л даа. Хэзээ бодлогын нам болох юм…
-Үүнд цаг хугацаа зааж хэлэх хэцүү. Намуудын удирдлагуудын эр зориг, хэр их хүчин чармайлт гаргахаас шалтгаална. Бодлогын томоохон суурь шинэчлэл өнөө, маргаашдаа шийдэгдээд явчихдаг юм биш. Цаг хугацаа шаардсан ажил.